Соёл урлагийн үндэсний зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ

2018 оны 6 сарын 06

Arslan.mn

Төрийн ордонд өчигдөр   “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Ерөнхий сайд У.ХүрэлсүхБСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, урлаг соёлын алдартнууд оролцов. Энэ үеэр урлаг соёлын ажилтнууд салбарын сайддаа жаргал зовлонгоо хуваалцан, санал зөвлөмж хэллээ. 

 БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Соёлын бодлогыг аль нэг яамны асуудал болгосноор бүтэц ч байхгүй, энэ чиглэлээр судалгаа хийдэг судалгааны ажилтнууд ч байхгүй байдалтай байна. Мөн бодлого болоод яам, тодорхой бүтэц бий болохын бол Монгол Улсын төр соёл урлагийнхаа салбар луу хөрөнгө хаях шаардлагатай. Нэг, хоёр, гурван тэрбум гэж ярихгүйгээр 30, 40 тэрбумыг ярьж байж өнөөдөр монгол хүн хүнээрээ, монгол хэлтэйгээ, монгол соёл, иргэншил, бодлоготойгоо үлдэх бодлого хэрэгжих юм" гэлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьж байна. Эдийн засгаа өөд нь татаж өөдрөг сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Иймээс манай Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил. Манай улсын  оюуны дархлаа сул байна. Улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, мартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, хүүхэд залуучууд маань гаднын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд автаж байгаа нь анзаарагдах болсонд санаа зовж байдаг” гэв. 

Зохиолч Б.Шүүдэрцэцэг "Монголын төрд залгамж байдаггүй учраас өнөөдөр ярьж буй асуудлууд хэрэгжихгүй болох вий гэхээс би зовниж байна. Номын дэлгүүр, кино театруудыг НӨАТ-аас чөлөөлж өгөөч ээ. Томоохон номын дэлгүүрийн бестселлерүүд номыг нь ажиглавал 2-3 хүн л байхгүй бол манай уран зохиолын салбар орчуулгын уран зохиолд эзлэгдэхэд шууд бэлэн байгаа. Би номынхоо орлогоос үнэн шударгаар НӨАТ улсдаа төлдөг. Зургаан сая төгрөгийн НӨАТ төлж байсан ч удаа бий. Номын дэлгүүр, кино театр хоёрыг НӨАТ-аас чөлөөлбөл улсын төсөвт шумуулын хэмжээний ч жин дарахгүй. Номын зах зээлд маш бага мөнгө эргэлддэг" гэлээ. 

Ингээд зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар шийдвэрлэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596052
0 эможи

keyboard_arrow_up