ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Японы магистр докторын тэтгэлэг зарлагдлаа
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэлийг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн зарлалаа. Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа аравдугаар сарын 19 аж.
Хүний нөөцийг хөгжүүлэх “JDS” тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Японы Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, цаашлаад Япон хүмүүстэй, харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэх зорилттой.
Энэ жил “JDS” хөтөлбөрөөр төрийн байгууллагаас 18 хүн, хувийн хэвшлээс хоёр хүн, нийт 20 хүн магистр оюутан, мөн дээд тал нь хоёр доктор оюутныг сонгоно. Энэ хөтөлбөр 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн, буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм.
Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 15 улсад хэрэгжиж, 2017 оны байдлаар нийт 3970 гаруй залуус Япон улсад суралцжээ. Энэхүү хөтөлбөр Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 320 оюутан залуус Япон Улсад суралцсан. Үүнээс 262 оюутан төгсөж ирээд Засийн газрын холбогдох байгууллагууд, их дээд сургуулиуд, Төв банк зэрэгт ажиллаж байна.