Ж.БОЛОРМАА: Боловсролын салбарын БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГО алдагдсан

2018 оны 3 сарын 27

Arslan.mnБСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаатай боловсролын салбарын талаар ярилцлаа.

-Та БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албыг хоёр сар гаруй хугацаанд хашсан. Гэтэл таны өмнө энэ албыг хашиж байсан хүний шүүхийн шийдвэр гарсан. Одоо тантай холбоотой асуудал юу болов?

-Би захиргааны шүүхэд хандсан байгаа, удахгүй миний анхан шатны шүүх хурал болно. Өмнөх төрийн нарийн бичгийн даргын хурал болж үндэслэлгүй халагдсан гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Хуулийн хүрээнд асуудал нь шийдэгдэх байх.

-БСШУСЯ байнга л албан тушаалын маргаантай байгаа. Одоо дэд сайдын суудал нь ч эзгүйрчихлээ, яам нь хөл толгойгоо олохгүй болохоор яана гэсэн үг вэ?

-Мэдээж би БСШУСЯ-ндямар хүн дэд сайд болохыг мэдэхгүй. Би боловсролын салбарт бүх шатанд ажиллаж байна. Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга хийж байхад 11 сайд, дөрвөн дарга, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн захирал хийх хугацаанд хоёр сайдтай ажилласан. Салбарын сайд нар томилогдоод газрын дарга нарыг өөрчилнө, зарим мэргэжилтэн солигдоно. Ингэж боловсролын салбарын залгамж чанар, боловсон хүчний бодлого алдагддаг. Тэгэхээр Монгол Улсын боловсролын салбарын боловсон хүчинг чадваржуулах, мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулах, олон улсын жишигт нийцсэн, цахим технологид суурилсан багшийн хөгжлийн загвар боловсруулан хэрэгжүүлэх, сонгон шалгаруулалтыг оновчтой зохион байгуулах тогтвортой мөрдөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, цаашлаад төрийн бодлого дутагдаж байна.

-Таны хувьд багшаас нь эхлээд ажилаллаа. Салбарын хувьд анх ажиллаж байх үе болон өнөөгийн түвшинд хэрхэн өөрчлөгдсөнийг, өөрөөр хэлбэл Монголын боловсролын чиг хандлагын талаарх таны бодол.

-1990 оноос өмнө сурагчдын сурлага хүмүүжилд, эцэг эх багш адил үүрэг хүлээдэг. Хүмүүжлийн доголдолтой хүүхдэд анхаарч анхаарлаа хандуулдаг байсан. Манай салбарт боловсролын тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн 12 жилийн тогтолцоонд шилжүүлсэн, боловсролын судлах агуулга мэдлэгээс чадварт шилжсэн, багшийн заах арга зүй мэдлэг дамжуулахаас бие даан суралцах чадвар олгоход чиглэсэн, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн,мэдээлэл дамжуулахаас илүү сурах арга барилыг дэмжихэд чиглэсэн, боловсролын үнэлгээ нь мэдлэгийг үнэлэхээс илүү мэдлэгээ хэрэглэх ур чадварыг үнэлэхэд чиглэсэн, сургалтын зохион байгуулалт нь хүн бүрийн онцлогт суурилсан загварчлал руу шилжсэн зэргээр хөгжиж ирсэн.

