Ц.Ариунчимэг: Хүлээж цаг алдах, өөртөө итгэхгүй байх нь хүний хамгийн том дайсан

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

“Мөрөөдлийн монгол подкаст”-ыг хөтлөн явуулдаг Ц.Ариунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр подкастаараа хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, ухамсартай, чадварлаг монгол иргэн байхад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг нийт сонсогчдодоо түгээхийг хүсдэг аж. Мөн мэргэжлийн сэтгэл зүйч Ж.Үйлсттэй хамтарч “Нэрээ нууцалсан захидал” хэмээх подкаст хийгээд эхэлжээ. Dreamon­golia.com сайтаар зочилж сонирхоорой. Ц.Ариунчимэг АНУ-д амьдардаг аж.


-Та бүхний бэлтгэн явуулдаг подкастыг залуус их сонсдог юм билээ. Ер нь яагаад подкаст хийх болсон бэ?

-Юуны өмнө танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Мөрөөдлийн монгол подкастыг хөтлөн явуулах болсон гол шалтгаан маань мөрөөдөл зорилготой, өөрийн салбартаа тодорхой хэмжээгээр манлайлагч залуусыг урин оролцуулж эерэг энергийг түгээх зорилгоор хийж эхэлсэн. Харин сүүлийн үед сэтгэл зүйч Ж.Үйлсттэй хамтран “Нэрээ нууцалсан захиа” гэдэг сэтгэл зүйн подкастыг “Мөрөөдлийн Монгол” сувгаас давхар хүргэн ажиллаж байна.

-Залууст зориулсан подкастуудаар юу хүргэхийг зорьдог вэ. Хамгийн сүүлд хийсэн хайраа хэрхэн илчлэх тухай подкастыг сонслоо. Залууст урам зориг өгөх, нандин, гэгээлэг сэдвүүдийг хөндсөн нь таалагдлаа?

-Баярлалаа. Сүүлийн үед подкаст маань сэтгэл зүйн сэдвээр түлхүү ярилцдаг болж байгаа. Яагаад гэвэл бидэнд бусдад ойлгогдох, бусдыг хүлээцтэй сонсох, бусдыг хайрлах, хайрлагдах хамгийн энгийн юм шиг хэрнээ хүн болгон тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй энэ сэдвүүдээр ярилцах нь зүгээр л нэг амжилттай байх, мөнгөтэй байх тухай ярихаас илүү чухал санагдаад байгаа юм. Цаашдаа энэ чиг хандлагаа хадгалан, гэр бүл, хосын харилцаа, хувь хүний хөгжилд зориулсан дугаарууд хийх төлөвлөгөөтэй байна.

-Та Америкт амьдардаг хаанаас яаж шинэ зүйл суралцдаг вэ. Өөрийн арга барил, туршлагаасаа хуваалцаач?

-Би сүүлийн үед сонсдог болон еbook маш их уншиж байгаа. Анх сонсдог ном сонсоход их эвгүй байсан ч яваа яваандаа нэг номыг уншихад хэдэн долоо хоног зарцуулах нь цаганд хэмнэлтгүй санагдах болсон. Сонсож байхдаа давхар гол санааг нь бичиж аваад тэрийгээ дараа нь дахин дахин эргүүлж харах нь илүү үр дүнтэй санагдсан. Мөн англи хэл сурч байгаа залуусдаа хүссэн англи номоо b-ok.cc сайтаас ямар ч үнэ төлбөргүйгээр ibook болон playbooks руу татаж аван уншихыг зөвлөж байна. Утсан дээрээ фэйсбүүк, инстаграм орохын оронд ebook уншиж болно. Мөн youtube дээр au­diobook гээд хайхад маш олон үнэгүй ном гарч ирдэг.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Тус номноос олж авсан хамгийн чухал зүйл юу байв?

-Би саяхан “Баян аав, ядуу аав” номыг аудио хэлбэрээр сонссон юм. Тэрнээс хамгийн их таалагдсан зүйл гэвэл “Сургуульд яваад сурч мэдэх дуусдаг биш, эхэлдэг байх ёстой” гэсэн үг, утга санаа юм. Энэ нь надад маш их таалагдсан. Одоо үед нэг сургуулийн дипломноос илүү аливаад бие дааж суралцах чадвар, мэдээллийг хурдан хүлээн авч түүнийгээ боловсруулан ашиглаж чаддаг байх нь илүү хэрэгцээтэй болж байна. Би подкастаараа залуучууддаа англи хэл сурахыг уриалах их дуртай. Яагаад гэвэл англи хэл сурснаар маш олон хэрэгцээтэй мэдээллийг авч, тэрийгээ бүрэн ашиглах нөөц бололцоо бидэнд байна. Монгол хэлэнд одоогоор салбар бүрийн хангалттай их ном, бичвэр байхгүй учраас тэр юм.

