Инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай 188 нэр төрлийн түүхий эдийг татвараас чөлөөлжээ
Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар Гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Инновацын төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалтыг баталлаа.
Түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалтад:
- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Лабораторийн оношлуур үйлдвэрлэл
- Биотехнологи
- Микробиологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Байгалийн эрдэст бэлдмэлийн үйлдвэрлэл
- Эм, эм бэлдмэлийн үйлдвэрлэл
- Малын эм, эм бэлдмэл, шимт тэжээл, туршилтын үйлдвэрлэл зэрэг 7 салбарын 12 инновацын төсөл хэрэгжүүлэгч байгууллагын 68 инновацын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай 3 тэрбум 633 сая төгрөгийн өртөг бүхий 188 нэр төрлийн түүхий эд, материал, урвалж бодис хамрагджээ.
Энэхүү тогтоол батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь инновацын бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад түүхий эд, материал, урвалж бодисоор хангагдаж, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц импортыг орлох, экспортод чиглэсэн инновацын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх ач холбогдолтой юм гэж БСШУСЯ-наас мэдээллээ.