Нэг оюутны жилийн төсөв 10 сая төгрөг

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Зөвхөн сургуулийн сургалтын төлбөрөөр оюутны төсвийг тодорхойлдог нийтлэг жишиг манайд бий. Гэтэл үүнээс гадна ном сурах бичиг, хэрэглээний зардал, байрны төлбөр гэх мэтчилэн олон зардал эцэг эхийнх нь нуруун дээр ирдэг. Оюутны төсвийн талаар сурвалжлан хүргэхээр хэд хэдэн оюутны байраар орсон юм.

Оюутнуудын хамгийн зардал багатай амьдрах орчин нь дотуур байр. Гэвч амьдрах нөхцөл, тухтай орчинг бүрдүүлсэн дотуур байр гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Нийслэлийн хэмжээнд байгаа 44 дотуур байранд 15000 оюутан амьдрах боломжтой гэсэн тоон мэдээлэл бий. Энэ жил түрээсийн байрны үнэ нэмэгдэж, оюутнууд дотуур байрандаа амьдрах нь ихэсчээ. Олонх сургуулиуд байрандаа нэг болон хоёрдугаар дамжааны оюутнуудаа эхэлж бүртгэдэг. Дээд курсийн оюутнууд дотуур байранд орно гэдэг хүндхэн шалгуур болдог нь нууц биш.

Харин оюутны байранд багтаж орсон нэг нь дөрөв дөрвөөрөө бөгс эргэх зайгүй, бүдэг гэрэлтэй, умгар өрөөнд амьдардаг. Шөнийн бор хоногийг байрандаа өнгөрүүлж, хагас бүтэн сайнд айлуудаар хонох үе байдаг гэдгийг ч оюутнууд нуусангүй. Мөн эцэг эхээсээ сургалтын төлбөр, номын мөнгө байнга авна. Хол аймгийн оюутнууд хоол унд нь тасарч, хоосон хонох үе ч байдаг гэв.

Энэ жил хамгийн хямдхан оюутны дотуур байр 380 мянган төгрөг бол хамгийн үнэтэй нь 850 мянга аж.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ТӨЛДӨГ

Бид АШУҮИС-ийн дотуур байранд үд дундын үед очлоо. Олонх оюутан хичээлдээ явсан тул дотуур байр эл хуль. Хичээлээсээ саяхан тарж ирсэн бололтой нэгэн оюутантай байрны үүдэнд таарсан юм. Түүнтэй цөөн хором ярилцахыг хүсэхэд татгалзахгүй өрөө рүүгээ дагуулан явлаа. Байрны хонгилоор алхахад л сонгино, давсны үнэр ханхийж, онгорхой хаалганы завсраар хоолны үнэр сэнгэнэнэ. Урт нарийн хонгилоор нэлээд явсаар цоожтой хаалгыг нь онгойлгон өрөө рүү нь орлоо.

Сувилахуйн сургуулийн II дамжааны оюутан Х.Оюунчимэг Завхан аймгаас хоёр жилийн өмнө оюутан болж хотод иржээ. Анх оюутан болж ирснээ бодвол гэрээ санах нь багассан, учраа олоод хичээлдээ яваад ирэхээр хийдэг болчихлоор зав багатай болчихдог юм байна гэсээр яриагаа эхэлсэн юм. “Энэ жил сургалтын төлбөр гэж 2,6 сая төгрөг төлсөн. Оюутны дотуур байрны төлбөр нь 500 мянган төгрөг. Зөвхөн сургалтын төлбөр дотуур байрны мөнгөө төлөөд гурван сая гаран төгрөг болж байгаа.

Өмнөх жил эгч маань оюутан байсан учраас хоёр оюутны төлбөр төлөх гээд малчны зээл авч байсан. Энэ жил манайх ганцхан оюутантай болохоор зээл аваагүй. Дээр нь би II курст орчихсон болохоор сургалтынхаа төлбөрийг хувааж төлөх боломжтой болсон. Оюутан хүнд ном авахаас эхлээд хэрэглээний мөнгө их орно шүү дээ. Манай сургуулийн дотуур байр Сувилахуйн сургуулийн хичээлийн байрнаас нэлээд зайтай болохоор автобус унааны мөнгөнөөс эхлээд хүнд асуудлууд тулгардаг. Автобусаар зорчих оюутны хөнгөлөлттэй карт гэж байдаг ч сард 22 удаа сууна.

Ирж, очихтойгоо 12 өдөр л явдаг гэсэн үг. Бусад өдөр нь байнга л автобусны мөнгө төлнө. Өнгөрсөн жил хөнгөлөлттэй зорчдог kарт есдүгээр сарын сүүлч гэхэд л гарчихсан байсан. Энэ жил аравдугаар сар гарчихаад байхад гараагүй л байна. Сургууль руу явахдаа одоо байнга л мөнгөө төлж явж байна. Дээр нь оюутны байр хол болохоор сургуулийнхаа цайны газар хоол иддэг. Өдөр болгон 5000 төгрөгөөр хоол авч иднэ гэж бараг байхгүй. 2000-2500 төгрөгөөр ширхгийн хоол авч иднэ. Заримдаа хоол ундгүй өдөржин явах үе ч бий.