Харин боловсролын тогтолцооны шинэчлэлийн хувьд 1998 оноос эхлэн бага дунд боловсролын агуулгын стандартыг баталж судлах агуулгыг стандартчилсан. Өөрөөр хэлбэл сургалтын байгууллагууд үзэл баримтлал тогтолцооны хувьд өөрчлөгдсөн гэж болно. 2004 онд мэдлэгээс чадварт суурилсан цогц чадамжийн стандартад шилжсэн.Боловсролын тогтолцоог үе шаттайгаар 10 жилээс 11 жилд, 11 жилээс 12 жилд шилжүүлэх ажлыг эхлэн 2016 онд бүрэн шилжүүлж олон улсын жишигт нийцэх боломжтой болсон.2010 оноос боловсролын тогтолцоонд Кембиржийн олон улсын хөтөлбөрт баримжаалсан системийн шинэчлэл хийгдсэн. Боловсролын агуулгыг олон улсын төвшинд нийцүүлж, олон улсын магадлан итгэмжлэлд орох Монгол Улсын бичиг баримт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх болж байгаа юм.2012 оноос хүүхэд бүрийг хөгжүүлэх, хувь хүний авьяас чадварыг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх боловсролын шинэчлэлүүд нь ихэвчлэн агуулга хөтөлбөрүүдэд илүү анхаарч ирсэн цаашид агуулгаа хэрэгжүүлэх Боловсролын менежментэд илүү анхаарах зайлшгүй шаардлага гарч ирж байна.

-Тэгэхээр үүнийгээ дагаадсистемийн шинэчлэл ч багагүй хийгдсэн байх аа?

-Тэгэлгүй яах вэ. 2010 оноос хойш багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг хийсэн. Энэ нь багш бэлтгэх сургуулийн хөтөлбөр агуулга арга зүйг шинэчлэх юм. Мөн хөтөлбөрийн шинэчлэлийг хийсэн дээ. Тодруулбал, англи хэл, математик, байгалийн ухааны хөтөлбөрүүдийг Кембрижийн олон улсын хөтөлбөрийн түвшинд хүргэх гэсэн үг. Боловсролын үнэлгээний шинэчлэл, мэргэжлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, 2012 онд Боловсролын тухай хуульд БҮТ, БМДИ, БХ, олон улсын  хөтөлбөрийн болон лаборатори сургуультай болох заалт орсон. Олон улсын хөтөлбөрийн сургалттай гурван сургууль лаборатори туршилтын 40 сургууль хичээллэж эдгээр сургуульд хөтөлбөрийг туршсаны дараа үе шаттайгаар 798 сургуульд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх ажил 2009 оноос эхэлж 2014 онд дууссан дараагийн шинэчлэл 2014 оноос эхлээд одоо үргэлжилж байна.

Нэг сайд гарч ирээд шинэ зүйл хийдэг гэж ойлгож болохгүй. Дээрх шинэчлэлүүд Боловсролын тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого2014-2024, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2016–2020 он гэсэнбичиг баримт, хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдаж дэлхийн боловсролын чиг хандлагатай уялдаж явдаг.Жишээ нь: 2012 оноос эхлээд “Зөв монгол хүүхэд ” хөтөлбөрийн хүрээнд цөм хөтөлбөр хэрэгжиж байсан.

-Та сая хэллээ. Нэг сайд гарч ирээд шинэ зүйл хийдэг гэж ойлгож болохгүй гэж. Гэхдээ олон нийт бол манай боловсролын систем буруу, эсвэл бүр сайдын үзэмжээр явагдаад байна гэх шүүмжлэлийг дагуулсаар байгаа шүү дээ.

