Томуу өвчний дэгдэлт 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг СУНГАНА гэв үү
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ сурагчдын хоёрдугаар улирлын амралт 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж, энэ сарын 13-нд дуусна. Харин орон нутгийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 30-наас энэ сарын 10-ныг хүртэл 14 хоног үргэлжлэх юм.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд /БСШУСЯ/ хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байгаа. Энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үзэн тодорхой арга хэмжээг авдаг байна.
Тэгвэл энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “ Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрсэн нөхцөлд сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалт байдаг. Одоогийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байгаа учир сурагчдын амралтыг сунган хойшлуулах нөхцөл бүрдээгүй. Амралт дуусахад буюу нэгдүгээр сарын 12-ны байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт 15 хувьд хүрвэл нөхцөл байдал өөрчлөгдөнө. Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа” гэсэн талаар zindaa.mn сайт мэдээлжээ.