Гэрээсээ мах, боорцгоо зөөдөг ч гэсэн сарын хэрэглээний мөнгө гэж 100-200 мянган төгрөг авдаг. Энэ жил өргөн хэрэглээний барааны үнэ жаахан нэмэгдчихсэн юм шиг байна лээ. Мөнгө хурдан дуусчихаад байгаа. Жилд сургалтынхаа төлбөрөөс гадна хэрэглээний мөнгө, номын мөнгө гээд 5-6 сая төгрөгийг эцэг эхээсээ авна шүү. Тэгэхээр хурдхан төгсөөд ажил хийх юмсан гэж боддог” гэлээ.

ОЮУТАН ХҮН АЛЬ БОЛОХ ӨРТӨГ ЗАРДЛАА ХЭМНЭЖ АМЬДРАХЫГ ХИЧЭЭНЭ

Эндээс гарч, хэдхэн алхмын цаана байрлах бүдэг гэрэлтэй умгар өрөөнд тогоо шанагаа угсруулан тавьсан охин угтав. АШУИС-ын шүдний эмчийн IV дамжааны оюутан Л.Эрдэнэдалай хичээлийнхээ завсарлаганаар үдийн хоолоо хийж идэхээр ирсэн нь энэ. Увс аймгаас ирсэн хэмээн өөрийгөө танилцуулсан юм.

Тэрбээр “Анх оюутан болж байхдаа айлд байдаг байлаа. Айлд байхад зардал багатай ч хичээл хийх бололцоо муу. Шөнөжин суугаад шалгалтандаа бэлдэх үе бий. Гэхдээ айлын гэрэл асаагаад удаан суухаас эхлээд асуудал их гардаг. Нэгэнт сургуульд сурахаар зориод ирж байгаа юм чинь аль болох хичээл номондоо анхаарах цаг зав гаргах хэрэгтэй. Ая тухаа хараад үнэтэй байр түрээсэлж болох л байх. Гэхдээ оюутан хүн аль болох өртөг зардлаа хэмнэж амьдрахыг хичээнэ шүү дээ. Хоёр жилийн өмнөөс оюутны байрандаа орсон.

Дотуур байр сургуультай ойрхон учраас хичээлийнхээ зав зайгаар гэртээ ирээд хоол хийгээд идчихвэл зардлаа хэмнэж л байгаа юм. Энэ жил манай сургуулийн төлбөр нэмэгдээгүй. Хагас жилийн байдлаар 1,6 сая төгрөгийн төлбөр төлчихсөн. Дараа семестрийн төлбөртэйгөө нийлээд гурван сая гаран болно. Дотуур байрандаа жилд 500 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Дээр нь анагаахын чиглэлийн ном маш үнэтэй байдаг. Нэг ном хямддаа 20 мянга, тэгээд 50-60 мянган төгрөгийн үнэтэй. Номын санд байнга суугаад байх боломжгүй болохоор, боломж бололцоогоороо номоо худалдаж авахыг хичээнэ.

Нэг хичээлийн жилийн номоо хагас дутуу авлаа гэхэд 200-250 мянган төгрөг болдог. Оюутнууд ном сурах бичигт зардал их гаргадаг. Хоол ундны мөнгөнөөсөө хасаад номоо авна. Ер нь хоол, ундны зүйлдээ хамгийн бага зардал гаргадаг. Жил ирэх тусам хэрэглээ нэмэгдэж, зардал ихэссэн. Эхний жилүүдэд сургалтын төлбөртэйгөө нийлээд 5-6 сая төгрөг зарцуулагдсан. Одоо бараг арваад сая болж байх шиг байна. Манай мэрэгжил олон жил сурдаг болохоор хэцүү шүү дээ” хэмээн ярив. 

АШУҮИС-ийн урдхан талд МУБИС-ийн харьяа “Оюутны өргөө I, II” хотхон бий. Тус цогцолбор хотхон нь нэг байрандаа 850 оюутны багтаамжтай бөгөөд бусад сургуулийн оюутнууд сургуулийнхаа квотоор орох боломжтой. Оюутны байрнуудаас хамгийн тохилог байр учраас энэ байранд орох хүсэлтэй оюутнууд их байдаг. Арга ч үгүй биз. Тохилог дулаан орчинд хичээлээ хийгээд суухыг хүсэхгүй хэн байх билээ. Гэтэл энэ байранд ороход нэлээд өндөр шалгууртай. Биднийг тус байранд хүрэхэд мөн л эл хульхан байв. Хаалгаар ороход л халуу дүүгэнэ.

ЦАГИЙН АЖИЛ ХИЙЖ ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ МӨНГИЙГ ОЛДОГ

Арван нэгэн давхар байрны лифтээр дээш өгссөөр дөрвөн давхарт очлоо. Энд бид “Идэр” их сургуулийн оюутан А.Ачитмаатай уулзахаар цаг тохирсон юм. Нэг өрөөнд мөн л дөрвүүлээ суух бөгөөд зай талбай нь бусад байрнаас хамаагүй том, тухтай байлаа. Хоёр давхар модон орыг өөд өөдөөс нь харуулан засчээ. Орны дээд талд модон шүүгээ тавьж, цонхныхоо урд байрлуулсан ширээн дээрээ хичээлээ хийж байсан юм. А.Ачитмаа “Оюутны өргөө”-нд амьдраад гурван жил болж байна.

Би “Идэр” их сургуульд бага ангийн багшаар суралцдаг. Энэ жил төгсөх курсийн оюутан учраас хичээл ихтэй байна. Тун удахгүй хөдөө орон нутаг руу дадлагад гарна. Энэ жилийн сургалтын төлбөр 2,6 сая төгрөг болсон. Харин байрны төлбөр сарын 850 мянган төгрөг байдаг. Энэ жил л гэхэд сургалтын төлбөр байрны мөнгө гээд гурван сая гаран төгрөг ээж ааваасаа авсан байна. Би заримдаа хажуугаар нь цагийн ажил хийж хэрэглээнийхээ мөнгийг олдог. Өдөр өнжүүлэх сургалтын төвд багш хийдэг.

Өдрийн 25 мянган төгрөгийн цалинтай. Мэргэжлээрээ ажилладаг болохоор дадлага туршлага суугаад уг нь хэрэгтэй байдаг юм. Сургалтын төлбөрөө төлөөд бүх зүйл болчихно гэсэн үг биш шүү дээ. Ном сурах бичигт гэхэд л сардаа 200-300 мянган төгрөгийг зарцуулна. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг болохоор бага зэрэг ядардаг юм. Гэхдээ эцэг, эхдээ дараа болчихгүй, өвдчихгүй байх юмсан гээд л хичээнэ. Манай сургууль сургалтын төлбөрийн хөнгөлөлт их олгодог. Өмнөх жилүүдэд тэмцээн уралдаанд ороод сургалтынхаа төлбөрийг хөнгөлүүлж байсан” гэлээ. 

СУИС-ийн оюутан Б.Шаравням дүүтэйгээ хамт өөр сургуулийн дотуур байранд амьдардаг. Өөрийнхөө сургуулийн байранд амьдрах гэсэн боловч дүү нь өөр сургууль тул байрандаа хамт байх боломжгүй болжээ. Иймд хувийн сургуулийн дотуур байранд орсон байна. Тэрбээр энэ сургуульд харьяалагддаггүй учир амьдарч байгаа байрныхаа нэрийг нууцлахыг хүссэн юм. “Хоёр оюутны сургалтын төлбөр, байрны мөнгө гээд арваад сая төгрөг орж байгаа. Энэ оюутны байр жилийн 750 мянган төгрөгийн төлбөртэй.

Манай сургууль ойрхон болохоор би автобус унаанд мөнгө үрэхгүй. Харин дүү маань ХААИС-д суралцдаг юм. Автобус унааны мөнгө, хэрэглээний мөнгө нэлээд орно. Уг нь автобусны карт гэж байдаг. Тэр нь аравхан яваад дуусчихаар нэмэргүй байдаг юм. Зөвхөн автобус унаа хоол ундны мөнгө гэхэд л сард 100 гаруй мянган төгрөг орно. Би амралтын өдрөөрөө ажил хийж, хэрэгцээний мөнгөө олдог. Хөдөөнөөс бид хоёр махаа авдагч сард 30-40 мянган төгрөгийг хоол, унддаа зарцуулна. Ээж аав маань хөдөө мал малладаг.

Бид хоёрын сургалтын төлбөрийг хийх гээд малчны зээл авсан. Би өөрөө СУИС-ийн уран зургийн ангид суралцдаг. Манай сургуульд ном сурах бичгээсээ илүү зургийн хэрэгсэл их үнэтэй. Будаг цаас гэх нэг улиралд 200 мянган төгрөг болно шүү дээ. Жилд 400 мянган төгрөг гэсэн” гэв.

Их сургуулийн гудмаар оюутан залуус чөлөө завгүй холхино. Тэдэнд сургалтын төлбөр, сурах бичгийн үнэ, хоолны зардал гээд асуудал мундахгүй.

Б.Бадралмаа

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
608880
2 эможи

DR. PRADHAN
2023-01-16 13:15
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2023-01-16 13:15
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2019-10-05 19:41
Зочин
2019-10-04 15:43
keyboard_arrow_up