Хүүхдийн эрүүл мэнд хулдааснаас дор үнэтэй гэж үү
Хөөрхөн хар нүднээсээ нулимс унаган уйлах охин цаанаа л айдастай зогсох нь өрөвдмөөр. Хажууд нь ангийнх хүүхдүүдийн эцэг эхчүүд бололтой 2,3 эмэгтэй байв. Инээснийг асуу, уйлсныг бүү асуу гэдэг өвгөдийн сургаалийг умартан өөрийн эрхгүй л "Яасан бэ миний дүү" гэж асуув. Охин хариу хэлж чадахгүй эхэр татан уйлж байснаа гарынхаа араар нулимсаа шудраад "Миний гутал бас л алга болчихож" гэв. Хэзээ алга болсон бэ гэхэд " Өглөө уутанд хийгээд өлгөөд орсон. Сая тараад ирсэн чинь алга болчихож" гээд дахин уйлав. Тэгснээ "Одоо манайх мөнгөгүй болчихсон. Миний түрүүчийн гутал олдоогүй. Ээж чийг татдаггүй гээд 70 мянгаар авч өгсөн. Сүүлд алга болдгийг нь "Чийг л татахгүй бол болох нь тэр" гээд 40 мянган төгрөгрөөр авч өгсөн" гээд бас л уйлав...
Энэ дүр төрх Баянзүрх дүүргийн лаборатори 44 дүгээр сургууль дээр ганцхан өдөр болсон асуудал биш. Ийм асуудалгүй өдөр гэж үгүй гэхэд хилсдэхгүй.
Ард түмний амьдрал ядуу, тэр тусмаа гэр хорооллынхны амьдрал бүр ч хүнд байдаг. Гэтэл хичээл эхлээд 2 долоо ч хоноогүй байхад энэ хүүхдийн аав ээж 110 мянган төгрөгөөр 2 гутал авч өгсөн атал хүүхэд нь өнөөдөр сургуульдаа сольж өмсөөд орсон таавчигтайгаа үлдчихээд уйлж буй нь энэ юм. Уйлахаас ч яахав. Аав ээждээ загнуулна. Мөнгөгүй болсон тул гэрт өмсдөг шаахайтайгаа хичээлдээ ирж явах дээрээ тулж.
Зургаа, долоохон настай хүүхдүүд өнөөдөр эрдэм ном сурах гэж ядарч, шантарч, цэцэрлэгийн багачуудаас ч дутахгүй уйлаан майлаантай, нойрмог хүүхдүүд зарим нь унтаагаараа тэврүүлчихсэн хичээлдээ ирж байдаг. Гэтэл тэдний гутлыг тайлуулж оруулах ямар шаардлага байнаа.
Шил толь болсон "пүү" гэж үлээх тоосгүй орчинд хичээллэж байна уу гэвэл түүн шиг үлгэр үгүй.
"Цагаан хулдаастай учраас хар зураас гарчихдаг юм" гэх тайлбарыг багш ажилчид гээд шат шатны удирдлагууд нь хэлэх биз. Тэгвэл өнөөдөр бидний хүүхдийн эрүүл мэнд шалны хулдааснаас дор үнэтэй гэж үү.
Мэдээж хүүхдүүд гутлаа барьсан гараа угаагаад хичээлдээ орох боломжгүй. Тэгэхлээр нян бакатеритай тэр гараараа шүд амаа оролдоно. Үдийн хоол, цайгаа ч зооглодог нь тодорхой.
Боловсролын сайдаа, боловсорч эхлэх гэж байгаа бяцхан үрсээ бакатериар дарамтлах хэрэг байна уу.
Эх сурвалж: erennews.mn
|