Ж.Мягмар: 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдана. 2 настнуудыг элсүүлэхгүй.
2020-2021 оны хичээлийн жилийг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар "2020-2021 оны хичээлийн жилд 309,700 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа. Үүнээс 77,235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Энэ насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргахад биеийн онцлогийг анхаарсан. 0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Ингээд хичээлийн жилийн хугацаанд нийт хоёр настнуудын 60-70 хувь нь халдварт өвчнөөр өвддөг.
Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийн тооноос харахад 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой байна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно. Энэ шийдвэрийг аравдугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ.
Жилд дунджаар 48,000 хоёр настан цэцэрлэгт хамрагддаг бөгөөд энэ жил хоёр настнуудыг хамруулахгүйгээр 3, 4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ. Цэцэрлэгийн бүртгэл өмнөх жилтэй адил цахимаар явж, эцэг эхчүүдэд зурвасаар хариу очно." гэв.









