Т.Ням-Очир: Энэ жил 4-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл шинээр орно

2018 оны 7 сарын 31

Arslan.mn

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙГ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАСРАЛТГҮЙ ХАМРУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДАНА 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

-2018-2019 оны шинэ хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт шинэчлэлт орсон уу?

-Яг сургалтын хөтөлбөр болон агуулгад ямар нэгэн байдлаар цоо шинэ өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй. Гэхдээ бид хөгжүүлэлт, сайжруулалтын ажил хийнэ. 1921 оноос хойш Монгол Улсын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө арав гаруй удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн байдаг. 10-11 жил, 11-12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан сүүлийн 15 жилийн хугацаанд ойр ойрхон гурван удаагийн шинэчлэл хийсэн. Энэ өөрчлөлтэй холбоотойгоор сургалтын агуулга давхардах, хичээл судлагдахууны тоо нэмэгдэх, нэг хүүхдэд оногдох ачаалал өсөх зэрэг сөрөг зүйлүүд ажиглагдсан. Иймд одоо мөрдөгдөж буй хөтөлбөр төлөвлөгөөндөө цогц үнэлгээ хийж байна. Үүний дараа өөрчлөлт шинэчлэлтийн алхам яригдана.

-БСШУСЯ-ны бодлогын түвшинд ямар ажлууд хэрэгжүүлж ажиллах вэ?

-2018-2019 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулаад БСШУСЯ-наас бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Сургалтын төлөвлөгөөнд эрүүл мэндийн хичээлийн цаг нэмэгдэнэ. 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжсэнтэй холбоотой шинэ хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө сайдын тушаалаар батлагдсан. 2018 оны наймдугаар сард багш нарт зориулсан гурван төрлийн сургалт зохион байгуулна. Үүнд нэгдүгээрт, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс сургуулийн удирдлагын менежментийг сайжруулах чиглэлээр цогц сургалт явагдана. Мөн эрүүл мэндийн хичээл шинээр орохтой холбогдуулан эрүүл мэндийн багш нарыг бэлтгэх цогц сургалт явагдана. Түүнчлэн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд 12 дугаар ангид хичээл заах багш нарт зориулсан математик, хими, физик, технологийн хичээлүүдийн сургалт явагдана.

Ерөнхий боловсролын сургууль дахь Хүүхэд хамгааллын бодлого, Ерөнхий боловсролын сургуулийн орчны стандарт, “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах” зэрэг журмууд батлагдан хэрэгжинэ. Боловсролын хуулийн үзэл баримтлалыг боловсруулаад, Хууль зүйн яам, Сангийн яаманд хүргүүлсэн. Эдгээр үзэл баримтлал батлагдвал 2018 оны УИХ-ын намрын чуулганаар Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих бэлтгэл ажлаа хангана.

-Эрүүл мэндийн хичээл шинээр оруулж эхлэхтэй холбогдуулан ямар агуулга хөтөлбөрөөр сурагчдад хүргэхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жил 4-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл шинээр оруулахаар тусгасан. Өмнө нь 1998-2014 онуудад эрүүл мэндийн хичээл ордог байсан. Тухайн үед багш нарыг тодорхой хэмжээнд бэлтгээд, дутуу цагийг нөхөх хэлбэрээр агуулга хөтөлбөрөөр нарийвчлагдаагүй хэмжээнд ордог байсан. Иймд тус хичээл амжилттай хэрэгжиж чадаагүй гэсэн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт байдаг. Одоо эрүүл мэндийн хичээлийг зургаан агуулгын хүрээнд сэргээн орохоор шийдвэрлэж, төлөвлөгөө хөтөлбөр бэлэн болчихсон байна. Энэ хүрээнд багш нарт зориулсан зөвлөмж гаргана. Наймдугаар сарын сүүлийн хоногуудад аймаг бүрээс боловсрол, соёлын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, бага, дунд ахлах ангийн багш нарыг бэлтгэж, есдүгээр сарын 1-нээс хичээл орж эхэлнэ.

