Зээлээ төлөөгүй 179 оюутны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ

2019 оны 3 сарын 15

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодод суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150.2 тэрбум төгрөг болсон. Зээлээ төлөөгүй 179 оюутан ор сураггүй алга болсон зэрэг мэдээлэл гараад байгаа билээ. Улмаар тэдгээр оюутны нэр, авсан зээлийн хэмжээг ил болгоод байгаа. Энэ талаар “Боловсролын зээлийн сан”-гийн захирал М.Ариунжаргалаас тодрууллаа.

-Боловсролын зээлийн сан “Сургалтын төрийн сан” нэртэйгээр 1993 онд байгуулагдсан. Тэр үеэс зээл олгож эхэлсэн үү. Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн оюутан зээл авсан бэ. Тэдгээрээс хэд нь зээлээ төлөөгүй байгаа вэ?

-Гадаадын магистр, докторт 1997 оноос эхлээд нийт 1,893 хүн 52.5 сая ам.долларын өртгөөр суралцсан. Эргэн төлөх журмын дагуу зээлээ төлж, бас тогтоолоор чөлөөлөгдөж болно. Сургуульдаа яваагүй, суралцах явцдаа сургуулиа хаясан зэрэг тохиолдол гардаг боловч гэрээгээ зөрчсөн л бол зээлээ эргэж төлөх ёстой. Төгссөнөөс хойш гурван жилийн дотор зээлийг төлж барагдуулах, гэрээнд заасан байгууллагад таваас доошгүй жил ажиллаад чөлөөлөх асуудлаа гаргаад чөлөөлөгдөж болно. Нийт чөлөөлөгдсөн 670 хүн байгаа бол гэрээний үүргээ биелүүлээгүй 179 хүн байна. Журмын дагуу зээл эргэн төлөх хугацаа нь болоогүй хүмүүс ч бий.

-Чөлөөлөгдсөн гэдэг нь төлбөрөө төлсөн гэсэн үг үү, эсвэл өршөөгдсөн гэсэн үг үү. Зээлээ эргэн төлөх хугацаа нь болоогүй хэчнээн оюутан байгаа вэ?

-Гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн үг. Дэлхийн шилдэг 100 сургуульд дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөрт суралцагчдын зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоогүй байгаа. Энэ жилээс гэрээний биелэлтийг дүгнэнэ. Тэд 2010 оноос эхэлж сурсан. Нийт 332 оюутанд 35.5 сая ам.долларын зээл олгосон. 2014 онд төгсөж ирээд таван жилийн дотор төлөх учиртай. Гадаадад суралцсан магистр, докторын хувьд эргэн төлөлт нь гурван жилийн хугацаатай бөгөөд 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн учраас 52.5 сая ам.доллар гэсэн тоо гарч байгаа. 

-Дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцагчийн хувьд ямар үзүүлэлттэй байна вэ?

-Өмнө нь дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутанд дипломыг нь барьцаалж, банкаар дамжиж зээл олгодог байсан. Боловсролын зээлийн сан болсноос хойш диплом барьцаалахгүй оюутны хөгжлийн зээл гэж олгодог болсон. Энэ зээлийг хүүгүй, барьцаагүй, банкаар дамжихгүй, хамтран зээлдэгч шаардахгүйгээр олгодог. Бакалаврын голч оноо 2.8-аас дээш, магистр, докторын голч оноо 3.2-оос дээш, шинээр сургуульд элсэгч ЭЕШ-ын 600-аас дээш оноотой гэсэн шаардлага хангаж байвал оюутны хөгжлийн зээлийг олгоно.

-Диплом барьцаалсан зээл олгож байх үед дипломоо аваагүй, өртэй хэдэн оюутан байгаа вэ?

-Нийт 15 тэрбум орчим төгрөгийн диплом хадгалагдаж байна. Энэ дунд нас барсан болон чөлөөлөгдсөнөө мэдээгүй оюутан ч бий. Анх 2004 онд чөлөөлсөн. Үүнээс өмнө төгсөж, диплом барьцаалж зээл авсан бол дипломоо шууд ирээд авч болно. Дараа нь 2008 онд гарсан чөлөөлөлтөд зөвхөн 2.8-аас дээш голчтой оюутан хамрагдсан. Үлдсэн оюутнууд дунджаар 700 мянган төгрөгийн ертэй байгаа юм. Тэд зээлээ төлөх үүрэгтэй учраас дипломын хуулбар олгохгүй байгаа.

