Багш нараа хуурсан, ард иргэдээ хуурсан явуургүй бодлого хэрэгжиж байна

2018 оны 3 сарын 14

Arslan.mn

Багшийн Цалин Нэмүүлэх Түр Хорооноос өнөөдөр Засгийн газар, салбарын яам, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад хандаж хэвлэлийн бага хурал хийлээ. 2017 онд эхлүүлсэн тэмцлийн үр дүнд багшийн үндсэн цалинг 50 хувиар нэмүүлэх шийдвэр гаргуулсан ч багшийн үндсэн цалин одоо болтол нэмэгдээгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлжээ.

Энэ талаар Багшийн Цалин Нэмүүлэх Түр Хорооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул “Бид бүтэн улирал хүлээж ханалаа. Төрийн тогтворгүй бодлого, боловсролоо орхигдуулснаас болоод багш нарын нэр төр унасан юм байна гэдгийг багш нар хэлж байгаа.

Улирлын үр дүнгийн урамшууллыг өмнө нь мөрдөж ирсэн. Энэ нь угаасаа 15 хувиар олгогддог байсан. Үүн дээр 5 хувь нэмж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс сар сард нь олгоно гэсэн заалт байсан. Гэтэл олгохдоо маш их дарамт нэмэгдүүлсэн байна. Бид 14 ажлыг ахиж гүйцэтгэж байж 5 хувийн нэмэгдэл авах юм байна. Цайны газар, биеийн тамирын газрыг түрээсэлсэн мөнгөөр багш нарын урамшууллыг нэмнэ гэж байна. Гэтэл цайны газрыг түрээсэлсэн мөнгө Төрийн сангийн дансанд орж байдаг. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ мөнгө уг нь тухайн сургуулийн дансанд орох байтал одоо болтол яах нь тодорхой бус байна.

Ийм төөрөгдүүлсэн, цаг нөхцөөсөн, амласандаа хүрдэггүй, цаас төдий тушаал шийдвэр тогтоолуудыг гаргаад сурчихсан засаг төр байна. Тэгсэн хэрнээ багш нарыг маш их шалгадаг. Багшаас хариуцлага нэхдэг шигээ төр засаг ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж чаддаггүй. Багш нараа хуурсан, ард иргэдээ хуурсан явуургүй бодлого хэрэгжиж байна. Тиймээс багш нар дахиад тэсэхгүй, тэвчихгүй. 2017 онд олгогдох ёстой 300 мянга дээр нэмээд 45 хувиар олгох ёстой үр дүнгийн урамшууллыг буулгаж 36 хувиар олгосон байгаа. Хасах систем нь илүү их давамгайлаад байгаа ч нэмэгдэж байгаа юм алга. Багш нар маш их мөнгө авчихсан юм шиг харагдаж байгаа ч мянган төгрөг ч авч чадаагүй сууж байна. Сар сардаа олгогдох ёстой 20 хувь нь улиралд орох болоод гараад ирж. Ийм хариуцлагагүй байдлыг бухимдалтай хүлээн авч байна” гэв.

Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Багшаас Монгол Улсын ирээдүй ундран гарч байгаа учраас бид энэ асуудалд анхаарлаа хандуулж, тэмцэж ирсэн. Бид улсын хэмжээнд 100 хувьтай гэж хэлж болох ажил хаялт зохион байгуулсан. Тухайн үед Засгийн газраас цалинг 20 хувиар нэмэх боломж байгаа гэж ажил хаялтыг зогсоож, ширээний ард суусан. Гэтэл энэ асуудал одоо болтол чимээгүй байна.

Хэрвээ ажлаа хийж чадахгүй бол огцрооч ээ. Өнөөдөр багш нарыг асуудал гаргахад өөнтөглөөд л цалинг нь хасдаг. Засгийн газрын тогтоолыг бид гурван сарын хугацаанд ажигласан. Гэтэл нэг ч багшийн цалин дээр цайны газар, спорт заалыг түрээсэлсэн мөнгөнөөс нэмэгдсэн юм алга байна. Багш нарын чихэн дээр цэцэг ургуулаад, цаг хугацаа хожоод яваад байна.

Багшийн норматив 25-30 хүүхэд байдаг. Гэтэл 60 хүүхэдтэй ажиллаж байна. Хөрсөн дээрээ багш нарын цалин нэмэгдэж байгаа юм алга. 20 хувийг нэмнэ гэж Засгийн газар ярьчихаад яагаад одоо болтол чимээгүй байгаа юм бэ” гэв.

Тэд энэ асуудлаар тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54890
0 эможи
keyboard_arrow_up