“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
Өчигдөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ.
Орон нутагт байгуулагдаж буй дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 800 хүний суудалтай тус театрын нээлтэнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал болон тус нутгаас төрөн гарсан урлаг, соёлын үе үеийн алдартнууд, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Хөгжим бүжгийн коллеж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Рендербау” ХХК-ийн хамт олон, орон нутгийн театр урлагийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
“Монгол туургатан” театрын түүх сөхвөл 1943 онд 50 орчим хүний суудал бүхий модон байшинд 12 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн анхны клуб байгуулагдан улмаар 1952 оны 11 дүгээр сард Октябрын хувьсгалын 35 жилийн ойгоор 350 хүний суудалтай Соёлын ордны барилга ашиглалтад орж 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.
30 жилийн турш “Соёлын ордон” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан тус театр 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Хөгжимт драмын театр” болон өргөжин хөгжсөн түүхтэй. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Хөгжимт драмын театр”-ын нэрийг мөн хүний нөөц, бүтэц зохион байгуулалтыг удаа дараа өөрчилж, мэргэжлийн урлагийн байгууллагын хэв шинж алдагдаж байсан цаг үед БСШУЯ-ны зөвшөөрөл, аймгийн Засаг даргын захирамжаар 2007 онд “Монгол туургатан” театрыг шинэчлэн байгуулсан бөгөөд Засгийн газрын 2009 оны 254 дүгээр тогтоолоор Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгожээ.
Улмаар тус театрын уламжлалыг хадгалахын тулд 2014 онд шинэ барилгын хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгснөөр Төв аймагчууд шинэхэн театраа хүлээн авсан нь энэ юм.
Өдгөө “Монгол туургатан” театрт 70 гаруй уран бүтээлч ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлийн бодлого чиглэлээ тодорхойлж, эх орны олон үндэстэн ястны урлагийн өв сан, үндэсний болон дэлхийн сонгодог урлаг, орчин үеийн урлагийн төрлүүдээс сонгон шилдэг бүтээлээ туурвиж үзэгч олондоо хүргэсээр байна.
Эх сурвалж: БСШУСЯ
|