Импортын ба үндэсний үйлдвэрлэгчдийн сурагчийн дүрэмт хувцасны “ЯЛГАА“
Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах арга хэмжээ өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо.
Энэхүү танилцуулах арга хэмжээний үеэр эцэг эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчид болон холбогдох төрийн байгууллагуудаас санал авах, нээлттэй хэлэлцүүлэг явуулах байсан боловч үйлдвэрлэгчдээс бусад төлөөллүүд хамрагдаж чадаагүйн улмаас хойшилсон юм.
Манай улсад сурагчийн дүрэмт хувцасны зах зээлийн 70-аад хувийг эрүүл ахуй, эдэлгээний хувьд шаардлага хангах эсэх нь тодорхойгүй, хямд үнэтэй импортын хувцас эзэлж байгааг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан онцоллоо.
Иймд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А192 дугаар тушаалаар сурагчийн дүрэмт хувцасны стандарт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, стандартын төслийг боловсруулаад байгаа юм.
Уг төсөл нь сурагчийн дүрэмт хувцсыг чанар стандартын шаардлага хангасан байхаар үйлдвэрлэж, хүүхдийг эрүүл өсөж бойжиход нь нөлөөлөх чухал ач холбогдолтой аж.
Төслийн талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Нарандолгор “Өнөөдөр стандартын төсөл боловсруулах хэрэгцээ хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн аль аль талд үүссэн. Иргэдийн хувьд чанар стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн их байгааг хэлдэг. Харин үйлдвэрлэгчид чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад импортын хувцаснаас болж муу борлуулагддаг талаар хэлдэг.
Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн складад хураагдсаар байна.
Иймд сурагчийн дүрэмт хувцасны стандартын баримт бичгийг боловсруулснаар эрүүл ахуйн хувьд ч тэр бусад зүйлд хяналт тавих боломжтой болно” гэлээ.