Хүй долоон худагт “Нүүдэлчин монгол” наадам эхэллээ
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин монгол” наадам өнөөдөр /2018.08.11/ Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт эхэллээ. “Нүүдэлчин монгол” наадмын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар оролцлоо.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Нүүдэлчин монгол” наадмыг нээж хэлсэн үгэндээ хүн төрөлхтөн даяарчлагдаж байгаа энэ цаг үед соёлын биет бус өвөө уламжлан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, улмаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал гэдгийг онцоллоо. Тиймээс Соёл урлагийг дэмжих сангаас хөрөнгийг нь гаргаж энэхүү “Нүүдэлчин монгол” наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулна гэдгээ БСШУС-ын сайд хэлсэн юм.
Сүүлийн арваад жил завсарлаад байсан соёлын биет бус өвийн наадмыг сэргээж, түүнчлэн үндэсний спортын их наадамтай хамтатган зохион байгуулж байгаа нь “Нүүдэлчин монгол” наадмын нэг онцлог. Тус наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд соёлын биет бус өвийн зүйлүүд, тэдгээрийг өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.
Соёлын биет бус өвийн их наадам болон Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан юм. Хоёр дахь шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид оролцож байна.
“Нүүдэлчин монгол” наадамд оролцож буй ардын авьяастнууд Хүй мандалын дэнжит аймаг аймгаараа отоглон бууж таван өдрийн турш өөрсдийн онцлог бүхий өв соёл, зан заншил, язгуур урлагаа сурталчлан таниулж, урлагийн тоглолтоо толилуулж өрсөлдөх юм. Мөн үндэсний спортын тамирчид үндэсний бөх, халх, буриад, урианхай сурын харваа, зэвт харваа, морьт харваа, үндэсний шагайн харваа, монгол шатар зэрэг төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорино.
“Нүүдэлчин монгол” наадмыг зохион байгуулах хорооноос соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан нэгдүгээр байр 20 сая, хоёрдугаар байр 15 сая, гуравдугаар байр 10 сая төгрөг, тус бүр цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах юм.
Мөн соёлын биет бус өвийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон их наадмын үеэр зохион байгуулж байгаа үндэсний спортын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчдод наадмыг зохион байгуулах хороо болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн шагнал урамшуулал олгох аж.
Эх сурвалж: mecss.gov.mn
|