ШУТИС-ийн удирдлагууд зөвшөөрөл өгч, сургуулийн газруудыг бусдад шилжүүлсэн нөхцөл тогтоогджээ
ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийн барилгыг буулгаж, Боловсролын үнэлгээ, мэдээллийн төвийн шинэ байр барих гэж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан тодруулга мэдээлэл өглөө.
Тэрээр “ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр албан ёсоор цуцлагдсан. Энэ нь 2021 оны улсын төсөвт суусан Үндэсний боловсролын хүрээлэн барих ёстой 15 тэрбум төгрөгийн асуудалд маш том эрсдэл үүсч байна гэсэн үг. ШУТИС-ийн удирдлагууд зөвшөөрөл өгч, өөрийнхөө сургуулийн газруудыг бусдад шилжүүлсэн нөхцөл тогтоогдож байна. БШУЯ-ны Ажлын хэсэг ажиллаж байна.
Улсын хэмжээнд цэцэрлэг, их, дээд сургуулиудын болон алдагдсан газруудын тооллогыг хийхэд, маш их газар хулгайлагдсан, алдагдсан, бусдад шилжүүлсэн нь тогтоогдож байгаа. Удахгүй Ажлын хэсгийн тайланг дэлгэрэнгүй танилцуулна. Түр хорооныхон барилга барьж өгөх гэж буй яамтайгаа биш, газраа бусдад шилжүүлсэн удирдлагуудтайгаа тэмцэх ёстой” гэв.