Сурагчдын амралтыг наашлуулж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцаллаа
Цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш цахим болон теле хичээл үзэж байгаа билээ. Гэвч хүүхдүүдийн дунд шинж тэмдэггүй халдварын тоо ихэсч байгаа тул Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болсон таатай мэдээ байна.
Сурагчдын амралт энэ сарын 14-нөөс эхэлж, наймдугаар сарын 15-наас хичээллэнэ
Тодруулбал,
- Ерөнхий боловсролын сургуулийн нэгээс гуравдугаар ангийн сурагчдыг маргааш хичээлээд тавдугаар сарын 10-наас,
- Дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс,
- Арванхоёрдугаар анги энэ сарын 14-нөөс мөн амарч, элсэлтийн ерөнхий шалтгалтын давтлагад хамрагдах юм байна.
Харин есдүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой.
Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулах юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт зарлана.
Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247,040 хүүхэд, ЕБС-д 680,837 хүүхэд суралцаж байна.
Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.
Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно хэмээн БШУЯ-наас мэдээллээ.