ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг сургуулийн захиргаанаас авна
Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөж, их, дээд сургуульд элсэгчдээс авдаг ЭЕШ энэ сарын 2-5-нд улсын хэмжээнд явагдан өчигдөр өндөрлөж байна.
Шалгалтын дүнг шалгалт авсан өдөр тэр дор нь гаргаж буйг БСШУСЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авах аж. Харин аймаг, орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авах юм.
Батламж хуудас шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.
Түүнээс гадна Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс ЭЕШ-ын оноо тооцоолох аргачлалыг танилцууллаа. ЭЕШ-д шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн 4 үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг байна.
Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.
Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсээр (хэмжээсжүүлж) үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.
Проценталь оноо нь ЭЕШ өгөгч сурагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтын хэд дүгээрт байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98.2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1.8 хувь байна гэсэн үг юм.
Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ юм. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмждэг байна.
Тиймээс багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эх, шалгуулагч сурагчид ЭЕШ-ын дүн онооны аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://eec.mn/article284 холбоосоор нэвтэрч үзэж болох нь.