П.Дулмаа: Хүүхдийн насан туршийн хүмүүжлийн суурь өлгийтэй үед нь тавигддаг

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш, МУБИС-ийн Хүндэт профессор, гавьяат багш Пэрэнлэйн Дулмаатай ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Боловсролын байгууллагад хэдэн жил ажилласан бэ?

-Намайг Пэрэнлэйн Дулмаа гэдэг. Боловсролын байгуулагын бүх шатны сургуульд ажиллаж, багшлах боловсон хүчин бэлтгэх, багшийг хөгжүүлэхэд ажил амьдралынхаа 50 гаруй жилийг зориулжээ. Өөрийн туршлага дээрээ үндэслэн залуу эцэг эхчүүдэд бага насны хүүхдэдээ хэрхэн гэр бүлийн төлөвшил олгох талаар санал бодлоо хуваалцмаар санагддаг юм. Хүүхдийн суурь хүмүүжил ирээдүйн амьдралынх нь үндэс болж өгдөг. Тиймээс залуу эцэг эхчүүдэд бага ч болов амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэн бага насны хүүхдийн суурь төлөвшлийн талаар ярих гэсэн юм.

-Хүүхдийн суурь хүмүүжил ирээдүйн амьдралынх нь үндэс болж өгдөг гэлээ. Тэгэхээр хүүхдийн суурь хүмүүжилд гэр бүл төлөвшлийн нөлөө хэр байдаг вэ?

-Үүнийг ярихын тулд эхлээд бага насны хүүхэд гэж хэдэн настай хүүхдийг хэлээд байна гэдгээ эхлээд тодорхойлно. Миний тодорхойлсноор бага нас 0-6 нас буюу сургуулийн өмнөх насыг хэлнэ. Суурь хүмүүжил гэдэг нь хүүхдийн эрүүл мэнд, зөв хандлага, ёс суртахууны хэм хэмжээ, эмх цэгц, хүмүүжлийг хэлээд байгаа юм. Дэлхий дахинаа гэр бүл төвт хүмүүжлийг нэн тэргүүнд үзэж,шинжлэх ухааны өндөр мэдлэг, ур чадвараас илүү хүний мөс чанар, хүмүүжил, зүрх сэтгэлийн боловсрол буюу soft skill-ийг чухалчлах болоод байна. Тэгэхээр бага насны хүүхдийн суурь хүмүүжилд гэр бүл төлөвшлийн нөлөө маш чухал. Гэр бүлийн хос багана эцэг, эхийн өмнө үр хүүхдээ эрүүл биетэй, саруул ухаантай, сайхан сэтгэлтэй, эх орондоо хайртай иргэн бие хүн болгон төлөвшүүлэх эрхэм үүрэг бий. Хүүхдийг сайн иргэн болгон өсгөж, хүмүүжүүлэхэд эцэг эхийнх нь бие хүний төлөвшил, хоорондын харилцаа,аливаад хандах хандлага, амьдралын хэвшил голлох үлгэр дуурайл болдог. Залуу эцэг эхчүүд энэ эрхэм үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, гэр бүлийнхээ амьдралд тулхтай хандаж, ёс суртахуунтай ажиллаж, амьдрах хэрэгтэй.

-Гэр бүлийн эрхэмлэх ёстой зүйл нь юу вэ?

