ЭЕШ өгөх хүүхдүүдээ нэгдсэн журмаар, цагдаагийн хамгаалалт дор аймгийн төвд хүргэе
Өнөөдөр 6 дугаар сарын 7-ний өдөр Хятад улс даяар ЭЕШ эхэлж байна. Хятадад дунд сургууль төгсөгч хүүхдүүдийн хувьд энэ бол маш чухал өдөр. Харин манай улсын ЭЕШ энэ сарын 16-20-ны өдрүүдэд орон даяар явагдана.
ЭЕШ-ын өмнөхөн хэнэггүйхэн монголчууддаа хэлэх хэдэн үг байна. Жилийн өмнөхөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр явах замдаа зам тээврийн осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхдүүд аймгийн төв рүүгээ буюу Сайншанд хот руу шалгалтаа өгөхөөр таксигаар явж байгаад ийм эмгэнэлтэй явдал болсон гэдэг.
Амьдралынхаа чухал сонголтыг хийж, хүссэн мэргэжлээрээ цаашид суралцахын тулд шалгалтад орох гэж буй хөвгүүд, охиддоо ийм торгон мөчид нь энэ мэт хайнга байдлаар хандаж, хэд гурваар нь зүгээр нэг таксинд суулгаад явуулчихмааргүй байна аа, төр засгийнхан.
Монгол Улс 300 гаруй сумтай. Нэг сумаас жилд доод тал нь 1-3 анги л ЕБС-иа төгсөж байгаа. Тэгэхээр дунджаар 30-90 хүүхэд ЭЕШ өгнө гэсэн үг. Сумын сургуулийн сурагчид аймагт очиж, ЭЕШ-аа өгдөг. Энэ чухал мөчид хэн дуртайд нь хүүхдээ дайгаад явуулчихгүй, нэгдсэн журмаар унаа тэрэг гаргаж, төгсөгчдөө цагдаагийн хамгаалалт дор аймгийн төвд хүргэж байвал яасан юм бэ.
Ингэж явбал наанадаж аюул осол бага гарна. Цаанадаж хэд гурваараа явснаас бага зардал гарч, хүүхдүүд ч амьдралынхаа чухал мөчид ирээд байна гэсэн хариуцлагаа ухамсарлахад илүү тустай.
Хөгжлөөрөө гайхагддаг Хятад, Өмнөд Солонгос улс ЭЕШ-ын энэ өдрүүдэд нэлээд ач холбогдол өгч, шалгалтад ордог хүүхдүүддээ маш их анхаарал тавьдаг билээ.
Хятадад л гэхэд шалгалтын өдрүүдэд сурагчдыг бүх такси болон хувийн машинууд үнэгүй зөөж, улсын томоохон компани болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бизнесээ сурталчлах зорилгоор ус ундаа, хоол зэргийг үнэгүй тараадаг байна.
Цагдаа нар нь АСЕМ Монголд болсон шиг л зам дээр үй олноороо харуулд гарч нэг ч сурагч ямар нэгэн асуудлаас болж шалгалтдаа орж чадахгүй байх вий гэж сонор сэрэмжтэй ажилладаг.
Мөн тухайн аймаг хот хошуунаас шилдгээр шалгарсан сурагчийг тухайн хотын дарга өөрөө ирэн гар барьж, барагцаагаар 4-10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог гэнэ.
Өөрөөр хэлбэл шалгалтын өдөр их хэдэн сая сурагчийн төлөө улс орон тэр чигээрээ хөдөлнө.
Шалгалт яг л ном ёсоор 6 дугаар сарын 7, 8, 9-ний 3 өдөрт явагдах бөгөөд шалгалтаас 10 минутын өмнө заавал ирсэн байх журамтай. Энэ хугацаанаас 1 секунд хоцроход л мянган дарга цэргийн хүүхэд байсан ч оруулахгүй, хатуу дэгтэй. Хэрэв зам дээр хоцрох гээд явж байгаа сурагч таарвал түргэн, галын машин, тэр бүү хэл сайд даргын машин байсан ч зам тавьж өгдөг гэсэн шүү.
Тэгвэл Өмнөд Солонгост л гэхэд шалгалт болох цагт онгоцны нислэгийг хүртэл хойшлуулдаг байна. Энэ нь шалгалтаа өгч байгаа хүүхдүүдийн анхаарлыг сарниулахгүй гэж авдаг арга хэмжээ аж.
Төрийн болон бизнесийн байгууллагууд, Сөүлийн хөрөнгийн бирж ажлаа нэг цагийн хойно буюу 10:00 цагаас эхэлж, замын түгжрэлээс хүртэл чөлөөлж өгдөг гэсэн. Мөн шалгалт авах газруудын ойролцоох барилгын ажлуудыг зогсоож, хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг явахыг хориглодог гээд ЭЕШ-ыг авах ном журам нь маш хатуу.
Харин бид өнөөх л монгол хүний хэнэггүй зангаараа хэчнээн хүүхдийг аймаг руу хүнд дайж явуулж, хэчнээн хүүхэд замын түгжрэлээс болж ЭЕШ-даа хоцорч очиж байгаа бол. Хүүхдүүдэд бие даан амьдрах цаг нь ирсэн, мэргэжлээ сонгох хариуцлагатай мөч өмнө нь ирсэн гэдгийг ойлгуулахад уг нь ЭЕШ нэлээд чухал үүрэг гүйцэтгэх учиртай юмсан.
Эх сурвалж: erennews.mn
|