Т.Ням-Очир: Сурах бичгийг Хятадад хэвлэсэн нь тогтоогдвол “Очир пресс” компанийг хар жагсаалтад оруулна

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Очир пресс” компани Хятадад сурах бичиг хэвлэн, хилээр оруулахыг завдсан талаар МХЕГ-аас мэдээлсэн. Тодруулбал, “Очир пресс” ХХК-д хэвлэв”гэсэн бичигтэй 482 хайрцаг бүхий VI ангийн англи хэл, түүхийн хичээлийн 43,060 ширхэг сурах бичгийг өнгөрсөн аравдугаар сарын 22-нд хилээр нэвтрүүлэх гэж байхад нь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу таван сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

-“Очир пресс” компани хэддүгээр ангийн, хэдэн төрлийн сурах бичиг хэвлэх эрх авсан бэ?

-VI ангийн түүх, англи хэлний сурах бичиг хэвлэх зөвшөөрөлтэй. “Очир пресс” компани Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерт шалгарсан компани.

Иймд сурах бичиг хэвлэх гэрээ байгуулах эрх олгосон. Бид нарт сурах бичгээ түгээх хүсэлт тавьж, зөвшөөрлийн дагуу орон нутгуудад тараасан. МХЕГ-аас “Очир пресс” компани Хятадад сурах бичиг хэвлэсэн гэх мэдээлэл гарахад тус газрын Боловсролын хяналтын хэлтэст энэ талаарх мэдээллийг баримтжуулаад, албан ёсоор манай яаманд хүргүүлэх хүсэлт тавьсан. Одоогоор ямар ч мэдээлэл ирээгүй.

-Уг нь энэ асуудал өнгөрсөн сарын 22-нд гарсан. Гэтэл одоо болтол ямар ч мэдээлэл ирээгүй байж болох уу?

-Бид нар ч бас гайхаад л байна. МХЕГ-ын Боловсролын хяналтын хэлтэст өдөр бүр ямар төрлийн, хэчнээн сурах бичиг хэвлүүлсэн тухай баримт, мэдээлэл яаралтай ирүүлэх хүсэлт тавьж байгаа.

-Энэ жил нийт хэчнээн компанид сурах бичиг хэвлэх зөвшөөрөл олгосон бэ. Ер нь хүчин чадлыг нь харж байж олгодог биз дээ?

-Нийт арав гаруй компанитай сурах бичиг хэвлэх гэрээ байгуулсан. Эдгээр компанийн тендерийн шалгуурын дагуу бүрдүүлсэн материалыг үнэлгээний хороогоор хянуулж, шалгаруулсны дараа буюу наймдугаар сард Азийн хөгжлийн банк (АХБ)-нд материалаа явуулсан. АХБ найм, есдүгээр сард хянаж, шалгаад шаардлага хангасан компанид хэвлэх гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн.

Үйлдвэрийн хүчин чадал, үнийн санал зэргийг харгалзан үзсэн. Тэгэхээр “Очир пресс” компани тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж, АХБ-наас хэвлэх гэрээ байгуулах эрх авсан нь зөвхөн түүх, англи хэлний ном хэвлэх эрх, хүчин чадалтай гэсэн үг.

-“Очир пресс” компани хэвлэх гэрээний дагуу дотооддоо сурах бичиг үйлдвэрлэх ёстой ч гадаадад хэвлүүлсэн. Бусад компани ч ийм зөрчил гаргаж байх магадлалтай. Үүнд яаж хяналт тавих вэ?

-Бүх компанийн хэвлэх үйл ажиллагааны явц, хэвлэх машины хүчин чадал, хүний нөөц зэрэгт хяналт тавьж байгаа. “Очир пресс” компани сурах бичгээ дотооддоо хэвлэж, түгээлт хийсэн. Бид хэвлэх үйл явцад хяналт хийсэн.

Яг аль шатандаа ийм асуудал гаргасан нь одоогоор баттай болоогүй байна. Холбогдох байгууллагын албан ёсны мэдээлэл, баримтад үндэслэсний дараа шийдвэр гаргана. Хэрвээ Хятадад хэвлүүлсэн нь үнэн байвал уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээс өөр арга байхгүй.

Хуулийн байгууллага гадаадад хэвлэснийг тогтоовол “Очир пресс” компанийг хар жагсаалтад оруулан, цаашид хамтарч ажиллахгүй. Хэвлэх үйлдвэрийн өндөр хүчин чадалтай томоохон компани байсан бол сурах бичгийг хугацаа алдалгүй, богино хугацаанд хэвлэнэ шүү дээ. Манайд тийм хүчин чадалтай компани байхгүй учир одоо үйл ажиллагаа явуулж байгаа жижиг компанийн хэвлэх үйлдвэрийн хүчин чадалд тааруулж сурах бичгүүдийг хэд хэдэн багц болгон хувааж, хэвлэх эрх олгож байна.

-Хичээлийн II улирал эхэлчихлээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичгээ бүрэн авч чадсан уу?

-Сурах бичгийн түгээлт аль аймгуудад дутсан, хэчнээн хүүхдэд сурах бичиг хүрээгүй талаарх судалгаа хийж байгаа. Өчигдөр VI,VII, X-XII ангийн сурах бичгүүд албан ёсоор бүрэн түгээгдэж дууссан.

Тодруулбал, I-V ангийн 340 гаруй мянган хүүхдийн сурах бичгийг долдугаар сарын 25-нд, VI-XII ангийн нийт сурагчдын 40 хувь буюу 200 гаруй мянган хүүхдийн сурах бичгийг наймдугаар сарын 15-н гэхэд орон нутагт түгээсэн. Есдүгээр сарын 1-нээс өмнө 460 мянган сурах бичгийг хүүхдүүдэд олгосон.

Өөрөөр халбал, дөрвөн хүүхэд тутмын нэг нь сурах бичигтэй болсон байсан. Одоогоор VIII-IX ангийн 85 мянга орчим сурагчид сурах бичгээ аваагүй байгаа. Энэ сарын 11-н гэхэд түгээж дуусах зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610109
0 эможи

Зочин
2019-11-06 13:33
keyboard_arrow_up