Оюутнуудыг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян энэ жил “Эрүүл оюутан- Хөгжлийн түүчээ” уриан дор эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй аяны хүрээнд оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.
БСШУСЯ-ны Дээд боловсрол хариуцсан мэргэжилтэн О.Янжмаа “Манай яам энэ хичээлийн жилийг “Суралцагсдын сурлагын амжилтыг дэмжих жил” болгон зарласан. Оюутнууд эрүүл байж эрдэм мэдлэгээ тэлнэ. Тиймээс оюутны сурлагын амжилтанд нөлөө үзүүлэх үүднээс эрүүл мэндэд нь анхаарч байгаа юм.
2016 оноос Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарын хамтарсан тушаал гарч оюутныг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулах үйл ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд нийт оюутны 51.2 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн тоо баримт бий. Бид энэ жил даатгуулагсдын хувийг нэмэгдүүлж, оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар ажиллаж байна” гэв.
Оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах нь чухал
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Байгальмаа “Оюутан залуусын эрүүл мэндэд анхаарвал цаашдаа эрүүл боловсон хүчин бий болно. Өмнө нь Оюутны эрүүл мэндийг дэмжих сараар эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах, хандлагыг нь өөрчлөхөд анхаардаг байсан. 15-35 насны хүүхэд, залуучууд дунд өвчлөл их байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс энэ удаагийн аянаар оюутны эрүүл мэндийг хянаж, үзлэгт хамруулахаар болсон. Ингэхийн тулд оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах нь чухал байгаа” хэмээв.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|