-Ишданзанваанжилгүн “Асралыг мэдвээс сая аав ээж болмуй” хэмээн сургасан байдаг. Гэр бүлийн хамгийн эрхэм зүйл бол хайр энхрийлэл, элгэмсүү, дотно харилцаа юм. Эхнэр нөхрийн бие биесээ хайрлан халамжилж, хүндэтгэх байдлыг хүүхэд харж, мэдэрч өсөх нь чухал. Хүүхэд бүр аав ээжээсээ хайр халамж, анхаарал асрал, энэрэл,эелдэг харилцааг хүлээж байдаг. Хайранд өлгийдүүлж өссөн хүүхэд бусдыг өрөвдөж, хайрлан,бусдад хүндэтгэлтэй ханддаг. Гэр бүлдээ энэ эрхэм ёсыг нандигнан, шинэлэг сэргэг байдлаар нь хэвшүүлэх ухаанд тасралтгүй суралцах хэрэгтэй. “Эрхийг сурахаас бэрхийг сур” гэсэн сургаалын утгыг тунгаавал хайрлах, асран халамжлах гэдэг нь эрхлүүлнэ гэсэн үг биш. Хүүхдэдээ амьдралын зөв бурууг ухааруулж, хатуу хөтүүг хамт давж, аян замын хотгор, гүдгэрт үлгэрлэн дагуулж амьдрах хэрэгтэй. Амьдрал баян учраас хүний амьдралд баяртай, гунигтай, бараантай эрээнтэй өдрүүд ээлжилсээр байдаг. Эцэг эх нь тулгамдсан асуудал бэрхшээлийг зөв шийдэж байгааг нь хүүхэд харж, тэрнээс нь суралцдаг. Эхнэр, нөхөр хоёулаа хичээснээр гэр бүлийн сайхан амьдралаа үр хүүхдэдээ уламжлуулан, үе дамжуулан үргэлжлүүлэх боломжтой. Гүн ухаантнуудын “Эцэг эх шударга, зөв хандлага, ёс суртахуунтай бол үр хүүхэд нь сайн иргэн болж төлөвшинө” гэх эшлэл ч бий.

-Бага насны хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшилд эцэг эх ямар үүрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, 0-5 нас бол хүн хүмүүншин төлөвших хамгийн чухал, суурь үе. Тиймээс хамгийн түрүүнд хүүхдэд зайлшгүй шаардлагатай ор манеж, тоглоом наадгай, зурагтай ном, хувцас, ариун цэвэр зэрэг хүүхдэд хэрэгтэй эрүүл ахуйн хэрэгслийг нь бүрдүүлнэ. Хоёрдугаарт, гэр бүлээ гэгээлэг, соёлтой, хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалтай хүүхдэд ээлтэй хайрын орчин байлгахыг хичээх ёстой. Гуравдугаарт, хүүхдийнхээ өсч буй бие организмд нь хэрэгцээт, эрүүл хоол, улирлын байдалд тохирсон хувцас, хөгжлийг нь дэмжих танин мэдэхүйн ном, тоглоом наадгай, сонирхолд нийцсэн ая тухтай орчныг бүрдүүлэх, дөрөвдүгээрт, гэрийн ариун цэврийг сахин,эмх цэгцтэй, дэг журам, хэм хэмжээтэй, амьдралын зөв хэвшилтэй байх ёстой юм. Тавдугаарт, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг ойлгож, дэмжин хамтран тоглож, хөдөлмөрлөж, ярилцдаг байх шаардлагатай. Гэр бүлдээ тав тухтай хүүхдийн өрөөтэй, өрөө нь эмх цэгцтэй, цэвэр тусгайлсан орчинтой байх нь зүйтэй. Хүүхдийн суурь хүмүүжил нь эцэг эхийн өдөр тутмын амьдрал, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дадал хэвшил болж, аажмаар төлөвшдөг.

-Шинэ төрсөн хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн хамгийн эхний алхам юу вэ?

-Ээжийн зөөлөн дулаан гар дээр ангир уургаа амласнаар хүүхдийн амьдрал хүмүүжил эхэлнэ. Ээжийн зөөлөн ая дуу, арчилгаа шинэ хүнийг эерэг хандлагатай, даруу төлөв хүн болж бойжих суурь болно. Өлгийн хүмүүжлийн үед хүүхдийн харах, сонсох, хөдөлгөөний болон мэдэрхүй, сэрэхүйн хөгжил идэвхтэй явагддаг.

-Энэ үед нь хүүхдийг илүү хөгжүүлэхийн тулд ямар асаргаа, арчилгаа хийх ёстой юм бол?