-Мөрөөдлөөсөө хуваалцаач. Мэдээж нууц биш бол шүү дээ?

-Би хоёр сарын өмнө сормуусны салон нээсэн. Одоогоор миний зорьж буй зүйл гэвэл жилийн дотор орлогоо гурав дахин нэмэгдүүлэх юм. Харин хоёр жилийн дотор 3-5 хүн бэлтгэн өөрөө бүтэн цагаар ажиллахгүй ч миний тусламжгүйгээр бизнес маань тасралтгүй явж байдаг системийг бүтээх зорилготой. Харин таван жилийн дотор Нью-Йорк хотод хэд хэдэн салбартай болохыг хүсч байна. Хэрэв сонсогчид маань уншиж байгаа бол намайг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөнийг мэдэж байгаа байх. Тэгснээ яагаад сормуусны салон ажиллуулж байгаад гайхаж болох юм. Яагаад гэвэл би сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилд орж чадахгүй дөнгөж Сиатлаас Нью-Йорк руу нүүгээд ирчихсэн, мөнгө санхүүгийн хувьд маш хэцүү байсан. Харин энд ирээд олдсон анхны ажил маань сормуусны салонд ажиллах байв. Эхэндээ ч мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаадаа өөртөө их гутарч байсан ч яваа яваандаа сормуус сайн хийхийг сурсан. Улмаар өөрөө студио нээе гэж бодсон. Нэг үгээр хэлбэл, ажил олдоогүй маань ч сайн хэрэг болсон. Хэрэв би загварын компанид ажилд орсон бол сард 2500-5000 ам.долларын цалинтай л ажиллаад явж байх байсан байх. Энд байрны түрээс, хоол, утас, гээд зарлага их өндөртэй тул олигтой ч хадгаламжгүй медиокр америк амьдралаар амьдрах байсан байх. Харин тийм зүйл болоогүйд маш их баярладаг. Одоо бүх зүйл цэвэр надаас шалтгаалдаг. Залуусдаа хандаж хэлэх нэг зүйл гэвэл амьдрал чамд лимон өгвөл түүгээр лемонэйд хийгээрэй. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицож, тэрийгээ боломж болгож сураарай гэж хэлмээр байна.

-Бахархалтай байна шүү. Олон залуу чамаас үлгэр дуурайл аваасай гэж хүсч байна. Надад маргаашийн аз жаргалынхаа төлөө өнөөдөр өөрийгөө үсдээд босгоорой гэдэг үг таалагддаг. Харин таны хувьд?

-Баярлалаа. Өөртөө би мэдэхгүй зүйл байсан ч түүнийг олж мэдээд яг одоо л хий гэж хэлэх дуртай. Ер нь бол “Ананд глобал”-ын Баярсайхан ахын хэлдгээр “Шууд шаа” гэдэг үг их таалагддаг. Хүлээж цаг алдах, өөртөө итгэхгүй байх гэдэг хүний хамгийн том дайсан. Тэр л бүх боломж, амжилтаас хойш татдаг.

-Миний хувьд ч бас уриа болгомоор үг байна. Ер нь өөртөө цаг гаргахын тухайд, өөртэйгөө ярилцахын тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Та маш чухал асуулт асуулаа. Хэн нэгэн хүнтэй үерхэлээ гээд, хамт амьдарлаа гээд, хичнээн завгүй байсан ч өөртөө заавал цаг гаргаж сурах ёстой. Үүний тулд залуу байгаа дээрээ их хөдөлмөрлөх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад залуучууд 28-35 насандаа гэрлэх нь маш элбэг байдаг. Яагаад гэвэл орчин үед санхүүгийн тогтвортой байдалгүйгээр хүссэн зүйлээ хийж амьдрах тун хэцүү болсон шүү дээ. Тиймээс залуу байгаа дээрээ их сурч мэдэж, ажиллаж, хадгаламж болон ассеттай болсоны дараагаар гэр бүлтэй болвол магадгүй долоо хоногтоо нэг өдөр хүүхэд хардаг хүн ажиллуулан нэг өдөр ч атугай хайртай хүнтэйгээ, эсвэл өөрөө дуртай зүйлээ хийх боломж гарах юм. Үүний тулд хийх бүх зүйлсээ төлөвлөх хэрэгтэй. Өөртөө болон хайртай дотны хүмүүсдээ цаг гаргаж сурах гэдэг маш том боловсрол.

-Чамд амжилт хүсье. Мөрөөдөлдөө заавал хүрээрэй?

-Тэгнэ ээ. Намайг урьж ярилцсанд маш их баярлалаа.

Г.БАТЗОРИ

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611792
2 эможи

Зочин
2019-12-20 13:05
keyboard_arrow_up