Ж.Ган-Отгон: Хүүхдийн хүмүүжлийн 60-70 хувь нь гурван нас хүрэхээс өмнө төлөвшдөг
Боловсролын салбарт ЕБС-иудыг орон тооны сэтгэл зүйчтэй болгох тухай ярьж буй. Тиймээс энэ удаа МУИС-ийн докторант, сэтгэл судлаач Ж.Ган-Отгонтой боловсролын салбарт хичээл сургалтаар дамжуулан хүүхдийн сэтгэлзүйг яаж хөгжүүлэх вэ, хэрхэн чиглүүлэх боломжтой вэ гэсэн сэдвээр ярилцлаа.
-Өнөөдөр Монголын нийгэмд гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Үүнээс болж хүүхдүүд хохирсоор байгааг бид олон тоон мэдээллээс харж болно. Мөн өсвөр насныхан дунд хүртэл гэмт хэргийн хохирогч болох үзэгдэл гарсаар байна. Үүнийг бид яаж засч залруулах вэ?
-Энэ бүхэн Монголын нийгэмд сэтгэцийн эрүүл мэнд сул байгаатай холбоотой. ДЭМБ-ын тодорхойлсноор, эрүүл мэнд гэж энгийнээр илэрхийлэхэд өвчин эмгэггүй байх төдийгүй бие болон сэтгэцийн, нийгмийн эрүүл мэндийн төгс төгөлдөр байдлыг хэлдэг. Гэтэл өнөөдөр манай нийгэмд сэтгэцийн эрүүл мэнд хангалтгүй байна. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь өөртөө таалагдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах хувь хүний чадвар юм. Өөртөө таалагдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авахаас илүү бусдад таалагдаж, бусад шиг байхыг хүссэн масс олон болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөртөө болон нийгэмдээ сэтгэл гонсгор, саад бэрхшээлийг даван туулахад хэцүү, асуудал нь мөнх үргэлжлэх юм шиг санагдах, идэвхгүй байх, олон нийтийн сүлжээ буюу комьпютерийн араас хоосон шүүмжлэх, өөрсдийн бодол мэдрэмжийг ухааран үүнийгээ “эрүүл” байдлаар илэрхийлдэггүй, хүнд байдалд орсон үедээ уурлаж уцаарлан, сэтгэлээр унадаг зэрэг шинжээр илэрч байна.
Энэ бүх нийгмийн сөрөг үзэгдлүүдээс болж, хүүхдүүд, өсвөр насныхан сэтгэлзүйн хямралд орох, стресстэж бухимдах, тэднийг сэтгэл зүйн хувьд эрүүл байх, сурч боловсроход нь хүртэл сөрөг нөлөө үзүүлэх олон хүчин зүйлс тохиолдож байна гэж ойлгож болно. Харин энэ бүхнийг олон талын оролцоотой засч залруулж болно. Тухайлбал, нийгэм, гэр бүл, ойр дотны хүмүүс, эмч, сэтгэл зүйч нийгмийн ажилтан, сургууль, багш нарын зүгээс хамтарсан багаараа анхаарч, хамтдаа дэмжсэнээр засч болно.
-Нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэхийн тулд хүүхдүүдийнхээ сэтгэлзүйгээс эхлэх нь зөв шийдэл байж болох юм. Тэгвэл хүүхдийн сэтгэлзүйг зөв төлөвшүүлэхэд яагаад олон талын оролцоо чухал гэж?