-Сургуулийн өмнөх боловсролын сургалтын асуудлыг анх 1982 онд боловсролын хуульд тусгаж, 1991, 1995, 1998 оны Боловсролын тухай хуулиудад сургуулийн өмнөх боловсролын байгууллага түүний хэв шинж, агуулга, хичээлийн жилийн эхлэх, дуусах хугацаа, сургалтын ажлын зохион байгуулалт, удирдлагын тухай, багшийн тухай хуульчлан зааж мөрдөж байгаад 2008 онд СӨБ тухай хууль батлагдаж, 2016 онд өөрчилөн найруулсан. Сургуулийн өмнөх боловсролын бодлогын баримт бичиг 2007, 2013 онд боловсруулан батлагдсан. Сургуулийн өмнөх боловсролын стандарт 1998, 2003, 2011 онд өөрчлөгдсөн. СӨБ-ын сургалтын хөтөлбөр нь 2001, 2011-2013, 2015 онуудад өөрчлөгдөж  2016 онд БСШУ-ын сайдын А/301 тушаалаар сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр батлагдсан. Одоо энэ хөтөлбөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тэгвэл СӨБ-ын стандарт,хөтөлбөрийн чиглэлээр тулгамдаад байгаа асуудал нь СӨБ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Цэцэрлэг нь боловсролын тухай хуулийн 11.32-д заасан стандартыг хэрэгжүүлнэ” гэж тусгасан байхад “Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг” 2014 онд хүчингүй болгосон. Иймд стандартад суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн бага суурь ахлахын цөм хөтөлбөр ерөнхий боловсролын лаборати сургуулиудад эрчимтэй хэрэгжиж байсан бол одоо тэдний үйл ажиллагаа зогсонги болсон. Иймээс хийх ажлыг  нь тодорхой болгож үйл ажиллагааны хүрээг тогтоож тодорхой тасралтгүй ажиллах эрх зүйн баримт бичгийг гаргах хэрэгтэй байна. Сургуулийн өмнөх боловсролын Цөм хөтөлбөрт үнэлгээ хийгдээгүй. Дээрх олон өөрчлөлт шинчлэлийг солигдож байгаа сайд ойлгохгүй,  өөрчлөгдөж байгаа газрын дарга мэргэжилтнүүд нь үе шаттайгаар явагдаж байгаа боловсролын салбарын асуудалтай дутуу танилцаж, хийх ажлаа сайн мэдэхгүйгээс болж бодлогын залгамж чанар, боловсон хүчний бодлого алдагдаж байна.

-Боловсролын салбарын гол хөдөлгөгч хүч нь боловсон хүчин. Тийм байхад яам байтугай цэцэрлэг сургуулийн захирлуудыг байнга халж сольдог болсон. Энэ асуултад та ямар байр суурьтай байдаг вэ?

-Дэлхий дахины нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, техник технологийн хөгжил хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед дасан зохицох тогтвортой хөгжлийн үндэс нь “Хүний хөгжил” гэж үздэг. Тэгэхээр боловсролын бодлогоороо ирээдүйн иргэнийхээ дүр төрх, Монгол хүний хөгжлийн загвараа гаргаж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах чадвартай хүнийг бэлтгэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Боловсролын тогтолцоог” бий болгон хөгжүүлэх шаардлага гарч ирж байна. Өнөөдөр боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан гэж хэлж болно. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тогтвортой мөрдөх шалгуур байхгүй, мэргэжлийн боловсон хүчний судалгаа байхгүй. Жишээ нь 1-5 жил сургалтын менежер, нийгмийн ажилтан мөн арга зүйч хийж байсан хүнийг захирал, эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оруулдаг байсан журам алдагдсан. Хувь хүн эхний хоёр шалгалтдаа тэнцэж өндөр оноо авахад нь ярилцлагад бодлогоор унагаадаг. Ийм л арга барилаар боловсон хүчин томилогдож байна. Мөн аль нэг намын сонгуульд идэвхтэй оролцсон хүн боловсролын салбарын удирдах ажил хийх нь ихсэж. Дарга нараас хамаарсан шийдвэр гарах магадлалтай болж, мэргэжлийн, үнэн бодитой шударга байдал алдагдсан. Өөрөөр хэлбэл сургуулийн хэв шинж ангиллыг мэргэжлийн биш хүн удирдахаар судалгаа байхгүй, мэдэх зүйлгүй болохоор асуудалд дураараа хандаж байна. Санхүү төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, багшийн зардлыг тусгаж, сургууль багш нар өөрсдөө суралцах зарим сургалтаа сонгох боломжийг олгох, сургуулийн чанарын баталгаажуулалтын журам боловсруулан мөрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах эрх зүйн орчин бүрдүүлж, мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчний чадавхыг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагтай байна. Мэргэжлийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарал ажиллах боломжийг сайжруулах, сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр түүний агуулга,үнэлгээ цалин хөлсний тогтолцоог цогцоор нь өөрчлөх хэрэгтэй байна.

