Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэж эхэллээ
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт боллоо. Уг сургалтын нээлтэд ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгчид оролцов.
Наймдугаар сарын 13-17-ныг дуустал үргэлжлэх энэхүү сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш нийт 90 хүн хамрагдаж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан.
Эрүүл мэндийн боловсрол нь суралцагчид насан туршийн эрүүл амьдралын хэв маягийн талаархи хувь хүний хариуцлагыг ухамсарлан, өөрийн болон бусдын, цаашлаад хүрээлэн буй орчныхоо эрүүл байдлыг хүндэтгэх хандлагыг хөгжүүлэхэд тусална.
2018-2019 оны хичээлийн жилээс ЕБС-ийн бүх ангид Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй сургалтад хамрагдсан багш нар эрүүл мэндийн хичээлийг заах юм.
- Бага боловсролын 1-3 дугаар ангид эрүүл мэндийн хичээлийг тусгайлсан цаг, хичээлээр судлах шаардлагагүй, суралцагчийн өдөр тутмын үйл ажиллагаа, “хүн ба орчин” хичээлийн агуулгаар дамжуулан эзэмшүүлэх боломжтой тул багшид зориулсан суралцахуйн удирдамж боловсруулж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангид хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг нийгмийн хэрэгцээ; орон нутаг, сургуулийн онцлог; суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан дараахь агуулгыг сонгон боловсруулсан. Үүнд:
- Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй
- Хооллолт, хөдөлгөөн
- Сэтгэцийн эрүүл мэнд
- Хорт зуршил
- Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
- Осол гэмтэл зэрэг болно.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|