ЭЕШ-ын материалыг шууд засах боломжтой боллоо
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 50 ширхэг (cкантрон) засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд хүлээлгэн өглөө.
Тус төслийн санхүүжилтээр шалгалтын материалыг шууд засахад хэрэглэгдэх засагч машины ашиглалт болон дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсыг уншуулан дүн мэдээг нэгтгэх үүрэг бүхий 68 мэргэжилтнийг шалгалтын 50 төвд бэлтгэсэн. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд 2019 оны 6 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдах их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-д шууд засалтын үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвийн удирдлага дор хариуцан ажиллах юм.
Шууд засалтын технологи нэвтэрснээр:
1. Шалгуулагчид өөрийн авсан анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болно.
2. Шалгалтын үр дүнгээ хүлээн 14 хоног хүлээх шаардлагагүй болно.
3. Нийгэмд шалгалтын засалт, үр дүнгийн талаар үүсдэг таагүй ойлголт, хардлага арилна.
4. Шалгалтын материал засахад зарцуулдаг хүн хүч, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой болно. Жишээлбэл: Шалгуулагчид авсан оноогоо мэдэхийн тулд шалгалтын төв дээр дахин ирэх зардал, шалгалтын материалыг засахын тулд шалгалтын чиглэл бүрээр цагдаагийн хамгаалалтын дор 14 хоногоор ажилладаг байсан ажлын хэсгүүдийн зардал жил бүр хэмнэгдэнэ.
5. Их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг эрт буюу 6 дугаар сард багтаан зохион байгуулах боломжтой болно. Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын шууд засалтын үеэр гарч болох эрсдлүүдийг нарийвчлан тооцоолж, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Эх сурвалж: БСШУСЯ