2018 оны хувьд 33 мянга орчим оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгоно
Оюутны хөгжлийн зээлийг өнөөдрөөс хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Айл бүрт хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал тулгардаг. Оюутны хөгжлийн зээлийг шинэ журмаар олгож эхэлснээр энэ асуудлыг шийдэх боломжтой боллоо.
Зээл нь оюутны суралцах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэж Засгийн газрын тогтоол гаргасан.
Зээлийн сангийнхан Сангийн яамтай хамтарч, Боловсролын яамны санхүүч нар сайн ажилласны үр дүнд арилжааны банкнаас хамааралгүй, гэр бүлд санхүүгийн дарамт болохгүй зээлийн эрхийг оюутнуудын өмнө нээж өглөө.
Энэ жилийн хувьд 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд төсөвлөсөн бөгөөд үүнийг нэмж 90 тэрбум болгох саналыг гаргаад байгаа" гэлээ.
"Оюутны хөгжлийн зээл"-ийн шинэчлэгдсэн нөхцөл:
- Зээлдүүлэгч байгууллага: Боловсролын зээлийн сан
- Зээлийн хамрах хүрээ: Бакалавр, Магистр, Доктор
- Зээлийн нөхцөл: Хүүгүй, урт хугацаагаар, хамтран зээлдэгчгүй, барьцаа шаардахгүй, даатгалтай
- Зээлийн шаардлага: Элсэгч /ЭЕШ оноо >600/ Оюутан /Голч оноо >2.8/ Суралцагч /Голч оноо >3.2/
- Зээлийн хүсэлт гаргах: Тухайн сургуульдаа хүсэлт гаргах
Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны 46 дугаар тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар биш Боловсролын зээлийн сангаар дамжуулж олгох шинэ тогтолцоог бүрдүүлж, өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Оюутны хөгжлийн зээлийн давуу тал нь оюутан суралцаж байх хугацаандаа ямар ч төлбөр төлөхгүй. Оюутан ажил дээр гарсаны дараа зээлийн төлбөрөө 6 хүртэлх жилийн хугацаанд төлж дуусгана. Мөн уг зээл авахад тавигдах шалгуур багассан байна.
Оюутны хөгжлийн зээлийг хамтран зээлдэгч, барьцаа шаардахгүйгээр, урт хугацаагаар хүүгүй олгож эхэллээ. 2018 оны хувьд 33 мянга орчим оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгох ажээ.
"Оюутны хөгжлийн зээл" хүсэгчийн бүрдүүлэх материал
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ
- Иргэний үнэмлэх /хуулбар/
- ЭЕШ-ын онооны хуудас
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
- Сургуулийн тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэх
- Тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт.