Боловсролын салбарын төлөвлөлт, бодлогын дүн шинжилгээний чадавхийг бэхжүүлнэ
Боловсролын салбарын хөгжлийг тодорхойлж, мастер төлөвлөгөө боловсруулах ажил эрчээ аван, хэрэгжиж эхлээд байна.
Энэ оны хоёрдугаар сард БСШУС-ын яам, Азийн хөгжлийн банк, болон Сангийн яам “Боловсролын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан.
Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг БСШУС-ын яам, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багтай хамтран хэрэгжүүлж байна. Шинэ мастер төлөвлөгөөг боловсруулж, салбарын болон дэд салбарын судалгаанд нарийвчилсан үнэлгээ хийж, үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой тав хоногийн сургалт семинар өнөөдөр эхэллээ. Тодруулбал, БСШУС-ын яам, НҮБ, Азийн хөгжлийн банк хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтанд боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгийн гишүүд болох БСШУС-ын яам, болон харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл оролцож байна.
Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх сургалтаар төлөвлөлтийн үйл явц, салбарын дүн шинжилгээ ба нөхцөл байдлын дүн шинжилгээ, хүртээмж, дотоод үр ашиг, тэгш боломж, боловсролын чанар, өртөг зардал ба санхүүжилт зэрэг сэдвүүд багтжээ. Мөн гадаад үр ашиг , боловсролын салбарын удирдлагын асуудал, боловсролын симуляцийн загвар гэх мэт чухал сэдэв ч багтсан. Дээрх сэдвүүдийн хүрээнд ярилцаж, шийдэл гарган, оролцогчид багаар ажиллаж, дадлага ажил хийж буйгаараа онцлогтой юм байна.