-Хүүхэд нас, өсвөр нас гэдэг бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж байдаг үе. Энэ үед хүүхэд бусдаас хамааралтай байдлаас бие даасан байдалд шилждэг учраас эрсдэлтэй зан үйл хийх магадлал өндөр байдаг. Мөн бие даан шийдвэр гаргахад бэлэн биш байдаг учраас сурах хөгжих, сэтгэл санаа тогтвортой байх гээд олон зүйл дээр нь онцгойлон анхаарах шаардлагатай. Жишээ нь, хүний хөгжилд нөлөөлдөг дөрвөн чухал зүйл бий. Удамшил, амьдарч буй орчин, хүмүүсийн харилцаа хандлага, сургалт хүмүүжлийн ажил гээд. Бие хүн болж төлөвшихөд удамшил чухал нөлөөтэй. Гэтэл тухайн хүүхэд ямар орчинд амьдарч байгаагаас илүү шалтгаалдаг байх жишээтэй. Гэр бүл, амьдарч буй орчин, аав ээж, ах эгч нь ямар хүмүүжилтэй байна. Хамт олныг нь ямар хүмүүс бүрдүүлж байна гэдгээс бие хүний сэтгэлзүй хөгжиж бүрэлдэж байдаг. Мөн эргэн тойрны хүмүүсийн харилцаа хандлага бас их чухал. Дараа нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа хүнийг хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлж байна вэ гэдэг нь чухалд тооцогдож байна. Энэ жишээ ЕБС дээрх орчин нөхцөл, найз нөхөд, ангийн багш зэргээс тод харагддаг. Мөн амьдарч буй орчин, суралцаж буй газар удамшлаас ч илүү их нөлөөлтэй байгаа нь асрамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийн зан төлөвөөс тодорхой харагддаг. Тэгэхээр удамшил болон орчны нөлөөг сургалт хүмүүжлээр хянаж, засч болно.
-Одоо бид хүүхэд онц сурах нь чухал гэж яриад байдаг боловч хүүхдийнхээ сэтгэлзүй рүү өнгийж харах нь ховор болчихсон юм шиг. Тэгэхээр сургуулийн орчинд сургалтаар дамжуулж хүүхдийг яаж зөв төлөвшүүлэх вэ?
– Бид хүүхдэд оношилгоо судалгаа хийж үзэхэд хамгийн чухал нөлөөлдөг зүйл нь гэр бүлийн орчин байсан. Мөн хамт олон, эргэн тойрны хүмүүсийн харилцаа хандлага хүний хөгжилд маш чухал нөлөөлдөг. Тэр утгаараа сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаар тухайн хүнийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлж болно. Жишээ нь, ЕБС, их дээд сургуульд суралцаж байгаа хүүхэд залуус амьдралынхаа гуравны нэгийг сургууль дээрээ өнгөрөөж байна. Сургуулийн орчноос тухайн хүүхдийн хөгжил төлөвшил их шалтгаална. Нэг кэйс дурдъя. 11 настай нэг охин байнга хулгай хийгээд болдоггүй гэж багш нь хэлж байсан. Тэр охин төрүүлсэн аав, ээжээ мэдэхгүй. Асрах төвд бага настай байхад нь хүмүүс өргөж аваад өсгөсөн. Нэгдүгээр ангид орсноосоо хойш ангийнхаа хүүхдүүдийн бал, харандааг хулгайлаад, гадуур хулгай хийгээд болохгүй болохоор нь өргөж авсан ээж нь “Бид энэ хүүхдийг хүмүүжүүлж чадахгүй нь ээ” гээд гуравдугаар ангид байхад нь асрамжийн газарт буцааж авчирч өгсөн байгаа юм. Охины төрсөн эцэг эхийг нь тодруулах гээд Улсын бүртгэл мэдээллийн төвд очиж, бүртгэл шүүж байгаад аавыг нь олсон. Аав нь хулгайн хэргээр олон жил ял эдэлсэн хүн байсан. Ээж нь олдоогүй. Үүнээс харахад, хүүхдийн хүмүүжилд удамшил их чухал. Гэхдээ орчин үүнээс хүчтэй нөлөө үзүүлдэг. Хүний зан үйлийн бодит чиг хандлага нь үндсэндээ түүний олж авсан дадал зуршлаас шалтгаалдаг. Тийм учраас тухайн хүүхдийн онцлогт суурилсан арга зүйгээр сургавал илүү үр дүнтэй. Ингэхдээ тухайн хүүхдийн насны онцлогоос гадна сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн хэрэгцээг нь харгалзах нь маш чухал.