2004, 2008 оны чөлөөлөлтөд ороогүй бол заавал зээлээ төлөөд, дипломоо авах ёстой. Энэ жилээс “Сургалтын төлбөрийн зээлгүй албан хаагч" аяны хүрээнд зээлийг эргэн төлүүлнэ. Өнгөрсөн жил хагас тэрбум буюу 480 орчим сая төгрөгийн дипломын эргэн төлөлтийг төсөвт төвлөрүүлсэн байгаа.

-Дотоод, гадаадын зээл авсан оюутнууд 2017 оны жилийн эцсийн байдлаар 150 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Өрөөсгөл мэдээлэл байна. Манайд аудит орж байгаа учраас ирэх сарын эхээр бодит тоо гарна. Дээрх тоонд сайдын тушаалаар чөлөөлөгдсөн болон зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоогүй оюутны авлага зэргийг хасахгүйгээр оруулсан учраас ингэж гарсан болов уу. Манайхаас өгсөн Сангийн яамны сайт дээрх мэдээллийг ч гэсэн дэгсдүүлэхгүй бодитоор ороод харчихмаар байгаа юм. Тэгэхгүйгээр зээлээ төлчихсөн оюутнуудыг хүртэл хамруулаад ярихаар тухайн оюутнуудаас манайд гомдол ирээд байна.

-Энэ жил гадаадад суралцах оюутанд хэдий хэмжээний зээл олгох вэ?

-Засгийн газар хоорондын хөтөлбөр болон магистр, доктор, дэлхийн шилдэг 100 сургуульд суралцуулдаг. Яамнаас сонгон шалгаруулж, тэнцсэн зээлийг санхүүжүүлэх үүрэг манай санд өгөгддөг. Санхүүжилтийн хувьд диплом барьцаалсан зээл нь нийт 13.3 тэрбум төгрөг байжээ. Харин өнгөрсөн жил оюутны хөгжлийн зээлээр 10.4 тэрбум төгрөгийг олгосон бол энэ жил 33 тэрбум төгрөгийн зээлийг 11 мянган оюутанд өгөх тооцоо гарсан. Эдгээр зээл хэвийн явж байгаа.

-Зээл авсан оюутнууд гадагшаа аль улс руу голлон явж байна вэ. Ойролцоогоор нэг хүн хэдэн төгрөгийн зээл авдаг юм бэ?

-Австрали, Америк руу түлхүү явж байна. Аль улсад, ямар мэргэжлээр явж байгаа судалгаа ерөнхийдөө гарсан. Одоо хянаж байна. Магистр, докторт нэг оюутан жилийн 16 мянган ам.доллар гэхээр хоёр жилд 32 мянган ам.доллар болно. Дэлхийн шилдэг 100 сургуульд гэвэл оюутны амьжиргааны зардлыг нь төлөхгүй. Зөвхөн сургалтын төлбөрийг олгоно. Жилд 30 мянган ам.доллар гэхээр дөрвөн жилд 120 мянган ам.доллар болдог.

-Зээлээ төлөөгүй бол ямар хариуцлага тооцдог вэ. Алга болсон гээд байгаа 179 оюутны асуудлыг шийдэх талаар юу хийж байна вэ. Зээл олгосон оюутантай эргэх холбоотой ажилладаг уу?

-Гэрээ, журмаараа л шийднэ. Тухайн оюутнаас үл хөдлөх хөрөнгийг авч байгаа зээлтэй нь харьцуулж барьцаалдаг. Барьцаалсан хөрөнгөөрөө үүрэг, хариуцлага хүлээнэ шүү дээ Анхны үеэ бодвол одоо барьцаа ч тэр, журам ч тэр харьцангуй чангарч байгаа. Зээлээ төлөөгүй алга болсон 179 оюутан нь барьцаа хөрөнгө сул нарийн журамгүй байх үед зээл авсан.

Эргэж холбогдох боломжгүй, олдохгүй байгаа хүмүүс Энэ талаар яаманд ярьж, ямар ч байсан шүүх, хуулийн байгууллагад хандаж шийдүүлнэ. Мөн тэднийг болон зээлээ төлөхгүй алга болсон оюутныг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах эсэх асуудал, Хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг УИХ-аар шийдвэрлүүлэх гээд сайжруулах шаардлагатай ажлыг хийж дуусгана

. Хэдэн сарын дараа тодорхой өөрчлөлт гарна. Мэргэжилтнүүд сайн ажилласан учраас 600 гаруй оюутнаас 179 нь л үлдээд байна шүү дээ. Тэдний нийт зээлийн үлдэгдэл нь 4.5 сая ам.доллар байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601143
0 эможи

ЗӨВ
2019-03-15 10:22
ХУРДАН шийдэж төлүүлэх хэрэгтэй. ЖАГСААЛтыг харсан ихэнх нь боломжтой хүмүүс байна лээ
keyboard_arrow_up