Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг анх удаа баталлаа

2018 оны 9 сарын 26

Arslan.mn

“Судалгааны их сургууль” үндэсний хөтөлбөрийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн БСШУСЯ-аас баталлаа. 

Дэлхийн олон улс орон шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлэн судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна.

Орчин үед судалгааны их сургуулийг “Сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдлийг хангах оновчтой хэлбэртэй, мэдлэгийн үйлдвэрлэл, хуримтлуулалт, дамжуулалт, түгээн дэлгэрүүлэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэг болгож чадсан их сургууль” хэмээн тодорхойлж байна.

Олон улсын туршлагаас харахад судалгааны их сургуулийг хөгжүүлэх, байгуулах асуудал нь төрөөс хэдэн арван жилийн турш тууштай бодлогоор болон ихээхэн хэмжээний санхүүжилтийн үндсэн дээр шийдэгддэг байна. 

Тухайн улс орон эдийн засгийн нөөц бололцоо, үндэсний онцлогоос хамаарч судалгааны их сургууль байгуулж хөгжүүлэх дараах 3 үндсэн хувилбар байдаг. 

1. Өрсөлдөөний замаар үндэсний хэмжээний хэд хэдэн тэргүүлэх их сургуулийг сонгож судалгааны их сургууль болгож хөгжүүлэх; 
2.  Тэргүүлэх сургуулиудаа нэгтгэж, шинээр судалгааны их сургууль болгон зохион байгуулж хөгжүүлэх;
3.    Цоо шинээр судалгааны их сургууль байгуулах.

Манай Улсын хувьд дээрх олон улсын туршлага, их сургуулиудын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, улс орны эдийн засгийн чадамж зэргийг харгалзан энэхүү хөтөлбөрийн хүрээнд судалгааны их сургуулийг хөгжүүлэх нэгдүгээр арга замыг сонгоод байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.18-д “... судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ”, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт “... үндэсний дөрвөөс доошгүй их сургууль Азийн шилдэг их сургуулийн эгнээнд орсон байх...”, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын 2.2.1-д “...эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх”, 4.2.6-д “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх” гэж тус тус заасан байна. 

Дээр дурьдсан бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс судалгааны их сургууль байгуулах арга хэмжээний үндсэн зорилго, зорилт, үйл ажиллагааны гол чиглэлийг тодорхойлсон анхны баримт бичиг болох “Судалгааны их сургууль” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.

Хөтөлбөрийн зорилго

Их сургуулиудын ахисан түвшний сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх замаар судалгааны их сургууль болгон хөгжүүлэх үндэс суурийг тавих замаар  Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжил, мэдлэгийн нийгмийг байгуулахад их сургуулиудын үүрэг, оролцоог  нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Манай Улсын хувьд судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндсэн үйл ажиллагаа болсон багш, оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх чадварыг тасралтгүй дээшлүүлж, өндөр технологи, инноваци, үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэн их, дээд сургуулиудыг санхүүжилтийн  нэмэлт эх үүсвэртэй болох боломжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.  Хөгжиж буй орнуудын  мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хөгжлийн гол тулгуураа өндөр технологийн үйлдвэрлэл буюу хүний мэдлэг, ур чадварт түшиглэж байна.

Хөтөлбөрийн үр дүн

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр дээд боловсролын салбарын хөгжилд томоохон ахиц дэвшил гарч,  их сургуулиуд судалгааны их сургууль болж хөгжих үндсэн суурь тавигдана. Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх явцад их сургуулиудын  үйл ажиллагааны менежмент сайжран, улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чадамж дээшлэн, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагаанаас олох санхүүжилтийн  нэмэлт эх үүсвэр бий  болж, эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэнэ.

Улмаар ”Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан “Үндэсний 4-өөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулах” зорилт,  “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого” хэрэгжих нөхцөл бүрдэх юм. 

Мөн Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн, төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн багш, судлаачдын дунд 10 гаруй удаа хэлэлцүүлэг зохион байгуулж уг төслийг шүүн хэлэлцүүлсний дээр “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөний үеэр 1200 орчим багш, судлаачдын саналыг авч хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулахдаа тэдгээрийг харгалзан үзжээ.

Энэхүү хөтөлбөрийн төсөлд тусгасан арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр их сургуулийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавх болон сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагаа эрхлэх орчин нөхцөл, дэд бүтэц олон улсын дундаж жишигт ойртон их сургуулиуд судалгааны их сургууль болж хөгжих боломж бүрдэх юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595257
0 эможи

keyboard_arrow_up