-Элдэв хөтөлбөрүүдээс шалтгаалаад өнөөдөр төгсөх ангийн сурагчид нь  сурах бичиггүй яваа гомдол их гарч байна. Таныхаар бол хэрхэн шийдвэрлэх байсан бол.

-Сурах бичгийн хувьд хэвлэлийн газар төвтэй, яам төвтэй, яам дагнасан гэсэн гурван хувилбараар авч үздэг.БСШУСЯтөвтэй тогтолцоо, одоо хэрэгжүүлэн мөрдөж байна. Боловсролын стандарт сургалтын хөтөлбөр, стандартад нийцсэн сурах бичиг зохиох асуудлыг боловсролын хүрээлэн хариуцаж байна. Хүрээлэн зохиогчийн багийг сонгон шалгаруулна. Яам зохиогчдын багийг баталгаажуулна. Хүрээлэн яамны төлөөллийн багуудтай гэрээ байгуулна. Яам төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах хуулийн дагуу сурах бичиг хэвлэн нийлүүлэх компаниудыг сонгон шалгаруулдаг. Шалгарсан компанитай яам гэрээ хийдэг хяналт тавьдаг. Компаниуд сурах бичгийг боловсролын газар, нийслэл, дүүргийн боловсролын хэлтэст хүргэнэ. Цаашид сурах бичгийн хэмжээ, өнгө, будаг, агуулга, стандартад илүү анхаарч, бие дааж хэрэглэж ашиглахад сурагчдад ойлгомжтой, хялбар, бусад хичээлтэй уяалдаж, даалгавар хийхэд нь сонирхолтой хэлбэрээр зохиоход нь анхаарах хэрэгтэй байна.

-Мэдээж боловсролын салбарт шинэчлэл хийж багш нарын асуудалд анхаарсан ч боловсролын салбарын энэ шинэчлэлт өөрчлөлтөд, санаачлах гүйцэтгэх шийдвэр гаргах ажлууд юу байв?

-Үндсэндээ 2004 оноос хойш боловсролын гүн ухаан, онол арга зүйн чиглэлээр дорвитой үзэл санаа, шинэчлэлийн бодлого, онол арга зүйн бодитой шийдэл хийгдсэнгүй. Багшийн арга зүй, салбарын менежментийг шинэчлэл хийгдээгүй, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний чанарын шинэчлэл хангалтгүй, үнэлгээний шинэчлэлийг хөтөлбөрийн шинэчлэл, багшийн арга зүйн шинэчлэлтэй уялдуулан хийж чадаагүй.Эх хэлээ хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хүмүүсийн харилцаа, хүүхдийн хөгжил, хүмүүжил, мэдээлэлийн технологи, цахим ерөнц залуучуудын сэтгэлгээний хэв шинж, эдгээрээс уламжлаад монгол үндэстний сэтгэлгээ, ухамсар, хэвлэл мэдээлэл цаашилбал ёс зан заншил, тусгаар тогтнолын асуудалд эх хэлний хэрэглээний доройтол ихээр гарч байгаа энэ цаг үед боловсролын салбар эх хэлний асуудлыг бүх түвшинд (СӨБ, ЕБС их дээд сургууль, гэр бүл, насан туршийн боловсрол,) хэвлэл мэдээлэл, цахим ертөнц, ердийн болон албан хэрэглээ урлагын боловсролд түгээн дэлгэрүүлэх.Шинжлэх ухаанд суурилсан агуулга арга зүй үнэлгээнд суурилсан оновчтой хичээл цагийг шинээр төлөвлөн оруулах шаардлагатай байна. Жишээ нь: Иргэний боловсрол, нэр нь оновчтой боловч агуулга нь системчлэгдээгүй, гэр бүлийн боловсрол,Үндэсний ёс уламжлал, зан заншил зэрэг цагуудыг шинээр хөтөлбөр боловсруулан оруулах хэрэгтэй.

Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр: Цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалах, өсвөр үеийнхэн тэдний гэр бүл цахим боловсрол эзэмшүүлэх, албан бус хөтөлбөрийг салбарын түвшинд батлан хэрэгжүүлэх хэрэгцээ үүсээд байна. Ерөнхий боловсролын мэдээлэл зүйн хичээл нь цахим орчны ёс суртахуун, мэдлэг чадвар төлөвшихөд хангалттай нөлөөлж чадахгүй байна. БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын багш, сурагчид хичээл дээр гар утсаар ярихгүй байх асуудлыг шийдвэрлэсэн хэдий ч хэрэгжихээ больсон. Цагдаа, эрүүл мэнд, мэдээлэл харилцааны салбар хүүхэд хамгааллын байгууллагууд энэ асуудлаар ажиллаж байгаа боловч боловсролын салбар сургуулиудын идэвхтэй оролцоо дэмжлэг дутагдаж байна. Цахим орчинд хүүхэд хамгаалах хөтөлбөрийн суурь болохуйц судалгааг НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн Банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн боловч тодорхой ажил хийж ашиглаагүй байна.

-Та хүний хөгжил, багшийн ёс зүй харилцааны талаар олон зүйл хийж, нийтлэл бичих юм. Орчин цагийн хүүхдийн онцлог нийгмээ дагаад өөрчлөгдөөд байна уу?

-Одоогийн хүүхдүүд мэдрэмжээрээ хандах нь илүү хөгжсөн. Тархи нь орон зай дүрслэлээр сэтгэж, үгээр ярьсан сэдвийг ч зурган дүрслэлээр тогтоон ойлгож чадна. Баруун тархи нь илүү сэргэг байгаа нь урлагийн мэдрэмж илүү, дүрслэх сэтгэлгээ нь хөгжсөн, хүний бодол санаан дахь зурган дүрсийг мэдэрч унших чадвартай хөгжсөн. Тэдний оюун дүгнэлт хийх чадвар нь хурдтай бөгөөд зөн билгийн мэдрэмж нь өндөр хөгжсөн тул заалгаж байгаа сэдэв нь амьдралын зорилго амьдрах орчинтой нь зохицолтой бол сонирхон судална. Зохицолгүй гэдгийг мэдэрвэл огт сонирхохгүй. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй хүүхдийн эдгээр онцлогийг тусгаж, багш нарыг бэлтгэх шаардлага гарч байна. Өнөөдрийн хүүхдэд олгож байгаа хөтөлбөр, арга зүй, хүүхдийг залхаан, ядраах, сурах идэвхийг нь бууруулж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Иймд хичээл заах багш, аав, ээж асран хүмүүжүүлэгч хүн бүр үзэл бодол оюун санаагаа шинэчлэх багш бэлтгэх тогтолцоо, системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй байна.

Дэлхийн эрдэмтэд хүний хөгжил, хүүхдээ судлаад, багшийг бэлтгээд, орчны ахуй бодол санаа хувьсан өөрчлөгдөх тул ирээдүйн мэргэжил ажил хөдөлмөрийг нь тодорхойлоод үүнтэй нь уялдуулан боловсролын агуулга чанарыг боловсруулаад ажиллаж байна. Иймд Монгол хүн та, таны хүүхдүүд хүний хөгжлийн өөрчлөлт, хөгжил дэвшилттэй зэрэгцэн алхаж байна. Иймд томчууд бид ирээдүйн иргэн, монгол улсынхаа хөгжлийн төлөө сэтгэлгээний том эргэлт  өөрчлөлт хийх цаг болсон байна.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55357
0 эможи
keyboard_arrow_up