Орон нутагт зарим хичээлийн сурах бичиг нэг ангид хоёрхон ширхэг ногдож байна
Сурах бичгийн хүрэлцээний асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдсөөр байна. Нэг ангид нэг хичээлийн сурах бичиг ганц, хоёрхон ширхэг ногдож байгаа талаар эцэг эхчүүд мэдээлж байгаа бөгөөд үүнийг ч салбарын сайд нь нотоллоо.
Сурах бичгийг түрээсээр олгохдоо нэг номыг 3-5 мянган төгрөгөөр үнэлэх бөгөөд энэ нь хүүхдүүдийн эцэг эхэд ачаалал үүсгэхгүй, түрээсийн орлогоос хуучин сурах бичгээ хэвлэх зардал болгох боломжтой
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хөдөө орон нутагт зарим хичээлийн сурах бичиг нэг ангид хоёрхон ширхэг ногдож байна. Энэ жилийн улсын төсөвт сурах бичиг шинээр хэвлэх төсөв суугаагүй. БСШУС-ын сайдын багцад түрээсийн орлогоос бүрдсэн 3.6 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь сурах бичгийг хэвлэж хүрэхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүрэн сурах бичгээр хангахад хамгийн багадаа 40 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тооцоог гаргасан байна. Цаашид сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал чухал байна” гэдгийг хэллээ.
Энэ асуудлыг шийдэх хоёр гарц байгааг тэрбээр хэлж байна. Нэгдүгээрт улсын төсөвт сурах бичиг хэвлэх төсвийг хангалттай тавих, төрөөс бүх сурагчдыг сурах бичгээр хангах зардлыг даах боломжгүй бол Ерөнхий боловсролын сургуулийн бага анги болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг төр хариуцан үлдсэн хүүхдийнхийг түрээсийн тогтолцоо уруу оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэрбээр хэлсэн юм.
Хоёр дахь буюу сурах бичгийг түрээсээр олгохдоо нэг номыг 3-5 мянган төгрөгөөр үнэлэх бөгөөд энэ нь хүүхдүүдийн эцэг эхэд ачаалал үүсгэхгүй, түрээсийн орлогоос хуучин сурах бичгээ хэвлэх зардал болгох боломжтой аж.
Эх сурвалж: GOGO.MN
|