-Эрүүл мэндийн хичээл заах багш нарын орон тооны хувьд өөрчлөлт орох уу. Өөрөөр хэлбэл шинээр бэлтгэгдсэн багш нар хичээл заах уу?

Сургалтын төлөвлөгөөнд цаг автоматаар нэмэгдэхгүй. Бид сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагуудад зохицуулалт хийж, эрүүл мэндийн цаг бий болгож байгаа. Өмнө нь МУБИС-д хоёр удаа эрүүл мэндийн багш бэлтгэгдэж, байгаль шинжлэл биологи эрүүл мэнд зэргээр бэлтгэгдсэн багш нарын нөөц бий. Энэхүү нөөцийн судалгааг урьдчилан гаргасан. Ингэж бэлтгэгдсэн багш нарын 60 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуульд багшилж байна гэх мэдээлэл ирсэн. Мөн биологи, хими зэрэг эрүүл мэндийн хичээлтэй агуулгын хувьд харьцангуй ойр байх хичээлүүдийн багш нарыг сонгож, сургууль бүрт бэлтгэж байна. Энэ нь орон нутагт сургагч багш бэлтгэж байгаа нэг удаагийн хэлбэр юм. Есдүгээр сард төрийн бус байгууллагуудтай хамтарч нарийвчилсан сургалт явуулж, албан ёсоор сургалтад хамрагдсан багш нараар хичээл заалгана.

-Сурах бичгүүдэд өөрчлөлт орох уу. Ялангуяа жилийн жилд шүүмжлэл дагуулдаг бага ангийн сурагчдын хичээлийн номд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд сурах бичигтэй холбоотой шүүмжлэл их гарах болсон. Бид цоо шинэ зүйл хийх гэж байна гээд ул сууриар нь шинэчлээд эхэлвэл улсын төсөвт дарамт үүсэхээс эхлээд олон асуудал тулгардаг. Шинэчлэл өөрчлөлт гэдэг бол цогц асуудал. Зөвхөн сургалтын хөтөлбөрийг өөрчлөөд шинэчлэгдчихдэг зүйл биш юм. Өөрчлөлт гэдэг бол сурах бичиг, хөтөлбөр, үнэлгээ зэргийг цогцоор нь шинэчлэх асуудал. Иймд он гараад боловсролын хүрээлэнтэй хамтарч тусгай цахим хуудас ажиллуулж, бүх сурах бичигт багш нарын саналыг авсан.

-ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ-

-Тухайлбал?

-Энэхүү санал асуулгад 3-4 мянган багш хамрагдаж, 100 гаруй мянган санал ирүүлсэн байдаг. Үүнээс 80 гаруй хувьд нь үг үсэг, найруулга, зураг тэмдэгттэй холбоотой алдаануудын саналыг дурдсан байсан. Мөн ийм зүйлийг ингэж өөрчилмөөр байна гэдэг саналуудаа ч хэлсэн. Энэ өөрчлөлтүүдийг бид шинээр нөхөн хангалт хийгдэж буй сурах бичгүүд дээр засварлаж хэвлэнэ. 2012 оноос 12 жилийн тогтолцоонд шилжихэд хийгдсэн графикийн дагуу шинээр 24 нэр төрлийн сурах бичиг хэвлэхээр төлөвлөсөн. Үүнд ихэвчлэн 12 дугаар анги болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулийн зарим сурах бичгүүд шинэчлэгдэж байна. БСШУС-ын сайдын гаргасан график төлөвлөгөөний дагуу бүх ажил явагдаж байна. Ямар нэг худалдан авалтын ажиллагаа, хууль дүрэм журмын хүрээнд гомдол санал гарахгүй бол бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж, шинэ хичээлийн жилд хүүхдүүдийнхээ гар дээр шинэ сурах бичиг тавина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн наймдугаар сарын 15 гэхэд шинээр зохиогдож байгаа бүх сурах бичгийг онлайнд байршуулна. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш, удирдлагууд саналаа өгөх бүрэн боломжтой юм.

