Гэрийн даалгавар: Монгол, Орос, Америк
МОНГОЛД ХҮҮХДҮҮД ГЭРИЙН ДААЛГАВАРТАА 2-3 ЦАГИЙГ ЗАРЦУУЛДАГ
Харин Монгол Улсын хувьд даалгаврын хугацаа нь олон улсын жишигтэй ойролцоо гэсэн судалгаа бий. Гэвч үүнтэй зарим багш болон эцэг эхчүүд санал нийлдэггүй. Зарим хүүхэд ачааллаа дийлэхгүйгээс болж ядаргаанд орж стрессдэх асуудал гардаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сурагчдад өгөх нэг өдрийн гэрийн даалгаврын хэмжээ, ачааллыг сургалтын агуулга, сурагчдын нас, бие хөгжлийн онцлогт тохируулан өгөх зөвлөмж гаргажээ. Зөвлөмжийн дагуу I ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой ажээ. Харин II-III ангийн сурагч 1.5 цаг, IV-V ангийн сурагч хоёр цаг, дунд ангийн сурагч 2.5-3 цаг, ахлах ангийн сурагчийн гэрийн даалгавар 3.5 цагаас ихгүй байх шаардлагатай аж. Гэвч энэ дүрэм журам биелэгдэж байгаа нь асуудалтай. Зөвхөн нэгдүгээр ангийн сурагчдын тухай ярихад нэг цагийн дотор даалгавраа хийж дуусгана гэдэг үлгэр. Дөнгөж зургаан настай хүүхэд тогтвортой суугаад нэг цаг зөвхөн хичээлд төвлөрнө гэхэд юу л бол. Хэт их хичээл хийснээс болж эрүүл мэндээрээ хохирч, ядаргаанд орж, эмнэлэгт хэвтэх тохиолдол гардаг тухай хүүхдийн эмч Т.Оюунсүрэн ярьж байсан юм. Тэрээр “Өнгөрсөн жилийн судалгаагаар зөвхөн мэдрэлийн ядаргаанд орсон гэсэн оноштойгоор 3500 орчим бага ангийн хүүхэд эмчийн зөвлөгөө, эмчилгээ авсан байна. Энэ бол их тоо. Үүний шалтгааныг нь судлахад хэт их хичээл хийсэн, стрессдэж ядаргаанд орсон гэсэн дүгнэлт гарсан. Энэ мэдээж хичээлийн цаг, гэрийн даалгавартай холбоотой.
Дөнгөж ухаан сууж, тоглож наадах насан дээрээ хичээл хийж, даалгавартаа дарагдахаар аргагүй. Тиймээс багш нар хүүхдийн эрүүл мэндийг бодож гэрийн даалгаврын хэмжээг багасгах шаардлагатай” гэсэн юм. Тэгвэл Английн бага сургуулийн сурагчид гэрийн даалгаварт зөвхөн 10-30 минутыг зориулдаг гэсэн судалгаа гарчээ.
“Хоёр хуудас үсэг бичүүлэхэд гар нь чилж, салганадаг”
Сурагчдыг гэрийн даалгавраар шахах нь нэгдүгээрт, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хоёрдугаарт, хүүхдийг сургуульд, хичээлд дургүй болгох муу нөлөөтэй ажээ. Өнгөрсөн онд нийслэийн ерөнхий боловсролын 15 сургуульд “Хичээлийн цаг, агуулга, гэрийн даалгавар” гэсэн гурван бүлэгт судалгаа явуулжээ. Үүнээс зөвхөн гэрийн даалгавар бүлгийг авч үзье. Судалгаанд оролцсон сурагчдын 45 хувь нь гэрийн даалгавар их өгдөг учир хичээлд явах ямар ч сонирхол байдаггүй гэж хариулжээ. Харин 11 хувь нь гэрийн даалгавраа хийгээгүй үедээ албаар хичээлээ тасалдаг гэсэн хариулт өгсөн байна. Судлаач Б.Ариунтүвшин “Би Солонгост байхдаа Сөүлийн бага сургуульд багшилдаг байсан юм. Тэнд багш нар хүүхдийн гэрийн даалгаварт төдийлэн ач холбогдол өгдөггүй. Учир нь боловсролын тогтолцоо нь их сайн. Хүүхэд авах ёстой мэдлэгээ зөвхөн сургууль дээр багшаас авах ёстой. Харин гэрийн даалгаварт бичиж, уншиж, бодох биш хичээлтэй нь холбоотой сэтгэхүй шаардсан хөгжилтэй тоглоом, дуу, шүлэг сурч ирээрэй гэдэг. Харин манай Монголд эсрэгээрээ юм. Багш нар хичээлийн цагт багтаагүй бодлогоо гэрийн даалгаварт нэмээд өгөх жишээтэй. Дөнгөж нэгдүгээр ангийн хүүхдэд 3-4 дасгал ажил өгч байна. Зургаан настай хүүхэд үүнийг дийлэх үү. Энэ асуудлыг цэгцэлмээр байгаа юм” гэв. Б.Долгормаа “Манай хүүхэд Ган зам цогцолборын долдугаар ангид сурдаг. Хичээлийн бусад цагаар математикийн хичээлээр сонгон суралцаж байна. Хичээлээ тараад хоёр цаг давтлагадаа суугаад орой гэртээ ирнэ. Ирэнгүүтээ гэрийн даалгавраа хийх хэрэгтэй болдог. Багаар бодоход 2-3 цаг зориулж байна. Эхийнх нь хувьд ядаргаанд орчих вий гэж санаа зовох юм” гэсэн юм. Харин нэгдүгээр ангийн сурагч Б.Одмандахын ээж Б.Алтаннавч “Манай охин 45 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Дөнгөж бичиг, тоо сурч байгаа хүүхдэд багш нар хэтэрхий их даалгавар өгөх юм. Бүтэн хоёр хуудас үсэг бичүүлэхэд гар нь чилж, салганадаг. Бага ангийн хүүхдийг даалгавраар дарах нь зөв ч юм уу. Уг нь гэртээ ирээд амарч, тоглох ёстой биз дээ” гэсэн юм. М.Бямбажав “Манай хүү 76 дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Гэрийн даалгаврын хувьд хэтэрхий их юм шиг санагддаг. Өглөө 08:00 цагаас хичээл нь ороод 11 цаг өнгөрөөж тарж байна. Ирээд даалгавраа хийсээр байтал өдөр өнгөрөх жишээтэй. Зөвхөн тоо бодлогын хичээл дээр гэхэд гурван бүлэг бодлого боддог. Нэг бүлэг нь дотроо 2-4 бодлоготой. Үүнээс болоод бухимдах, уурлах асуудал гардаг” гэв.
СУРАГЧДЫН АЧААЛЛЫН ШИНЭ ХЭМ ХЭМЖЭЭ ОРОС УЛСАД БИЙ БОЛЖ МАГАДГҮЙ
Сурагчдын ачааллын хоногийн хэм хэмжээг боловсруулахыг Бүх Оросын ардын фронтоос санал болгожээ. Өнөөдрийн үнэлгээгээр бага сургуулийн хүүхдийн долоо хоногийн “ажлын цаг” 47 байгаа нь сурагчдын эрүүл мэндэд нөлөөлж байна. Үүнд хичээлийн цагаас гадна дугуйлан, секц, бас гэрийн даалгавар хамаарна гэж “Российская газета”-д бичсэн байна. Сурагчдын ачаалал яагаад ийм их байдаг вэ. Боловсролын улсын стандартад тусгасан бүхнийг судлахад хүүхдүүдэд цаг хүрэлцдэггүй болохыг Бүх Оросын ардын фронтын шинжээчид нотлон дүгнэж байна. Эцэст нь сургуулийн зарим дугуйлан тодорхой хэсэг хичээлийн хөтөлбөрийг заавал судлах цагийн үргэлжлэл болж хувирчээ. Сургууль дээр болон нэмэлт боловсролын тогтолцоонд дагаж мөрдөх хүүхдийн ачааллын зөвшөөрөгдөх хэм хэмжээг эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрэм, нормд зааж тусгасан байх ёстой. Ийм хэм хэмжээг боловсруулах санал хүсэлтийг бид хэрэглэгчийн эрх, хүний сайн сайхан аж байдлыг хамгаалах салбарын хяналт шалгалтын холбооны албанд хандаж гаргасан хэмээн Бүх Оросын ардын фронтын хэрэгжүүлж байгаа “Хүүхэд бүрт тэгш боломж” төслийн зохицуулагч, депутат Любовь Духанина өгүүлжээ.
Гэтэл хүүхдэд ногдох ачааллыг эрүүл ахуйн нормд тодорхой зааж өгсөн байдаг аж. Гагцхүү эдгээр шаардлага, нормыг газар сайгүй дагаж мөрддөггүйд л асуудал оршдог байна. Тухайлбал, гэрийн даалгаврын тоо хэмжээгээр Орос улс олон жилийн турш дэлхийд тэргүүлсээр байгаа. Гэрийн даалгаврын цагийн ачаалал II, III ангид 1.5, IV, V ангид хоёр цаг, VI-VIII ангид 2.5, IX, XI ангид 3.5 цагаас илүү байж болохгүйг дүрэмд заасан байтал шүү.
Нэгдүгээр ангийнхны хувьд гэрийн даалгавар огт байх ёсгүй. “Эдгээр нормыг эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй бөгөөд дагаж биелүүлэхийг сургуулиас шаардах ёстой. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сургуулийн захиргаанаас тайлбар гаргуулах хэрэгтэй. Хүүхэд, эцэг эхийн эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн боловсролын байгууллагыг үүсгэн байгуулагч нарт эсвэл хяналт, шалгалтын байгууллагад хандах хэрэгтэй” хэмээн Оросын боловсролын академийнхан “Российская газета”-д өмнө хийсэн ярилцлагын үеэр танилцуулж байсан.
Мөрдөж буй Эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрэм, нормоос
Хичээллэх долоо хоногийн туршид боловсролын долоо хоногийн ачааллыг жигд хуваарилах хэрэгтэй. Үүнд нэг өдрийн байж болох ачааллын дээд хэмжээ нь I ангийн сурагчдын хувьд өдөрт дөрвөн хичээл, биеийн тамирын хичээлийг оролцуулаад долоо хоногийн нэг өдөр таван хичээлээс илүүгүй.
II-IV ангийн сурагчдын хувьд өдөрт таван хичээл, долоо хоногийн зургаан өдөр нь хичээллэх тохиолдолд биеийн тамирын хичээлийг оролцуулаад долоо хоногийн нэг өдөр зургаан хичээлээс илүүгүй. V, VI дугаар ангийн сурагчдын хувьд өдөрт зургаан хичээлээс илүүгүй. VII-XI ангийн сурагчдын хувьд өдөрт долоон хичээлээс илүүгүй байх ёстой. Хичээлийн хуваарийг зохиохдоо долоо хоног болон өдөр бүр хичээлүүдийн харилцан адилгүй нарийн төвөгтэй байдлыг харгалзан ээлжлэх хэрэгтэй. Үүнд:
-Боловсролын I түвшний сурагчдын хувьд үндсэн хичээлүүдийг (математик, орос болон гадаад хэл, байгал судлал, мэдээлэл зүй) хөгжим, дүрслэх урлаг, хөдөлмөр, биеийн тамирын хичээлтэй.
-Боловсролын II-III түвшний сурагчдын хувьд байгалийн ухаан, математикийн чиглэлийн хичээлүүдийг хүмүүнлэгийн хичээлүүдтэй.
-Хүндэвтэр хичээлүүдийг I ангийн сурагчдын хувьд хоёрдугаар цагт; II-IV ангийн сурагчдын хувьд 2-3 дугаар цагт, V-XI ангийн сурагчдын хувьд 2-4 дүгээр цагт оруулах ёстой.
-Хичээллэх өдрийн туршид хяналтын ажлыг нэгээс илүү авахгүй байх нь зүйтэй.
-Хяналтын ажлыг 2-4 дүгээр цаг дээр авахыг зөвлөмж болгоно гэжээ.
Өнөөдөр эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрэмд заасны дагуу гэртээ хийж гүйцэтгэхэд цаг хугацаа их шаардах хичээлүүдийг нэг өдөр давхцуулахгүй байх ёстой хэмээн гэгээрлийн яамныхан тайлбарлав. Сургуульд судлах үндсэн хөтөлбөрийн цар хэмжээний хүрээг холбооны боловсролын улсын стандартаар тогтоодог. Стандартын шинээр боловсруулж байгаа төсөлд хөтөлбөрийг судлах цагийн дээд, доод хязгаарыг нарийн заасан. Ингэхдээ суралцагсдын ачааллыг багасгаж, заавал судлах цагийн тооны босгыг бууруулсан ажээ.
АНУ-Д ГЭРИЙН ДААЛГАВАР ХИЙХ ХУГАЦАА 10 МИНУТААС ЭХЭЛЖ БАЙНА
Америк хүүхдийн гэрийн даалгаврын тухайд нарийвчлан судалж оновчтой санаа дэвшүүлсэн улсын нэг яах аргагүй мөн. Долдугаар анги хүртэлх сурагчдын дунд өнгөрсөн бүхэл бүтэн зуун эсвэл түүнээс ч өмнөх цаг хугацаа тэр чигтээ гэрийн даалгавар хийнэ гэдэг нэг ёсондоо хамгийн хэцүү бас ярвигтай ажлын нэг байлаа. Хагас зууны турш АНУын хувьд гэрийн даалгаврын тодотголтой хямрал үргэлжилж 1960-1970 онд үүнийг илүү бүтээлчээр хийх санааны анхны алхмыг хийсэн байдаг. XXI зуунд ч Америкийн өсвөр насныхан 1990 оныхноос нэг их өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, тэд одоо ч өдөрт багагүй цаг хугацааг гэрийн даалгавар хийхэд зориулж байна. Энэ жилийн эхээр Массачусетс мужийн Самрвилл дүүрэгт сурагчдын гэрийн даалгавар хийлгэх цагийг багасгах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэхдээ бага болон дунд ангийн хүүхдүүдэд энэ бодлогын өөрчлөлтийг мэдрүүлэхийг хүсчээ. Жишээлбэл, VI-VIII ангийн хүүхдүүд гэрийн даалгаварт өдөрт нэг л цаг зарцуулах бөгөөд долоо хоногийн 2-3 өдөр л гэрийн даалгавар хийхээр журам гаргасан байна. Массачусетсийн Ловллийн сургуулийн боловсролын чиглэлээр ажилладаг профессор Жэк Шнайд энэ бодлогын өөрчлөлтөд таатай хандаж байгаа. Түүний охин Самрвиллийн сургуульд суралцдаг юм байна. Айвагийн Данкертон хэмээх жижиг хотын ахлах сургуульд испани хэл заадаг Аллисон Уинхолд сүүлийн гурван жил сурагчиддаа гэрийн даалгавар өгөхөөс татгалзжээ. Түүний бодлоор сурагчид нь нэг бол долоо хоногийн 30 цаг ажил хийнэ эсвэл дүүгээ харж үлдэх хариуцлага үүрдэг учир гэрийн даалгавар хийх цаг бага гэж дүгнэсэн байна.
