Багш нар ажил хаяхгүй байх зөвшилцөлд хүрлээ
Есдүгээр сарын 3-ны өдөр багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа. Хэдийгээр Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан ч нэмсэн төдийгөөр асуудлыг аргацааж байна. Тиймээс есдүгээр сарын 3-нд ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ТНБД Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар багш нарын төлөөлөлтэй уулзаж, зөвшилцлийн ширээнд суулаа.
Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байгаа бөгөөд урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж, ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүл гэсэн тулган шаардалт тавьсан байна.
Энэ асуудлаар салбарын сайд Ц.Цогзолмаа тодорхой хариулт өгсөн бөгөөд зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болжээ.
Ингэснээр ирэх сарын 3 буюу хичээлийн шинэ өдөр эхлэхэд ажил хаяхгүй болж байгаа юм. Цаашид асуудлаа харилцан ярилцаж, бодит байдалд тулгуурлан тулгарч буй зүйлээ шийдэж явахаар болсон байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









