Э.Түмэндэмбэрэл: МСҮТ-ийн элсэлт есдүгээр сар хүртэл үргэлжилнэ
Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын элсэлт эхэлсэнтэй холбогдуулан сурах орчин нөхцөл, cap бүр тэдэнд олгодог 100 мянган төгрөгийн тэтгэлгийн талаар ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э. Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.
-МСҮТ-д суралцагчдын тоо нэмэгдэх болсон шалтгаан нь юу юм бол?
- Нэг үеэ бодвол залуусын хандлага өөрчлөгдөж хөгжлийг өөрсдөөсөө эхлэх цаг болсон гэдгийг үлгэрлэх болсон нь мэргэжлийн боловсролын салбарын бахархал юм. XXI зуунд тэр дундаа зах зээлийн нийгэмд гарын ур дүй, ухааны цараар баялаг бүтээж амьдрах ёстойг ойлгож эхэлсэн.
Сурлагын оноо тааруу, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд МСҮТ-д сурдаг гэсэн явцуу ойлголт өөрчлөгдөж, залуус огт өөр өнцгөөс асуудалд хандах болсон нь суралцагчдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэж бодож байна.
-Ажлын байрны эрэлт хэрэгцээ ямар байгаа вэ. Ямар мэргэжил эрэлттэй байна?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааг жил бүр хийдэг. Энэ судалгаагаар хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, бодлого боловсруулагчид, судлаачид болон хэрэглэгчдэд хүргэдэг. Энэ судалгаагаар энэ онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна.
Ажиллах хүчний эрэлтийг салбараар тодруулбал, барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа. Тиймээс бид ирэх жилүүдэд илүү олон мэргэжлээр ур чадвартай залуусыг бэлтгэн гаргах шаардлагатай.
-Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын нийт төгсөгчдийн 70-80 хувь төгссөн даруйдаа ажлын байртай болдог гэсэн мэдээлэл байна. Энэ нь элсэлтээ хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан авдагтай холбоотой юу?
-Элсэлт төгсөлтөө хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан төлөвлөдөг. Элсэлтээ төлөвлөхдөө, тухайн бүс орон нутгийн хэмжээнд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчийн захиалга, мэргэжлийн холбоодын саналыг харгалзан үздэг.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар өдрөөс өдөрт хөгжиж, суралцагчдын эзэмшсэн мэргэжил, ур чадвар нийгмийн эрэлт хэрэщээнд чухал шаардлагатай болж байгаа нь ажил олгогч томоохон хувийн хэвшлийн байгууллагын захиалга өргөжин нэмэгдэж байгаагаас харагдаж байна.
Мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдог. Мөн өөрсдөө ажлын байраа бий болгох боломж ч өндөр байдаг.
-Энэ жил МСҮТ, политехник коллежууд хэдийд элсэлтээ авах, хэчнээн хүүхэд элсүүлэх урьдчилсан тооцоо гарсан уу?
-Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын элсэлт эхэлсэн. Есдүгээр cap хүртэл үргэлжилнэ. Манай МСҮТ, политехник коллежийн элсэлтийн зар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхэлсэн байгаа. 2019-2020 оны хичээлийн жилд 28 мянга орчим суралцагч элсүүлэхээр төлөвлөөд байна.
-Энэ жил улсын хэмжээнд ЭЕШ өгөх элсэгчдийн тоо 2.5 дахин буурсан. ЕБС төгсөгчдийн тоо бага байх нь элсэлтэд хэр нөлөөлдөг бол?
-Энэ хавар Ерөнхий боловсролын сургуулийн XII ангийг 16 мянга гаруй сурагч төгсөж байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Харин IX ангийг 42 мянга гаруй сурагч төгсөнө.
Ер нь IX анги төгсөгчдийн 17-19 хувь нь, XII анги төгсөгчдийн 10-12 орчим хувь нь МСҮТ, политехник коллежид элсэн суралцдаг гэсэн судалгаа байгаа. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын IX, XII анги төгсөгчдөөс 10 мянга орчим, ажил олгогчийн захиалгат сургалт, ажил хийдэг болон ажилгүй иргэдээс 17 мянга гаруй хүн элсэн суралцах төлөвтэй байна.
-Энэ жилийн хувьд элсэгчдэд дуулгах шинэ мэдээлэл юу байгаа вэ?
-Засгийн газар, ХНХЯ-наас өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь МСҮТ, политехник коллежид суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлгийг cap бүр олгож байна.
Энэ нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэхэд хөшүүрэг болно гэж үзэж байгаа.
-Энэ салбарын дэлхийн чиг хандлага ямар байгаа вэ. Хэрхэн өөрчлөгдөж байна?
-XXI зууны хөгжлийг ур чадвар эзэмшсэн мэргэжилтэй ажилчид л түүчээлж байна. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна. Өндөр хөгжилтэй гэгддэг ХБНГУ, БНСУ, Япон мэргэжлийн боловсролын салбараа илүүтэй дэмждэг. Энэ салбараас төрөн гарсан ур чадвартай залуус нь өнөөдөр өндөр технологи, бүтээн байгуулалтыг бий болгож ажлын байрыг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Монгол залуус ч дэлхийн ур чадвараас хоцрохгүй хөгжиж чадна. Өнөөдөр бид мужаан, цахилгааны мэргэжлийг төсөөлөхдөө, модоор сандал ширээ хийдэг гэх ч юм уу, эсвэл бахь утас бариад гэрэл залгадаг төдийхнөөр хардаг.
Тэгвэл мужаан хүн гэхэд 2D, 3D технологиор нарийн ур хийц шингээсэн модон эдлэлийг сүүлийн үеийн багаж ашиглан урлаж, мм-ийн зөрүүгүй зураг хэмжих гаргах, ажлын зургийн дагуу гүйцэтгэдэг технологид давхар суралцах болсон. Харин цахилгаанчин гэхэд компьютер дээр программ зохиох, далд нарийн холболтоо програмчлалын дагуу хийх гээд дэлхийн стандартын дагуу суралцах цаг үед ирсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин