Сингапур сургуулийн хоолноос хордсон 84 хүний 44 нь ХӨСҮТ-д эмчлүүллээ
SSM буюу Сингапур-Монголын хамтарсан дунд сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Хордлогын улмаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар ХӨСҮТ-д 44 өвчтөн хэвтэж байсан бөгөөд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан хоёр хүүхэд энгийн тасаг руу шилжиж, ерөнхийдөө өвчтөнүүдийн бие сайжирсан гэсэн.
Манайхан аливаа ноцтой асуудлыг анх сонссон үедээ л сүр дуулиан болгоод өнгөрөөдөг нь гэм биш зан болсон байдаг. Тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээлэл төдийлөн тодорхойгүйгээр ард хоцордог нийтлэг дүр зурагтай. KFC сүлжээ хоолны газарт гарсан хоолны хордлогын үед хэчнээн хүн өвдөж, анх юу болсон талаар бараг бүгд мэднэ. Харин ямар хариуцлага хүлээлгэж, дүгнэлт нь юу гэж гарсан гэдгийг сонссон хүн ховор байх.
Сингапур-Монголын сургуулийн хувьд ч мөн л төчнөөн хүн хорджээ гэж шуугиад л намжлаа. Тэгвэл тухайн үеийн нөхцөл байдлын талаар болон хэрэг явдлын талаар мэдээлэл авлаа.
Бид хордлогын голомт болох БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах SSM сургууль дээр очсон юм. SSM сургуулийг “Улаач чандмань” ХХК байгуулсан бөгөөд тус компани нь нийт сургууль, цэцэрлэг, МСҮТ гээд боловсролын 6 байгууллагатай. Сингапур-Монгоьлын сургууль нь 2018 оны наймдугаар сард анх нээгдсэн. Нийт 173 сурагчтай, 32 багш, ажилтантай. Хоолны үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа компани нь 2019 оны гуравдугаар сарын 1-нээс энд ажиллаж эхэлсэн юм байна.
Сургууль гэхээсээ үйлчилгээний төв шиг харагдах SSM-ны барилга Цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг талд зам дагуу байрлах бөгөөд гадна орчны хувьд сурагчдын аюулгүй байдал их эрсдэлтэй харагдана. Яагаад гэвэл хаалга нь төв замтай маш ойрхон. Ямар ч хаалт, хамгаалалтгүй юм.
Сургуулийн хаалга түгжээтэй, дотор нь харуул нь бололтой нэг нас тогтсон эрэгтэй байна. Тэр хүн хаалгаа бага зэрэг завсар гаргах төдийд онгойлгон “сурагчид амарсан болохоор сургууль дотор ямар ч хүн байхгүй” гэж хэлээд хаалгыг хааж байсан юм.
Сургуулийнх нь вэб хаягаас авсан хоёр дугаар луу залгасан боловч утсаа авсангүй. Ямартай ч нэг нь тус сургуулийн сургалтын менежерийнх нь дугаар гэж байсан санагдана. Түүнд учраа тайлбарлаж бичил захидал явуулсан ч дуудлагыг бас л авсангүй. Магадгүй тайлбар хийхийг хүсээгүй бололтой.
Тиймээс сургуулийг орхин, ХӨСҮТ-ийг зорив.
Тус эмнэлгийн Эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай уулзаж, нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
-Сингапур сургуульд дэгдсэн хоолны хордлогын эхний тохиолдол танайд яг хэдийд бүртгэгдсэн бэ?
-Энэ сарын 4-ний орой 22:35 цагт эхний таван хүүхэд ирсэн. Тэр цагаас эхлээд л тандалтын мэргэжилтэн, лабораторийн мэргэжилтэн, эмнэлзүйч эмч орсон баг ажиллуулаад шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч, чиг үүргийнхээ дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж ажилласан.
-Сэхээнд байсан хоёр хүүхдийн бие хэр байна. Цусан суулгын нян илэрсэн гэсэн. Энэ талаар тодруулаач.
-Энэ сарын 5-ны өдөр эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хоёр хүүхэд хоёр хоноод энгийн тасагт шилжсэн. Бид тухайн сургуулийн бүх багш, ажилтан, хүүхдүүдээс буюу 200 гаруй хүнээс судалгаа авч, тэдгээр хүмүүсээс нэг газар хооллосон, бөөлжих, суулгах, халуурах, гэдэс базлах гэсэн ижил зовиур илэрсэн 84 хүнийг олж илрүүлсэн. 84 хүнээс 44 нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн 39 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа, 1 хүүхэд дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Нийт 70 сорьцын 30-д нь цуусан суулга үүсгэгч илэрсэн. (Энэ нь ХӨСҮТ-ийн өнгөрсөн долоо хоногийн дүн мэдээ)
-30 хүнд илэрсэн гэхээр бусад нь ямар оноштой юм бэ?
-Бусад өвчтөнүүд нь нэг эх үүсвэртэй, нэг голомтынх учраас мөн адил цусан суулгын эмчилгээ хийлгэнэ гэсэн үг.
-Эмчилгээний төлбөр зардал нь яаж зохицуулагддаг вэ. Хордлого дэгдсэн сургуулийн зүгээс тодорхой хэмжээгээр зардал гаргах ёстой юу?
-Халдварт өвчин бол Эрүүл мэндийн 100 хувийн даатгалаар эмчилгээ хийгддэг. Манайх нэг ч эм, тариа гаднаас авдаггүй юм.
-KFC сүлжээ хоолны газарт гарсан хоолны хордлогын дэгдэлтээс хойш, энэ сургуулийн хордлогоос өөр ямар нэгэн байдлаар олныг хамарсан хордлого гарсан уу?
-Үгүй. Ер нь анхааруулж хэлэхэд, олныг хамарсан, нэг голомтод халдвараас сэргийлэхийн тулд ДЭМБ-аас гаргасан “Аюулгүй хоол хүнсий 5 түлхүүр” зөвлөмж гэж бий. Үүнийг хувь хүн ч, хоол хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид ч, хүүхдийн байгууллагууд ч, бүгд амьдрал ахуй, үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явбал гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ зөвлөмж нь эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой гэж ойлгож болно.
-Ер нь олон хүнийг хамраагүй хоолны хордлогын тохиолдол хэр олон байна?
-Ойрын хугацаанд ирээгүй. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд хэн нэг нь хордлого аваад ирэх нь цөөхөн л дөө. Ийм тохиолдол ховор, хааяа л ирдэг юм.
-Цусан суулга өвчин аминд хэр халтай вэ. Эмчилгээний дараа хоолны дэглэм барих, эсвэл ямар нэгэн зовиурууд илрэх үү?
-Эрт илрүүлж байгаа болохоор хүндрэл багатай. Манай эмнэлэгт биеийн байдал нь хүнд ирсэн хүүхдүүдийн биеийн байдал одоо сайжирч байгаа. Эмнэлгээс гараад гурван сарын хугацаанд хяналтанд байна. Гурван удаа нян судлалын шинжилгээ өгөөд үүсгэгч илрэхгүй бол эрүүлжлээ гэж үзээд хяналтаас гаргадаг. Нэгэнт эдгэрээд гарч байгаа болохоор хоолны дэглэм барих шаардлагагүй.
ХӨСҮТ-өөс ийм мэдээлэл авсан юм. Мэдээж юунаас болж хордлого гарсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа эмнэлгийн дүгнэлттэй хамтарсан байдлаар эцэслэгдэнэ.
Тэгвэл мэргэжлийн хяналтынхны ажил ямар шатандаа явааг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодруулсан юм.
Тэрээр “Тухайн халдварын голомтод ажиллахдаа тухайн өдрөөс хойш идсэн гурван өдрийн хоолны судалгаа хийсэн. Нийтдээ тахиан махан шницель, бантан, зутан, кимбаб зэрэг 17 нэр төрлийн хоолоор тухайн өдөр үйлчилсэн байдаг юм. Тэрхүү 17 нэр төрлийн хоолонд орсон хүнсний түүхий эд болон тухайн үед хоолны дээжийг нийтэд нь цуглуулаад 43 төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнээс болон уснаас дээж авч, шинжилгээнд өгсөн. Тандалт судалгаанаас үзэхэд тахианы махтай хоол голчон өгсөн байгаа юм. Эцэг эх, хүүхдүүдээс авсан асуумжаар бол тахиан махан шницель идсэн, тэрнээс болсон гэх мэдээлэл байгаа.
Хоол үйлдвэрлэгчид түүхий эдээ Хүчит шонхор зах дээрээс авсан гэсэн. Тиймээс тухайн захын лангуун дээр зарж байгаа тахиан махнаас дээж авч, дээрээс нь ханган нийлүүлж байгаа импортоор оруулж ирдэг компианиас ч тахианы махны найман төрлийн дээж авсан. Үүнээс гадна хэрэглэж байгаа давс, амтлагч, мах, гурил, цагаан будаа гээд бүгдийг нь шинжилдэг.
Улсын мал эмнэлгийн төв лабораторид өгсөн тахианы махны шинжилгээний хараахан гараагүй байна. Хүнсний аюулгүй байдлын лабораторид өгсөн шинжилгээний хариу энэ сарын 10-ны өдрийн байдлаар гарсан байгаа.
Тус сургуулийн цайны газарт дөрвөн хүн ажилладаг гэсэн. Мэргэжлийн тогооч нар ажилладаг хэдий ч шалгалтын явцад нэг хүн эрүүл мэндийн урьдчилсан хяналтад хамрагдаагүй байсан.
Хоолны газрын барилга байгууламж нь зориулалтын бус, өөрсдөө засварласан. Сургуулийн гал тогоо тусдаа хоол үйлдвэрлэлийн хэсэгтэй, урсгал дамжлага нь нэг чиглэлийн урсгалтай байх ёстой. Гэтэл технологийн шат дамжлага нь нэг чиглэлийн урсгалгүй” гэх мэт мэдээллийг өглөө.
Хамгийн их сонирхол татсан асуудал бол нэмэлт хоол. Тухайн хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн өөрөө үдийн цайг долоон жил хэрэгжүүлээд ажиллаж байгаа дадлага туршлагатай хүн гэнэ. Юу гэвэл, сургууль, эцэг эхчүүд хоорондоо зөвшилцөөд хүүхдүүддээ илүү чанартай хоол өгөх зорилгоор 650 төгрөгийн Үдийн цай хөтөлбөрөөс гадна нэмэлт хоол өгдөг байжээ. Ямартай ч зөвшилцөх эрх нь тэдэнд нээлттэй. Гол нь хүүхдүүд Үдийн цай хөтөлбөрийн хүнснээс, эсвэл нэмэлт хоолноос хордсон уу гэдгийг тогтоохоор мэргэжлийн хяналтынхан ажиллаж байгаа аж.
Үдийн цайг 11 цагийн үед өгөөд, нэмэлт хоолыг нь 14:00-15:00 цагийн хооронд өгдөг байжээ.
Ийнхүү бусдын хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх ажлын хамт тэдний эрүүл мэндийн асуудал дээр онцгойлон анхаарч ажиллахгүй бол ямар ноцтой асуудал үүсч болохын жишээ энэ юм. Иймд ХӨСҮТ-өөс сануулсны дагуу “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр” зөвлөмжийг бүгд амьдралдаа хэрэгжүүлж, хэвшил болгох шаардлагатай байна.
Сингапур сургуульд дэгдсэн хоолны хордлогын шалтгаан нөхцлийн эцсийн дүгнэлтийг цаг тухайд нь мэдээлэх болно.
KFC сүлжээ хоолны газарт дэгдсэн хоолны хордлогын тухайд, Зайсан дахь KFC-д нийт 72 сая төгрөгийн торгууль, төлбөрийн арга хэмжээ авсан ба сэжиг бүхий 18 төрлийн 5960 төрлийн тахианы мах, бэлэн болсон бүтээгдэхүүнийг нь устгасан юм.
KFC-ийн усан хангамжийг нийлүүлэгч “Си си эс эм жи” компанийн зөвшөөрөлгүй ус түгээсэн зөрчилд нь 5 сая төгрөгийн торгууль, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулах арга хэмжээ авсан. Эцсийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээ, ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, үйлчлүүлэгч, хохирогчдын мэдүүлэг зэрэг нь бүгд тохирсон гэнэ.
Энэ бүгдээс харахад, хэдийгээр тахиан маханд бүх асуудал байгаа мэт харагдаж байгаа боловч монголчуудын хоол боловсруулах дадал зуршилд учир дутагдал бий гэдгийг сүүлийн үед зарим нэгэн сануулах болов. Өөрөөр хэлбэл, бид хоолны махаа гисгээхдээ ил тавьж орхидог нь элдэв нян үржих таатай нөхцөл болдог байна. Тэгэхээр хятад, монгол тахиандаа байна уу, хийж буй арга барилд алдаа гардаг уу гэдгийг бодолцох цаг нь болсон бололтой.
Эх сурвалж: UPDOWN.MN
|