Цахим мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хөрөнгө зарцуулах шаардлагатай
Энэ жилийн “ICT Expo 2019” “Дижитал хөгжилд хамтдаа” форумаар эхэллээ. Төр, хувийн хэвшлийнхэн, салбар бүрийн төлөөлөл нэг өдөр цугларч цахим шилжилтэд бэлэн эсэх, юунд анхаарах вэ гэдгээ ярилцав. Мөн энэ үеэр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлж, “Цахим үйлчилгээний нэгдсэн төв”-ийг улсын хэмжээнд бүх аймаг, сум, нийслэл, дүүрэгт байгуулахаа мэдэгдлээ. Төслийн үр дүнд төрийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжиж, иргэн цахим төхөөрөмж ашиглан www.mgov.mn порталаас үйлчилгээ авдаг болох юм. ХУР, ДАН системээр дамжуулан иргэнийг цахим орчинд таньж, төрийн мэдээллийн сангаас олгодог 100 гаруй төрлийн үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг харьяалал харгалзахгүйгээр цахим төхөөрөмж ашиглан авах боломжийг олгох аж. Цаашид дижитал эдийн засгийн шинэ салбарыг Монгол Улсад бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилт тавьж буйг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас мэдэгдэв. Форумын үеэр олон асуудал хөндөгдсөний нэг нь цахим засаглалд шилжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал байлаа. Манай улсад мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль эрхзүйн орчин дутмаг. Хүний нөөц боловсон хүчин хангалтгүй байгаа учраас цахим мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатайг онцолж байв. Тухайлбал, олон улсын чиг хандлагаар 2027 он хүртэлх ажлын байрны чиг хандлагад өгөгдлийн шинжээч, хиймэл оюун ухаан, робот хөгжүүлэгч мэргэжилтэн илүү их эрэлттэй. Мөн программ, апликейшн хөгжүүлэгч, процесс автоматжуулалтын мэргэжилтэн шинэ технологийн мэргэжилтэн мэдээллийн аюулгүй байдлын шинжээч давамгайлж байгаа мэдээллийг экспертүүд дурдсан юм. “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгаагаар манай улс хатуу болон зөөлөн дэд бүтцийн хувьд дижитал эрин үед бэлэн болжээ. Харин дижитал хөгжлийг бүтээх хүний нөөц тооны болон чанарын хувьд дутагдалтай байна. Нийгмийн тэгш бус байдлын зааг, ялгааг бууруулах, эдийн засгийн гол салбаруудыг цахимжуулж үр ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн зөвлөмжийг гаргажээ. Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах, Засгийн газрын үйлчилгээг инновацид суурилсан, оновчтой болгох, орон даяар 4G сүлжээг сайжруулах, 5G сүлжээг нэвтрүүлэх шаардлагатай. Цахим танилтанд тулгуурлан нийтийн үйлчилгээг ухаалаг болгох, салбаруудыг цахим хөгжлийн стратегитэй болгохыг нэрлэлээ. Эдгээрээс хамгийн чухал нь кибер аюулгүй байдлыг хөгжүүлж, өгөгдөл хамгаалалтыг сайжруулах юм. Шинэ технологийг зохицуулах чадвартай хууль, эрх зүйн орчныг бий болгож, цахим контентийн оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа гэв.
ХХМТГ-ын дарга Б.Чинбат: Цахим үйлчилгээний нэгдсэн төвийг бүх хороо, сум сууринд байгуулна
-Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарынхан гэхээс илүү бусад төрийн болон хувийн хэвшлийнхэн форумд идэвхтэй оролцож байна. Энэ үеэр мэдээллийн технологийн хөгжлийн бусад салбарууд хэрхэн ашиглах вэ гэдгийг ярилцаж байна. Бас нэг онцлог нь Цахим хөдөө аж ахуй гэсэн стратегийн баримт бичгийг боловсруулаад дуусч байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарт цахим технологи ашиглах боломжийг бүх талаар судалсан. Бусад салбаруудтай ч гэсэн цахим технологийг нэвтрүүлэх талаар хамтарч ажиллах шаардлагатай. Төрийн үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулж 35 төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломж бүрдэж байна. Үйлчилгээний тоог 200 болгоно. Иргэн байгууллагуудад очихгүйгээр www.mgov.mn порталаас бүх үйлчилгээгээ авах юм. Эхний ээлжинд хорооны тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа гэх мэт хамгийн эрэлттэй лавлагаа, мэдээллийг авах боломж бүрдүүлсэн. Мөн төрийн нэг ажилтан дээр очоод бүх байгууллагын үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Сумдад хөрөнгө оруулалт, байр сууцны ажил хийгдэж байна. Ирэх оноос хэрэгжээд эхэлнэ. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Яамдаас санал авч Хуульзүй дотоод хэргийн яамаар үзэл баримтлалаа батлуулсан. Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барина.
Цахим эрин дэх Монгол төслийн менежер С.Тэнгис: Мэдээллийн аюулгүй байдлаараа 100-аас хойгуур байранд ордог
-Олон улсын индексээр Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлаараа 100-аас хойгуур байранд ордог. Мэдээллийн аюулгүй байдлын талаар хууль эрхзүйн орчин хангалтгүй. Цахим аюулгүй байдлын бие даасан стратеги бодлого байхгүй. Хөгжингүй орнууд тусдаа стратегийн бодлоготой байдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хуулиас гадна өгөгдөл хамгаалах зохицуулалт шаардлагатай.
Мөн энэ чиглэлд хүний нөөц, хууль эрхзүйн орчинд анхаарах шаардлагатай. Дэлхий дээр халдлагад өртдөггүй систем гэж байхгүй. Халдлагаас хамгаалахын тулд яаралтай салбарын хуулиа баталж хувь хүний мэдээлэл буюу төр өмчөө хамгаалах хэрэгтэй. Хийж байгаа ажил үүргийнхээ хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг шингээж, байгууллагадаа стандарт нэвтрүүлээд явбал тодорхой хэмжээнд хамгаалагдана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.25 ЛХАГВА №190 (6157)