-Сургалтаар дамжуулан бид ямар зан чанаруудыг хүүхдэд суулгаж өгч болох вэ?
– Хүмүүсийн зан чанарыг төлөвшүүлэх нь маш нарийн төвөгтэй ажил. Нийгэмд тулгарч байгаа нэг асуудал бол маш идэвхгүй үеийнхэн гарч ирж байна. Энэ нь зөвхөн Монголд бус олон улсад тулгамдсан асуудал болж буй юм. Хариуцлага хүлээхээс зугтдаг, бүх юмыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болж өсөх гэх мэт. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр гол шалтгаан нь тухайн хүний хэн бэ гэдгийг өөрөө бус гэр бүлийнхэн, найз нөхөд, эргэн тойрныхон нь тодорхойлоод байдаг. “Чи муу сурдаг”, “Чи ёстой мундаг” гэдэг. “Би мундаг юм байна” эсвэл “Би муу хүүхэд юм байна”, “Сайн хүүхэд юм байна”, “Болохгүй хүүхэд юм байна” гэсэн ойлголтыг эргэн тойрныхон нь өгдөг. Тиймээс хамгийн түрүүнд таньж мэдэхэд нь туслах хэрэгтэй. Би хэн бэ? Өөрөө шалтгаан нь байх учиртай. Ямар нэгэн болохгүй зүйлийн бурууг бусдаас хайх бус өөрөө шалтгаан байх гэдэг нь тухайн хүний хөдөлгөгч хүч болдог. Ийм гурван зүйлийн суурийг багаас нь зөв тавьж чадвал хүн зөв хөгжинө. Хүнээс нийгмийн хөгжил шалтгаална. Сургуулийн зан суртахууны хөгжил нь төвөгтэй байдгийн учир нь, хүүхдүүд өдрийн дөрөвний нэг хугацаанд л багш нартайгаа хамт байж, нэг багш 30, 40 өөр зан чанартай хүүхэдтэй ажилладаг.
Сургалтаар дамжуулан зан үйлийг төлөвшүүлдэг үндсэн гурван зарчим байдаг. Эхлээд хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэн суулгах буюу байнга давтаж дадал болгох, сонголт хийх боломжийг олгох, итгэн үнэмшүүлж өөрийгөө үнэлж, өөрөөрөө байхад нь чиглүүлснээр зан үйлийг зөвөөр төлөвшүүлэх боломжтой.
-Зөвхөн мэдлэг олгох сургалтаар хүүхдийг хэт “бөмбөгдөөд”, зан араншингийн өөрчлөлтийг нь анзаардаггүйгээс болж нийгэмд хүүхэдтэй холбоотой хар бараан мэдээллүүд гарч байна гэж ярьдаг. Хүүхдүүдээ нас насанд нь яаж оношлох вэ?
– Сэтгэл зүйн хэрэгцээг тодорхойлох хамгийн чухал. Тухайлбал, сургуулийн орчинд хүүхдийг сургуулийн өмнөх нас, бага, дунд, ахлах нас гэж ангилдаг. Бага насны хүүхдийг оношлохдоо зуруулдаг, тоглонгоо ярилцдаг. Тухайн хүүхдэд ямар хэрэгцээ байгааг нь тодорхойлдог. Нас болгонд, үе шат бүрт хэрэгцээ байдаг. Тэр хэрэгцээгээ хангаж чадаагүйгээс болоод хэрэгцээний хуримтлал хүүхдэд бий болдог. Яг тухайн насан дээрээ хэрэгцээгээ хангаж чадвал сэтгэл зүйн хувьд насанд хүрсэн, өөрийгөө таньж, чадсан төлөвшсөн хүн болно. Жишээ нь, сэтгэл судлалын хөгжлийн үе шатууд буюу