Канад Улсын Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа

2018 оны 6 сарын 20

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс Канад Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд салбарын сайд онцлоод, Канад Улсын Олон улсын боловсролын товчоо (CBIE)-той хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2014 онд байгуулсан бөгөөд ирэх онд тус санамж бичгийг шинэчилж, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Элчин сайдад уламжиллаа.

Тэрчлэн шинжлэх ухааны салбарт хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдийн материаллаг бааз, туршилт үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх, ногоон технологийн чиглэлээр урт хугацааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, ахлах ангийн сурагчид болон оюутнуудад шинжлэх ухааны боловсролыг (science literacy) олгох, шинжлэх ухааны музей байгуулах тал дээр канадын холбогдох байгууллагуудаас дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Мөн залуу судлаачдыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэднийг канадын эрдэм шинжилгээний байгууллагуудад дадлагажуулах, эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Дэлхий даяар залуус инновацийн өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй болж буй энэ цаг үед инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний инновацийн тогтолцоог боловсронгуй болгоход хамтарч ажиллах, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагаатай холбоотой санал, санаачилгыг дэмжих, инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр тогтмол сургалт явуулах, улмаар холбогдох байгууллагуудаас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах гэх мэт ажил хэрэгч санаачилга гаргалаа.

Спортын салбарт Канад Улстай хамтран ажиллах санамж бичгийг байгуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны яаманд санамж бичгийн төсөл хүргүүлсэн гэдгээ нэмж мэдээллээ. Басхүү өвлийн спорт, ялангуяа багийн хоккейн спортыг хамтран хөгжүүлэх, өвлийн спортын байгууламж барих талаар канадын туршлагаас суралцах талаар санал солилцсон юм.

Нэмж мэдээлэхэд, МУИС нь Торонто хотын Йоркийн их сургуультай, ШУТИС нь Бритиш Колумбийн их сургууль болон Калгарийн их сургуультай, ХААИС нь Саскачеваны их сургуультай тус тус шууд хамтран ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596046
0 эможи

keyboard_arrow_up