“Монгол хэл, бичгийн шалгалтаа давж чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй“
2020 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд эхэллээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, захирал Ж.Ган-Эрдэнэ мэдээлэл өглөө.
"Элсэлтийн ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна"
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Элсэлтийн ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 28-нд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана.
Энэ хоёр шалгалтын хуваарийг өмнөх оны төгсөгчид ялгаагүйн улмаас Монгол хэл бичгийн шалгалтынхаа бүртгэлээс хоцорсон тохиолдол олон бий.
Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн жилээс босго оноотой болсон. Хэрвээ Монгол хэл, бичгийн шалгалтаа давж чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй зохицуулалттай.
Урьдчилсан байдлаар Монгол хэл, бичгийн шалгалтад 32,000 шалгуулагч орно гэж тооцоолон, улсын хэмжээнд 50 шалгалтын төвийг бэлтгэх ажлын хангаж байна" гэв.
БҮТ-ийн дарга Л.Ганбат "Бүртгэлийн хугацааг сунгах, багасгахгүй. Шалгуулагч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах талаараа шийдвэрээ гаргасан болон ингэхийн тулд ямар шалгалтууд өгөх талаараа өөрсдөө ойлголттой байх ёстой. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгсөн байх ёстой.
Бүртгэл хуучин зарчмын дагуу хийгдэнэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ЭЕШ өгөх сурагчдад зориулсан заавар, зөвлөгөөг онлайнаар хүргэх ажлыг системтэйгээр хүргэнэ.
Бүртгэлтэй холбоотойгоор шалгуулагч 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. Зарим удирдлага, багш хүүхдийн эрхийг зөрчиж шалгалт өгөх хичээлийн шаардлагыг тулгадаг. Тухайн хүүхэд өөрийн хүссэн хичээлээрээ шалгалтаа өгөх эрхтэй. Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байсан.
Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Харин бүх шалгуулагчаас авах Монгол хэлбичгийн шалгалт хураамжгүй." гэв.