Энэ жил цэцэрлэгийн насны 114 мянган хүүхдийг цахимаар бүртгэнэ

2018 оны 8 сарын 02

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ Arslan.mn

-Цэцэрлэгийн цахим элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар нээлттэй зохион байгуулна-

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа 2 настай хүүхдүүд болон 5 хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг хоёр дахь жилдээ цахимаар бүртгэж эхэлсэн. Иргэд хүүхдээ “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлж байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл энэ сарын 20-нд эхэлж, 30-ныг хүртэл явагдах юм байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэл 7-р сарын 25-ны 09.00 цагт эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 23-ны 00.00 цагт дуусах юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн боловсролын газраас  НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд Сургуулийн өмнөх насны 146 мянга гаруй хүүхэд байгаа. Түүнээс 114 мянган хүүхдийг бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй хүүхдийг бүртгээд байгаа юм байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд 146295 сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдах насны хүүхдүүд байсан. Үүнээс 113521 хүүхэд буюу 77.6 хувийг цэцэрлэгт хамруулсанбайна. Нийслэлд төрийн өмчийн 227 цэцэрлэг, төрийн бус өмчийн 434 цэцэрлэг нийтдээ 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн өмчийн цэцэрлэгт нийт хүүхдийн 74 хувь нь төрийн бус цэцэрлэгт нийт хүүхдийн 26 хувь нь тус тус сурч хүмүүжиж байна. Одоо цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагын зорилго ач холбогдол нь нэгдүгээрт нийслэлийн хэмжээнд бүх төрийн өмчийн цэцэрлэгүүдэд элсэлттэй холбоотой дугаарлалт үүсгэхгүй,  цэцэрлэгийн бүртгэлийг гэрээсээ хийх боломж бүрдэж байгаа. Хоёрдугаарт цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл ил тод, нээлттэй болж байгаа. Гуравдугаарт цэцэрлэг бүрд ажлын хэсэг байгуулагдаад элсэлт зохион байгуулагдан хүндрэлтэй ажил болдог байсан нь эрс буурсан”  

Энэ жил цэцэрлэгийн насны 114 мянган хүүхдийг цахимаар бүртгэнэ

Ерөнхий боловсролын сургуулийн шинэ хичээлийн жилийн бүртгэл наймдугаар сарын 20-нд эхэлж, 30-ныг хүртэл явагдахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар төрийн болон хувийн 241 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 50 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сургууль цэцэрлэгтэй холбоотойгоор хүрэлцээний асуудал үргэлж яригддаг. Үүнтэй холбоотойгоор хэдэн төсөл хөтөлбөр, ямар хэмжээнд хэрэгжиж байгаа талаар НБГ-аас дараах мэдээллийг өгч байна.  

“52 цэцэрлэг буюу цэцэрлэгийн өргөтгөл, 34 сургууль буюу сургуулийн өргөтгөл, 5 спорт заал, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд нийтдээ 94 төсөл арга хэмжээ улсын төсвөөр хэрэгжиж байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд нийт 7 сургууль, 22 цэцэрлэг барих ажил гэрээнийхээ түвшинд явж байгаа. Энэ бол УИХ-аас хөнгөлттэй зээлийн асуудлыг соёрхон баталсан. Азийн хөгжлийн банкин дээрээ захирлуудын зөвлөлийнхурлаар ороод шийдэгдсэн. БССЯ-н дээр төслийн нэгж нь байгуулагдаад хэрэгжээд явах төсөл байгаа. Япон улсын буцалтгүй тусламжаар 4 сургууль шинээр байгуулагдаж байгаа. Эдгээр сургуулийн барилга угсралтын ажил наймдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхэлж байгаа. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд долоон сургууль баригдана. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн эдгээр барилгын барилга, угсралтын ажил эхлээд явж байгаа” гэв.

Дашрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд ангиар нь авч үзвэл нэгдүгээр анги төгсөгчид хамгийн их буюу 131 мянга гаруй сурагч төгсчээ. Харин 11 ангийн 6000 гаруй хүүхэд төгссөн нь хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593394
0 эможи

keyboard_arrow_up