Өсвөрийн зохион бүтээгчид БҮТЭЭЛЭЭ танилцууллаа
Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү тайлан үзэсгэлэнд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн есдүгээр ангиас 12 дугаар анги хүртэлх нийт 500 гаруй сурагч оролцсон ба Булган аймгийн ЭӨЦ сургууль, Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит сургууль, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Сүхбаатар сумын III сургуулийн багш сурагчид оролцлоо.
Удирдах ухааны магистр, Дизайн технологийн багш Ц.Оюунгэрэл "2017-2018 оны хичээлийн жилийн тайлан үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Би Дизайн технологийн чиглүүлэгч багш. Манай энэхүү төрөлжсөн сургалт, чиглүүлэгч багш үндсийг нь тавиад өгөхөд хүүхдүүд өөрсдөө үндсэн сургалтан дээрээ бие даан үйл ажиллагаа явуулж эхэлдэг давуу талтай юм.
Есдүгээр ангиас 12 дугаар ангийн төрөлжсөн сургалтын сурагч болгон өөрийн гэсэн таваас доошгүй бүтээлтэй оролцдог. Дизайн технологийн хичээлийн бүтээлээр улирал болгон мэргэжлийн хичээлийн шилдэг бүтээл, өөрийн сонирхлоороо хийсэн бүтээл зэрэг маш олон бүтээлүүдээрээ оролцож байна. Бид хүүхдүүдийнхээ бүх бүтээлүүдийг оролцуулахын тулд шоу, тайзны, дэлгэмэл зэргээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн хөдөө орон нутгуудаас хүүхдүүд ирж оролцож байна" хэмээлээ.
Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 11б ангийн сурагч С.Тэмүүлэн "Бид жилийн хугацаанд хийсэн бүтээлүүдээ тайлагнаж тавьдаг. Миний хийсэн бүтээлүүд нь баллуур, стресс тайлагч, уруулын будаг, хатуу саван, цэлцэгнүүрийн саван зэрэг. Хийх орц нь гэвэл, саванг хийхдээ савангийн суурь, өнгө, үнэр оруулагч, дээрээс нь сүү бага зэрэг оруулж өгснөөр арьсыг зөөлрүүлэх уян хатан болгох үйлчилгээтэй саван болсон. Талстан чимэглэл нь зэсэн сильфотыг усанд уусгахад хэвэнд ордог. Ингэснээр талстыг засаж янзлан янз янзын хэлбэртэй чимэглэл хийж болдог. Миний хийсэн энэ жилийн онцгой бүтээл маань үсны даруулга, даруулгынхаа чимэглэлийг эрдэнэ шишийн цардуул, тарган цавуу, баримлын шаврууд холин өнгө өнгийн сарнай шигтгэж өгсөн" хэмээлээ.
БСШУСЯ-ны харьяа лаборатори Булган аймгийн Булган сумын Чин ван М.Ханддоржийн нэрэмжит Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Х.Мөнхбаатар "ӨЗБЛАС-ийн 2018 оны тайлан өдөрлөгт 4 багшийн хамтаар ирж оролцлоо. Уг үйл ажиллагааг үзэж суухад "Бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн бус оюутнуудын бүтээлийг үзээд байна уу даа гэсэн бодол төрж байлаа. Бүтэн жил хөлс хүч, оюун ухаан, авьяас чадвар, нөр их хичээл зүтгэлээ зориулсан хүүхдүүдийн бүтээлүүдээс эцэг эхийн зөвлөлтэйгөөө хамтран шилдэг хүүхдүүдийг шалгаруулж байгаа нь өөрийн сургуулийн тайлан өдөрлөгт нэмж шингээх чухал санаа гэж бодож суулаа. Бидний түнш ӨЗБЛАС маань 5 жилийн туршлагатай сургууль. Иймд бидэнд энэ сайхан сургуулийн ололт амжилтаас суралцах арвин их туршлага харагдаж байна. Түүний нэг нь эцэг эхийн зөвлөлийн гайхалтай хамтын ажиллагааг энэ тайлангаас олж харснаа энд онцлох нь зүйтэй байх аа. ӨЗБЛАС-ийн хамт олонд, эцэг эхийн зөвлөлд ажлын амжилт хүсье. Мөн бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай" хэмээлээ.