фрейдийн психосексуаль үе шат гэж бий. Асрамжийн газрын хүүхдүүдтэй ажиллаж байхдаа СЭМҮТ-ийн эмч нартай хамтарч ажилладаг байсан. Тэд “Психосексуаль үе шат их чухал” гэж ярьдаг. Энэ хэрэгцээ хангагдаагүй хүүхдүүдэд их олон асуудал тулгардаг. Хулгай, донтолт зэрэг олон таагүй үр дагавар хэрэгцээний хуримтлалаас үүсдэг. Психосексуаль гэдэг нь хүн төрөхдөө л бэлгийн энерги буюу либидотой төрдөг гэж үздэг. Жишээ нь, психосексуаль үе шатыг зургаа ангилдаг. Хөхөх үе шат нь 0-1.8 насны үеийг хамардаг. Либидо буюу бэлгийн энерги төрөхөөс авхуулаад хүний биед шилжиж байдаг гэж үздэг. Хөхөх үе шатанд либидо нь амны хөндийн хэсэгт байрладаг. Хүүхэд ээжийнхээ мөөмийг хөхөхдөө аюулгүй, хайрлагдаж, хамгаалагдаж байгаагаа мэдэрдэг. Хөхөө хөхөөгүй, хайрлагдаагүй, бага насандаа орхигдсон, хайхрамжгүй хандсан хүүхдүүдэд айдас, түгшүүр хуримтлагддаг. СЭМҮТ-өөс 2013 онд судалгаа хийж үзэхэд монгол хүмүүсийн нейротизм буюу айдас түгшүүр, уур бухимдал сэтгэл гутрал, өөрийгөө үнэлэхгүй байх гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл дэлхийн дунджаас өндөр гарсан. Бага насандаа хайрлуулах хэрэгцээгээ хангаж чадаагүй хүүхдэд сөрөг сэтгэл хөдлөл насан туршид нь хадгалагдаж байна гэж үздэг.
-Ийм хүүхдүүдэд ямар зан чанар илрэх вэ?
-Нөгөөх л нийгмийн сөрөг үзэгдлүүд бүрдэнэ. Авч чадаагүй хайраа өөр зүйлээр орлуулах, нэр хүндтэй болох, гоё сайхан харагдах, өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах, шүүмжлэх хандлага их илэрдэг. Компьютерийн араас сөрөг сэтгэгдэл бичдэг олон хүн байдаг. Магадгүй ийм байдлаар сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг. Хүний хөгжлийн үе шат бүхэнд шаардлагатай хэрэгцээ байдаг. Хөхөөр хооллосны дараа биеэ засч сурах үе шат бий. Энэ үе шат 1.8-3 нас хүртэл үргэлжилдэг. Энэ насандаа тууштай байх, эцсийг нь үзэх, хариуцлагатай байх суурь бүрддэг. Ийм үед нь хэт өндөр шаардлага тавиад, “Чи өмдөндөө шээчихлээ” гээд загнаж, цохиод байвал хүүхэд хэт өөрийгөө барьдаг, өөртөө итгэлгүй болно. Дараа нь хүйсийн ялгаагаа мэдрэх үе шат буюу 3-5 насны үе. Энэ насандаа хүүхэд яагаад гэж их асуудаг. 0-7 насанд нь хүүхэд ямар хүн болж төлөвших нь 70 хувь нь бүрэлддэг. Тиймээс бага насны хүүхэдтэйгээ хамт, ойр дотно харилцаатай байх нь чухал.
– Бие хүн болж төлөвших 70 хувь бүрэлддэг гэхээр хамгийн чухал үе нь сургууль, цэцэрлэгийн нас юм байна. Энэ үед багш болон эцэг, эхчүүд ямар зүйлийг илүү анхаарах ёстой вэ?
