2019 оны ЭЕШ-д шалгуулагчдын дунд хамгийн их эргэлзээ төрүүлж буй 5 асуултын ХАРИУЛТ

2019 оны 3 сарын 13

Arslan.mn

Их, дээд сургуульд элсэгчдийн 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 14-ний өдөр орон даяар эхэлсэн билээ. Бүртгэл эхэлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар шалгалтын бүртгэлийн явц улсын хэмжээнд 15 хувьтай байгаа талаар Боловсролын үнэлгээний төв мэдээлэв.

Түүнчлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон бөгөөд шалгалтыг энэ сарын 23-ны өдөр орон даяар зохион байгуулах гэж байна. Дараа дараачийн шалгалтад орох нөхцөлийг нээж өгөх Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дуусаад байна. Энэхүү шалгалтад нийт 18,500 шалгуулагч бүртгүүлсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.

Үүнтэй холбогдуулан бид Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр зэхэж буй сурагчдын дунд хамгийн их гардаг эргэлзээтэй асуултуудын /Frequently Asked Questions/ хариултыг Боловсролын үнэлгээний төвөөс тодруулан хүргэж байна:

1. ЭЗЭМШИХЭЭР ЗЭХЭЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬДАА ОРОХЫН ТУЛД ЯМАР ЯМАР ШАЛГАЛТ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Боловсролын үнэлгээний төв зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалт авах ажлыг зохион байгуулдаг. Түүний дараах их, дээд сургуульд элсэгчдийн үйл ажиллагааг сургууль өөрөө бие даан явуулдаг ба сургууль бүр өөрсдийн гэсэн элсэлтийн журам гэж гаргадаг.

Аливаа мэргэжилд элсэхийн тулд ихэвчлэн хоёр хичээлээр шалгалт өгсөн байхыг шаарддаг ба энэ хоёр шалгалтын дундаж оноог авч үзэн, элсэж гэж буй мэргэжилд шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаруулдаг. Жишээ болгон авч үзвэл хуулийн мэргэжлээр суралцахыг хүсэгчид математик болон нийгмийн ухааны хичээлийн шалгалт, анагаахын чиглэлээр сурах бол хими, биологийн хичээлийн шалгалт өгсөн байх зэрэг өөр өөр байна.

Түүнчлэн олон жилийн дунджыг харахад манай улсын их, дээд сургуулиудын элсэлтийн шалгуур үзүүлэлтүүд тийм ч их өөрчлөгддөггүй, өмнөх жилүүдтэй адилхан байх магадлалтай байдгийг Боловсролын Үнэлгээний төвийнхөн онцолж байлаа. Тийм учраас элсэгчид ямар мэргэжлээр, аль сургуульд элсэх зэргээс хамааран өгөх шалгалтаа шийднэ гэсэн үг.

2. НЭГ ХҮҮХЭД ДУНДЖААР ХЭДЭН ШАЛГАЛТ ӨГДӨГ ВЭ?

Энэ талаар Боловсролын Үнэлгээний төвийн Захирал Ж.Ган-Эрдэнэ "Нэг шалгуулагч дунджаар 3-4 шалгалт өгдөг. Арван хичээлийг бүгдийг нь өгдөг хүүхэд ховор. Тодруулбал өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын арван хичээлийг улсын хэмжээнд ердөө 17 сурагч л өгөхөөр сонгосон ба тэдгээрийн ихэнх нь сүүлийн шалгалтууддаа ороогүй байдаг.

Түүнчлэн өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын арван хичээлээс ганцхан хичээл өгснөөр их сургуульд орох боломжтой байдаг байсан. Тодруулбал, математикийн онолын чиглэлээр сурах гэж буй хүүхэд зөвхөн математикийн хичээлийн шалгалт өгснөөр элсэх боломжтой байсан. Гэвч БСШУС-ын сайдын гаргасан журам өнгөрсөн жил шинэчлэгдсэн байдаг. Энэ жилээс эхлүүлэн их, дээд сургуульд элсэхийн тулд заавал хоёроос доошгүй хичээлээр ЭЕШ өгсөн байх шаардлагатай болж байгаа" хэмээлээ.

3. СУРГУУЛИЙН ЗҮГЭЭС ЯМАР ЯМАР ХИЧЭЭЛЭЭР ШАЛГАЛТ ӨГӨХИЙГ СУРАГЧДАД ЗӨВЛӨХ НЬ ЗӨВ ҮҮ?

Зарим эцэг эхчүүдийн дунд аль болох цөөн, сайн өгч чадна гэсэн хичээлээрээ л шалгалт өгөхийг сурагчдад зөвлөж байна хэмээн яриа гараад байгаа юм. Учир нь ЭЕШ-ийн шалгалт гарсны дараагаар ЕБС-иудын шалгалтын үзүүлэлт гарч, хооронд нь харьцуулж эрэмбэлдэг гэсэн ойлголт байдаг.

Үүнтэй холбогдуулан сургуулийн зүгээс тухайн үзүүлэлтийг буулгахгүй байх зорилгоор сурагчдыг сайн өгч чадна гэсэн хичээлээр өгөхийг зөвлөдөг тохиолдол гардаг аж. Гэвч Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын бүртгэлийг заавал сургууль эсвэл багш нараар дамжуулж хийх бус сурагчид эсвэл эцэг, эхчүүд өөрсдөө бие даан, хүссэн хичээлдээ бүртгүүлэх боломжтой гэдгийг онцолж байсан бөгөөд тус байгууллагын зүгээс ийм төрлийн үзүүлэлтийг гаргадаггүй байна.

4. ГУРАВДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БУЙ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД ОРОХЫН ТУЛД ШАЛГУУЛАГЧИД ЯМАР БИЧИГ БАРИМТТАЙ ИРЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Одоо суралцаж буй сурагчид өөрийгөө мөн гэж тодорхойлох зурагтай сургуулийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, суудлын хуваарь авчрах гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Харин өмнөх оны төгсөгчдийн хувьд бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх болон хэвлэсэн суудлын хуваариа авч ирэх шаардлагатай аж.

5. ШАЛГАЛТАД ОРОХООС ХЭДЭН ЦАГИЙН ӨМНӨ БЭЛЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Өмнөх жилүүдэд нийт 27 шалгалт авах төвийг зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд шалгуулагчдын тоо харьцангуй бага байгаа тул хотын төвийн байрлалаар нийт 12 шалгалтын төвд зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн нэг шалгалтын төв дээр 1,000 орчим хүүхэд шалгалт өгдөг тул шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалт өгөх байрандаа ирж, бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна.Өнгөрсөн жил автозамын осол зэргээс болж сурагчид шалгалтаасаа хоцорч байсан тохиолдол гарч байсан тул эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлж, хувийн болон сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангахыг тус тус зөвлөж байна.

Түүнчлэн монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэн шалгуулагчдад зарлан, танилцуулаад байгаа бөгөөд шалгалт болохоос өмнө хуваарилагдсан шалгалтын төвийн хаяг, байршлыг урьдчилж мэдэж авахыг зөвлөж байна.

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваариа 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авах юм байна. Энэ жил төгсөж буй шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах бол өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтын шалгуулагчийн буланд нэвтэрч, бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авна.

Харин босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тус тус товложээ.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601079
0 эможи

keyboard_arrow_up