Т.НЯМ-ОЧИР: Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19,900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдаад байна. Үлдсэн найман аймаг энэ өдрүүдэд сургалтаа зохион байгуулж байгаа.
Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймгийн нийт 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийн элсэлт 54, нийслэлийнх 60 хувьтай үргэлжилж байгаа. Наймдугаар сарын 28-н гэхэд элсэлтийн ажил дуусч, эцсийн дүн мэдээ гарна.
Багшийн сул орон тооны мэдээллийг зургаадугаар сард нэгтгэсэн. Одоогийн байдлаар 3,069 багшийн сул орон тоо байгаа бөгөөд сонгон шалгаруулалт хийгдэж байна.
Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нийт сургуулиудын 89 хувь нь нэгээс хоёр удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Есдүгээр сарын 1-н гэхэд гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг хийж, хичээл эхлэх бэлэн байдлыг хангана.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. " гэлээ.