-Хамгийн чухал үе бол хүүхэд нас. Тухайлбал, далд үе буюу 6-12 нас. Энэ үед либидо нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болчихдог. Хүүхэд тайван байдаг, нийгмийн харилцаанд ордог. Сургуульд орж, шинэ харилцаанд орохоор танин мэдэхүй нь илүү хөгждөг. Бие хүний хөгжлийн Эриксоны онол гэж бий. Хүний хөгжлийн найман үе шатыг ангилсан байдаг. Тухайлбал, нялх 0-1 насандаа хүнд итгэл үүсч байдаг. Нялх хүүхдийг ганцхан ээж бус аав, эмээ өвөө нь хайрлаж халамжлах тэврэх энхрийлэхэд хайр энхрийллийг мэдэрч итгэл төрж байдаг. Тэгэхээр “Уйлсаар уйлсаар хүн болдог, майлсаар майлсаар мал болдог” гээд орхиж болохгүй нь. Уйлж байна гэдэг ямар нэгэн юм таагүй байна, анхаараач гэсэн дохио. Балчир нас 1-3 настайд бие даасан байдал төлөвшиж байдаг. Энэ үед нь дэмжиж, ярилцаж, сонголт хийх эрх чөлөө өгч байх хэрэгтэй. Хэт бөөцийлсөн хүүхэд бие даах, асуудлыг шийдэх чадвар султай болдог. Энэ үед хүүхэд өөрийн насандаа таарсан ажлуудыг хийж байх хэрэгтэй. Хүүхдээр тоглоомоо хураалгах гэрээ цэвэрлүүлэх, аяга угаах, хамт хоол хийлцэх зэрэг ойр зуурын ажлуудыг хийлгэж байх нь ажил хөдөлмөрөөр дамжуулан зөв хүмүүжил төлөвшлийг олгоход сайнаар нөлөөлнө. 4-5 нас бол тоглох нас. Тоглоомоор дамжуулаад, сонирхол бий болно. Энэ насанд нь олон зүйлийг үзүүлж харуулж, таниулж, яагаад гэдэг асуултанд нь идэвхтэй хариулж, хамтдаа урлагийн тоглолт, музей, үзэсгэлэн үзэж байвал илүү хөгждөг. Мэргэжил сонгох үндэс энэ насанд нь бүрэлддэг.
-Сургуулийн насанд?
-Сургуулийн насанд хүрэхээр нь тохирсон хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ингэвэл хариуцлагатай байж сурдаг. Өсвөр нас буюу 13-16 насан дээр хүүхэд бусдыг даган дуурайдаг. Хобби, сонирхол, авьяасаа танин мэддэг. Энэ үед өөрийгөө бусадтай харьцуулж, сэтгэл гутрал түгшүүр айдас, нийгмийн асуудлыг эмзэг хүлээж авдаг. Энэ мэтчилэн нас насанд хэрэгцээ байдаг, түүнийг нь хангах нь чухал.Хэрэгцээ хангагдаагүйгээс болоод түрэмгий, өөртөө итгэлгүй болох гэх мэт олон сэтгэл зүйн асуудал үүсдэг. Түүнээс биш оюутан болоод ажлын байранд гараад гэнэт өөртөө итгэлгүй болчихдоггүй.
-ЕБС гэлтгүй их, дээд сургуульд хүртэл сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл, оношлогоо судалгааг хийж байвал нийгэм эрүүлжихэд тустай юм байна даа?
-Хүүхдийн хүмүүжил төвшил нь амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг, чадвар, дадал, амьдралын туршлага, ерөнхий соёлын бүрэлдэхүүнээс бүрддэг. Хамгийн сонирхолтой нь хүүхдийн хүмүүжлийн 60-70 хувь нь гурван нас хүрэхээс өмнө төлөвшдөг. Тиймээс нас насны онцлогт нь тохируулан ажиллах арга зүй их чухал. Хүүхэд бүрт хэрэгцээ шаардлага байдаг. Насанд нь тохирсон, хэрэгцээг нь хангасан сургалтын хөтөлбөр арга зүйтэй бол тухайн хүүхэд илүү өөртөө итгэлтэй болох, сэтгэл хөдлөл мэдрэмжээ зөвөөр илэрхийлэхэд суралцаад явна. Багш, сурган хүмүүжүүлэгч гэдэг нэг талаараа хүүхдийн сэтгэлзүйч. Тийм учраас сургууль болгонд сэтгэлзүйч заавал байх ёстой гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.2.5 ЛХАГВА № 24 (6249)