Халдвар авсан сурагчдаас ЭЕШ авах эсэх нь тодорхойгүй байна
Сүүлийн өдрүүдэд Ковид-19 халдвар авсан хүмүүсийн тал хувийг хүүхдүүд эзэлж байгааг ЭМЯ-аас өдөр бүр мэдээлж байгаа. Тэгвэл ЭЕШ дөхсөн эдгээр өдрүүдэд халдвар авсан болон халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд хэрхэн шалгалтаа өгөх талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодруулахад "ЭЕШ-ыг зохион байгуулах байранд эмч ажиллана. Хүүхдүүдээс асуумж авч, биеийн байдлыг нь үнэлэн шалгалтад оруулна. Зарим хүүхдэд халдварын шинж тэмдэг илэрвэл шалгалтын байруудад тусгайлан бэлдсэн тусгаарлах байранд оруулж, шалгалтыг зохион байгуулна. Шалгалт дууссаны дараа холбогдох эрүүл мэндийн байгууллагад хандах юм.
Харин ковид-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө эдгэрсэн бичгээ авч, үзүүлээд шалгалтад орно.
Халдвар авсан, ойрын хавьтал болсон, тусгаарлалтад байгаа сурагчдаас хэрхэн шалгалт авах, ямар зохицуулалт хийх тухай одоохондоо албан шийдвэр гараагүй байна. ЭМЯ-наас энэ талаарх зөвлөмж, чиглэлийг ойрын хугацаанд өгнө" хэмээлээ.