-Зургаан настнуудын ном сурах бичигт хэрхэн анхаарч байна вэ? Ямар ажлууд хийгдсэн бэ?

-Нэгдүгээр ангийн сурагчид бэлтгэл хөтөлбөрийн хүрээнд монгол хэл зэрэг зарим сурах бичгүүд дээр дасгал ажлаа шууд хийдэг. Иймд зарим сурах бичгийг шинээр хэвлэх шаардлагатай. Өмнө нь батлагдаад Боловсролын яаманд зохиогчийн эрх нь хадгалагдаж буй сурах бичгүүдийг хэвлэнэ. Есдүгээр сарын нэгэн дөхөж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зар сурталчилгаа ч явуулна. Эцэг эхчүүдийн дунд нэг хүндрэл бэрхшээл тулгардаг. Тодруулбал, хичээлийн хэрэгсэл, цүнх зэргийг ганган хээнцэр өнгө, элдэв чамин чимэглэл, зураг зэргийг нь харж сонгодог. Мөн олон төрлийн үзэг бал, харандаа хэрэглэгдэхүүн сонгодог. Үүнээс шалтгаалан хүүхдийн цүнх хэрэглэгдэхүүн хэмжээнээсээ хэтэрч хүндрэх асуудал гардаг. Иймд дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлж, нэгдүгээр ангийн хүүхэд хэдэн килограмм цүнх үүрэх тохиромжид тааруулан эцэг эхийн ойлголтод цүнхний жин төдөн грамм, ийм харандаа бал, өдөрт авч явах дэвтэр ном зэргийг зааварчилгаа өгнө.

Сурагчдын дүрэмт хувцасны загвар болон үнэд өөрчлөлт орох уу. БСШУСЯ-наас ямар шаардлага тавьж ажиллах вэ?

-Дүрэмт хувцасны нэгдсэн загвар өөрчлөгдөхгүй. Өмнө нь ХХААХҮЯ-тай хамтраад тодорхой чиглэл гаргасан. Үүнтэй холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг ХНХЯ, БСШУСЯ-ны сайтуудаар дамжуулан явуулж байна. Боловсролыг дэмжих үйлчилгээний журам гарч байна. Тухайлбал, зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн хичээлийн хэрэгслийг нэг удаа үнэгүй олгох, сурах бичгийг үнэгүй ашиглуулах  журмууд гарч байна.

-Энэ онд боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажил хэр өрнөв. Ирэх намар хэдэн сургууль шинээр ашиглалтад орж, хэчнээн хүүхэд сургуульд хамрагдах боломж бүрдэх вэ?

-2018 онд нийт дүнгээр боловсролын салбарт урьд өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоо үйлчилж буй хууль, дүрмийн хүрээнд 2018 оны нэгдүгээр сараас эхлээд худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Гэвч цаг хугацааны давагдашгүй хүчин зүйлүүд нэлээдгүй тулгарсан. 2018-2019 оны хичээлийн жилд 100 гаруй цэцэрлэг, 100 гаруй сургууль байгуулагдаж байна. Хөрөнгө оруулалт, худалдан авалтын ажлууд дууссаны дараа хамран сургалтыг нэмэгдүүлэх боломжтой.  

-Жил бүр гурван ээлжээр хичээллэх хүндрэлтэй асуудал тулгардаг. 100 гаруй сургууль ашиглалтад орсноор гурван ээлжийн ачаалал хэр бодит түвшинд хүрч  багасах вэ?

-Одоогийн зарласан худалдан авах ажлууд журмынхаа дагуу, бидний байгуулсан гэрээний дагуу явагдвал 2018-2019 оны хичээлийн жил энэ асуудлыг 100 хувь шийдэх бүрэн боломжтой. Хөрөнгө оруулалт сааталгүй, хууль дүрэм журмын тал дээр маргаангүй явагдвал шүү дээ.

᠌П.УРНАА

Эх сурвалж: http://www.medee.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596041
0 эможи

keyboard_arrow_up