Гэрийн даалгаврын хэмжээг багасгана
Боловсролын байгууллагууд гэрийн даалгаврын хэмжээг багасгах тухай ярьж эхэлсэн ч ямар хэлбэрийн гэрийн даалгавар сурагчдад илүү тохирох талаар санал асуулга үргэлжилсээр байна. Энэ судалгаатай үл эвлэрэх хүмүүс ч байсаар байна. Өөрөөр хэлбэл, хоёр хотхны нэг нь санал нийлэхгүй хэвээр байгаа юм.
Эхний хотхонд нь Дюкийн их сургуулийн физиологи, неврозийн судлаач профессор Харрис Күүперийнх. Күүпер 2000 онд сурагчдын гэрийн даалгаврын ачаалал даах чадварын талаар судалгаа хийжээ. Ингэхэд ахлах ангийн сурагчид гэрийн даалгаврын ачаалал даах чадвараараа бага ангийнхнаасаа илүү байгааг тогтоосон байна. Үүнээс үндэслэн хүүхдийн гэрийн даалгавар хийх хугацааг “10 минутын дүрэм”-ээр зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Анх сургуульд орж буй жил хичээл хийх цаг өдөрт 10 минут байх бөгөөд анги өгсөх тусам 10 минутаар энэ хугацааг сунгах юм. Ахлах ангийнхны хувьд энэ хугацаа хоёр цаг хүртэлх байдлаар нэмэгдэх аж. Тэгвэл хоёр дахь хотхонд “Гэрийн даалгаврын нууц: Яагаад бидний хүүхдүүд муу зүйлд ихээр өртөөд байна вэ” номын зохиолч Алфий Кохн “Гэрийн даалгавар магадгүй хүүхдийн сониуч байдлыг үгүй хийх боломжтой” гэж тэмдэглэжээ. Түүнчлэн Кохн “Маргааш өгөх шалгалтынх нь хариуг хүүхдийн толгойд хүчээр цээжлүүлэхийг хүсвэл тэд дараагийн долоо хоногт нь үүнийгээ мартаж орхино гэдгийг мэдэх хэрэгтэй. Харин үүнийхээ оронд тэдэнд цээжлэх цагийг нь гаргаад өгвөл оноогоо өсгөх бодит боломж нь болж мэднэ” гэж хэлжээ. Түүний тайлбарлаж буйгаар үүнд философийн байр сууринаас хандах хэрэгтэй гэнэ. “Гэрийн даалгавар гэхээр академик боловсролыг л яриад байдаг. Гэтэл хүүхэд хүн байхын тулд сургуулийн, хичээлийн өдөр ч хангалтгүй” гэж тэрээр ярив.Тэгвэл Уандарбилтийн Пийбодий коллежийн боловсролын салбарын профессор Барбара Стенгел хоёр ч судалгааны ажил эхэлжээ. Түүний үзэж буйгаар боловсролын систем гэрийн даалгаврыг ямар ч бодлогогүйгээр буюу механикаар цээжлэх хэрэгсэл болгож байгаа юм. “Багш нар гэрийн даалгаврыг илүү бүтээлч болгохыг хичээж байгаа. Гэхдээ хүүхдүүд даалгавраа хийхээс айдаг болчихлоо. Учир нь тэд өдөр бүр шалгалтдаа муу дүн авахвий гэсэн айдсаас салж чадахгүй байна” гэж Барбара хэллээ. Хоёрдугаарт, Барбарагийн онцолж буйгаар багш нарын цалин харьцангуй бага, бие даах боломжоор хязгаарлагдмал учир даалгаврыг дахин загварчлах зайлшгүй шаардлагатай аж. “Бид гэрийн даалгаварт тэгтлээ анхаарч чадахгүй байгаагийн шалтгаан нь багш мэргэжлээр хангалттай удаан ажиллах мэргэжилтэн хязгаарлагдмал болоод байгаад оршиж байна” гэж тэрээр хэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин