Онгоцны үйлчлэгч, оюутан солилцоотой МСҮТ

2019 оны 4 сарын 03

Энэ сарын 11-нд Монголын багш нарын VII их хурал болох гэж байна. Үүнээс урьтаж 53 жилийн боть шиг зузаан түүхтэй “Ражив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын коллеж”-ийг зорилоо. Тус сургууль 36 мэргэжлээр оюутан элсүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг ажээ. 

1300 оюутан суралцаж байна

Биднийг очиход гэнэн  цайлган хүүхдүүдийн цовоо дуу цуурайтаж, оюутнууд болон багш нар нь найрсгаар нүүр дүүрэн инээмсэглэсээр угтсан юм.  1966  оноос өдийг хүртэл Монгол улсад чадварлаг, чанартай үйлчилгээний ажилтан бэлдсээр ирсэн энэ сургуулийг мэдэхгүй хүн тун цөөн биз ээ. Анх дөрвөн мэргэжлээр оюутан элсүүлдэг байсан бол одоо 36 мэргэжлээр чадварлаг боловсон хүчин, нийгмийн үйлчилгээний мянга, мянган ажилчин бэлтгэдэг  их айл болтлоо өргөжжээ. Биднийг тус сургуулийн захирал Б.Даваажав угтсан юм. Тэрээр сургуулийнхаа түүх болон онцлогийг тухай ярьж, сургуулиа бидэнд танилцууллаа. Б.Даваажав захирал “Сүүлийн үед хүүхдүүд их, дээд боловсрол гэхээс илүү МСҮТ-ийн давуу талыг мэддэг болжээ. Есдүгээр анги төгссөн хүүхдүүд манай МСҮТ-д сурч мэргэжлийн дипломноос гадна суурь боловсролын гэрчилгээтэй төгсдөг. Тиймээс жилээс жилд манай сургуулийг сонгох оюутны тоо нэмэгдсээр байна. Мөн цаашлаад мэргэжлээ ахиулж, бакалавр, магистрын төвшинд суралцаж болно.  Бид одоогоор 1300 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдүүд ихэвчлэн үсчин гоо сайхан, цахилгаан, дархан, сийлбэрч гэсэн мэргэжлийг сонирхдог. Эдгээр мэргэжил нь төгсөөд ажлын байртай, тогтсон цалинтай байдгаараа давуу” гэсэн юм.

Багш нарын 50 хувь нь сая төгрөгийн цалин авдаг

Машин механизмын ангийн оюутнууд дадлагаараа мотор задалж, угсарч байв.

Бидний хамгийн эхэнд танилцсан кабинет бол багш нарын өрөө. Энэ саруулхан өрөөнд багш нар хичээлээ төлөвлөхөөс гадна чөлөөт цагаа өнгөрүүлдэг ажээ. “Ражив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын коллеж” 145 багштай. Үүнээс 85 нь мэргэжлийн хичээл заадаг ажээ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд багш нарын үүрэг их. Сургалтын чанар, хүүхдийн төлөвшил багшаас хамаардаг. Харин сүүлийн жилүүдэд багш нарын мэдлэгээ дээшлүүлэх боломж болон цалинг нь үе шаттайгаар нэмж байгаад баярлаж буйгаа тус сургуулийн багш нар ярьж байв. Одоогоор залуу багш нар буюу 1-2 жил ажилласан багш нарын дундаж цалин 769 мянга ажээ. Харин багш нарынх нь 50 гаруй хувь сардаа сая төгрөгийн цалин авч байгаа юм байна. Үс заслын багш М.Болормаа “Миний хувьд анх энэ сургуульд үсчин мэргэжлээр 2.5 жил суралцаж төгссөн. Үргэлжлүүлээд 1.5 жил үс заслын технологичийн ангид суралцаж, мэргэжлээ дээшлүүлсэн юм. Сургуулиасаа оюутан солилцоогоор БНСУ-д амжилттай суралцаж ирээд одоо сургуульдаа багшилж байна. БНСУ-д суралцахад хэлний бэрхшээл тулгарч байсан. Би одоо оюутнууддаа захидаг юм. Хэрэв гадагшаа явж сурах боломж гарвал хэлээ л сайн сураарай гэж. Манай сургуулийн төгсөгчид ажлын байраар бүрэн хангагддаг. Тиймээс сургуулиа амьдралд ойрхон мэргэжилтэн бэлтгэдэг гэж тодотгомоор байна” гэв. Тус сургуулийн багш нарын ихэнх нь 10-15 жил тогтвор суурьшилтай ажиллаж буй туршлагатай багш нар юм байна.

Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан бэлтгэх шинэ ангитай болжээ

Гоо заслын ангийн дадлага. Оюутнууд мэдлэгийнхээ 70 хувийг практик, 30 хувийг онолын хичээлээр авдаг ажээ.

Бид багш нарын кабинетаас гараад машин механизмын ангийг зорьсон юм. Энд 10 гаруй оюутан багшийнхаа тусламжтай мотор задалж, буцааж боох дадлага хичээл хийж байхтай таарсан. Анги нь тоног төхөөрөмжөөр дүүрчээ. Энд л жинхэнэ практик туршлага хуримтлуулж, жинхэнэ засварчин, автын мэргэжилтнүүд төрдөг ажээ. Бид цаашлаад хувцас дизайны ангитай танилцлаа. Хувцас дизайны 3А ангийн оюутан Б.Отгон  “Би үргэлж сургуулиараа бахархдаг. Манай ангид ОХУ-ын Тувагаас оюутан солилцоогоор хоёр оюутан ирж суралцаж байгаа. Монгол оюутнууд маань ч ОХУ, БНХАУ-д солилцоогоор очиж, туршлага судалдаг. Биднийг ямар нэгэн коллекци гаргахад сургалтын албанаас их дэмждэг. Мөн манай сургууль өөр аль ч сургуульд байхгүй тоног төхөөрөмжтэй учир бид сургалтын орчиндоо үргэлж сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм.  Тус сургуулийн хамгийн онцлог мэргэжил нь Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан бэлтгэх шинэ анги юм. 2018 оны сүүлчээр тус ангидаа элсэлт авч эхэлжээ. Одоогоор 20 гаруй оюутан онгоцны үйлчлэгч, угтах үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцаж байна. Энэхүү шинэ ангийг БНСУ-ын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн дэмжлэгтэй байгуулжээ. Оюутнууд эхний нэг жил Монголд, дараагийн жилдээ Солонгос улсад суралцах боломжтой юм байна. Төгсөхдөө мэргэжлийн хос дипломтой төгсөхөөрөө онцлог аж.

“Томоохон компаниуд манайхаас мэргэжилтэн авъя гэсэн санал тавьдаг”

“Ражив Гандийн нэрэмжит үйлд­вэр урлалын коллеж”-ийн бусад коллежоос ялгарах дараагийн давуу тал нь оюутны байр эхний нэг жилдээ үнэ төлбөргүй байдаг ажээ. Мөн зөвхөн Монголдоо бус оюутан солилцоогоор Солонгос, Хятад, Орост суралцах бүрэн боломжтой юм. Сургуультай танилцах хугацаанд яг л музейд ороод ирсэн мэт сайхан сэтгэгдэл төрж байлаа. Учир нь анги танхим болоод сургуулийн хонгилд оюут­нуудын өөрсдийн бүтээл өл­гөөтэй харагдана. Үүнээс хамгийн сонир­холтой нь цам харайхын догшин бурхан байв.

Ойртоод харвал олон оюутны хүч хөдөлмөр шингэсэн, нандин бүтээл гэдэг нь харагдаж байв. Энэ мэт нэг давхраас гурван давхар хүртэл сургуулийн үйл ажиллагаатай танилцахдаа олон сайхан бүтээлийг харлаа. Оюутнууд мэдлэгийнхээ 70 хувийг практик хичээлээс, 30 хувийн мэдлэгийг онолоор олж авдаг юм байна. Захирал Б.Даваажав “Манай оюутнуудын дунд ирээдүйн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар байгааг үгүйсгэхгүй. Магадгүй 5-10 жилийн дараа надтай амьдрал дээр таарна шүү дээ. Бид урьд нь манай сургуулийн мэргэжилтнийг ажилд аваач гэж байгууллагуудад хүсэлт тавьдаг байсан бол одоо эсрэгээрээ  болсон. Монголын томоохон компа­ниуд өөрсдөө танайхаас мэр­гэжилтан авъя гэдэг болсон. Энэ нь манай төгсөгчдийн ур чадвар хэрхэн нэмэгдэж байгаагийн тод илрэл болов уу” гэсэн юм. Ийнхүү Монголын боловсролын салбарт өөрийн орон зайг бий болгож, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хүчин зүтгэж буй  “Ражив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын коллеж”-оос хийсэн сурвалжлагаа энд хүргээд өндөрлөе.

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601827
1 эможи

keyboard_arrow_up