-Хүүхдийн үйл хөдлөлийг дэмжиж, хараа сонсголыг идэвхжүүлнэ. Өлгийн хүмүүжлээр хүүхдийн хайр халамж, зөв хандлага, эрүүл мэнд, насан туршийн хүмүүжлийн суурь тавигддаг. Сууж мөлхөх үед нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайжруулна. Хүүхдийн хэрэгцээт зүйлийг өөрт нь хэрэглүүлж эмх цэгцтэй байрлуулж хэвшинэ. Аав ээжийн асран сувилах ачлал зөөлөн эерэг харилцаа нэн чухал. Хөгжил төлөвшилд тохирох тоглоом наадгайгаар хөгжүүлж нийгэмшүүлнэ. Хүний яриаг сонсож үгийн утга санааг ойлгож эхлэх үеэс болох, болохгүйн талаар мэдүүлэн таниулна. Хөл, хэлд орох үедээ хүүхэд осол аюулгүй байдлыг эрхэмлэн аав, ээжийн эелдэг харилцаа асаргааг хүлээж байдаг. Зөөлөн эелдэг харилцаа аядуу төлөвшилтэй болгоход туслана. 1-2 насныхны гэр орон тайван аядуу хөл хөдөлгөөн багатай байх нь зохимжтой. Ээж, ааваараа тэврүүлж эрхлэх дуртай, тэдний анхаарлын төвд байхыг эрхэмлэдэг, хөдөлгөөн сэтгэц, танин мэдэхүйг хөгжүүлэхэд тоглоом чухал үүрэгтэй. Энэ үеэс ам зайлах, сойзоор амаа хэрхэн угаахыг заана. Гарыг нь угаалгаж сургах, нусыг нь нийлгэж хэвшүүлэн, хог хаягдал гэдгийг мэдүүлж, бохир зүйлийг хогийн саванд хийлгэж хэвшихэд сургана. Ном бол энэ насныхны сайн нөхөр. Өглөө, орой бүр аав, ээжтэйгээ 5-10 минут ном уншиж хэвших нь насан туршийн дадал болдог. Мөн бага зэрэг дэмжиж өгөөд өөрөөр нь хувцаслуулж сургах нь зүйтэй.

-Нас насанд тохируулан өөрсдийг нь сургах арга барил байдаг уу?

-Маш зүйтэй асуулт. Гурван настай хүүхдэд цэцэрлэгт явж гэр бүлийн хүмүүжлээ хамт олны хүмүүжилтэй зохицуулах шаарлагатай болдог. Хүүхэд цэцэрлэгт явж эхэлсэн өдрөөс цэцэрлэгт өглөө бүр ирэхдээ аав, ээж нь хөтөлж багш, найз нөхөдтэй нь эелдэгээр мэндлэн үлгэрлэх, орой харихдаа багш болон найз нөхдөө баяртай гэж хэлүүлж сургана. Энэ үедээ өөрийн нэр, нас, хүйсийг хэлж сурна. Ариун цэвэр эрүүл ахуйн дадлаа үргэлжлүүлж бататгана. Дөрвөн нас сэтгэл зүйн ихээхэн онцлогтой. Зан ааш хурдан солигддог. Эрс тэс зан байдлыг харгалзан аядуу зөөлөн хандаж, энхрийлэн хайрлаж харилцах хэрэгтэй. Зарим үед хүүхдийнхээ санаа бодлыг сонсож өөрөөр нь сонголт хийлгэж байх шаардлагатай.

-Сургуульд дөнгөж орсон хүүхдэдээ эцэг эх яаж анхаарах ёстой вэ?

-Хамгийн эхэнд суралцах сургууль нь гэртээ нь ойр байх нь чухал. Хүүхдээ сайн хүн болгоё, сайн сургая гэвэл зургаан нас хүртэл өвлөгдсөн суурь хүмүүжлийг дадал хэвшил болгохын тулд сургуулийн багш нартай нь хамтран ажиллах нь чухал. Ямар сурагч байх нь гэрийн хүмүүжлээс их хамаарна. Хүүхдийн нэг өдрийн даалгаварт дэлхийн жишгээр 45-90 минут байна. Хүүхдээр олон бодлого бодуулах, их уншуулах нь гол биш, зөв бодож цэвэр бичиж, яриулж сургах нь чухал. Хүүхдийг ядраахгүй сурах сонирхлыг мохоохгүй байх хэрэгтэй. Даалгавар нь хүүхдийн хөгжлийн түвшинд тохирсон байх ёстойг анхаарна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611961
1 эможи

keyboard_arrow_up