Сургуулийн өмнөх боловсролд хэн хамрагдаж чадахгүй байна вэ
Энэ жил Олон улсын Хүүхдийг хамгаалах өдрийг Монголд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэлээ. Энэ нь сургуульд суралцахаас эхлэн насанд хүртлээ хөгжих, ур чадвараа бүрэн нээж илрүүлэх боломжийг хүүхдэд олгоход улсаас анхаарч байгааг харуулж байна. Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх зорилтыг хангахад тун ойрхон очсон энэ үед хууль тогтоомж болон Засгийн газрын бодлогод өдгөө сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын үйлчилгээг өргөжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах асуудлыг тусгаж байна.
Монгол улс дахь СӨБ-ын үйлчилгээний хүртээмж нэлээд нэмэгджээ
Төр зөсгийн түвшинд СӨБ-ийн асуудалд ийнхүү ач холбогдол өгч байгаа нь иргэдийн тавьж буй хүчтэй шаардлага, хэрэгцээн дээр тулгуурласан болохыг саяхан хэвлэгдэн гарсан Дэлхийн Банкны тайлан харуулсан. Өдгөө Монгол улсад 3-5 насны хүүхдүүдийн 70 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, 10 хувь нь СӨБ-ын хувилбарт үйлчилгээ буюу нүүдлийн болон гэр цэцэрлэгүүдэд хамрагдаж байгаа нь ихэвчлэн малчдын хүүхдүүд байна. СӨБ-ын хамрагдалтын түвшингөөр Монгол Улс эдийн засгийн хөгжлөөр нэлээд дээгүүр Зүүн Европын болон Латин Америкийн орнуудтай энэ зэрэгцэж байгаа билээ. Монголын хувьд СӨБ-д зарцуулсан хөрөнгө оруулалтын урт хугацааны эргэх үр ашгийн судалгаа хийгдээгүй байгаа хэдий ч хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдсан хугацаа урт байх тусам тэдний оюун ухаан, танин мэдэхүй болон бусад суурь ур чадварууд илүү сайжирдаг болохыг эхний үр дүнгүүд нотлон харуулсаар байна.
Энэ бол ер бусын дэвшил юм. Хүүхдийг төлөвшүүлэхэд хүүхдийн бага нас маш чухал болохыг тархины хөгжлийг судалсан дэлхий нийтийн томоохон судалгаанууд харуулж байгаа. Тархи хурдацтай хөгждөг энэ үед хүүхдэд танин мэдэхүйн болон анхаарлаа төвлөрүүлэх, сэдэлтэй байх, өөрийгөө хянах, нийтэч байх зэрэг танин мэдэхүйн бус ур чадваруудын суурийг эзэмшүүлэх нь зөвхөн сургуульд амжилттай суралцахад төдийгүй улмаар хөдөлмөр эрхлэх болон амьдралаа авч явахад нь зайлшгүй чухал байдаг. (Дэлхийн Банк 2017, дүгнэлт, ишлэлүүдийг эндээс үзнэ үү).
Гэвч СӨБ хамгийн их шаардлагатай байгаа олон хүүхдүүд хамрагдаж чадахгүй хэвээр байна.
СӨБ-д хамрагдах шаардлагатай зорилтот бүлгийн буюу ядуу болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэгдсэн чанартай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь ихээхэн үр өгөөжтэй бөгөөд эргэх үр ашиг өндөртэй байдаг. Ихэвчлэн эдгээр хүүхдүүдийн гэр бүл болон орчин нөхцөл нь хүүхдийг хоол тэжээлээр хангах, тэдний танин мэдэхүйн болон зан чанарын ур чадваруудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх орчинг бүрдүүлэх боломжгүй байдаг юм.
Монголд ядуу, эмзэг бүлгийн олон хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хэвээр байгаа бөгөөд үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ:
- Газар зүйн болон яс үндсээс хамааралтай ялгаа нэлээд байсаар байна. Хөдөөд СӨБ-ын хамран сургалт доогуур буюу 36-59 сартай хүүхдүүдийн дөнгөж 46 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн нийслэл Улаанбаатар хотод хамран сургалт аймаг болон сумын төвүүдийн үзүүлэлтээс 10 нэгж хувиар доогуур байна. Хүн амын олонх болох халхчуудтай харьцуулахад казах хүүхдүүдийн СӨБ-д хамрагдалт бусад хүүхдүүдийн үзүүлэлтээс 24 нэгж хувиар доогуур байна.
- Өрхийн амьжиргааны түвшин нь хүүхдийн СӨБ-д хамрагдалтыг тодорхойлох гол хүчин зүйл болж байгаа ба амьжиргааны хамгийн доод түвшний ангилалд багтах өрхийн хүүхдүүдийн СӨБ-д хамрагдах магадлал нь чинээлэг өрхийн хүүхдүүдтэй харьцуулахад 40 нэгж хувь бага байна. Үүнээс СӨБ-д олгож буй төрийн дэмжлэгийн ихэнх хувь чинээлэгдүү өрхийн хүүхдүүдэд зориулагдаж байгааг харж болно.
- Малчдын хүүхдүүдийн СӨБ-д хамрагдалт улсын нийт хүн амд малчдын эзлэх хувьтай харьцуулж үзэхэд хангалтгүй хэвээр байна.
СӨБ-д хамрагдалтын эдгээр ялгааг арилгахын тулд тухайн орчин, орон нутгийн шаардлага болон боломжууд дээр суурилсан бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Монголын алслагдсан хөдөө нутгийн малчдын хүүхдүүдийн хувьд олон нийт, эсвэл гэр бүлийн орчинд СӨБ олгох хэлбэр хамгийн сайн тохирч байгаа юм. Үүний амжилттай жишээ нь 2012-2017 онд Японы Хүүхдийг ивээх сангаас Монголд хэрэгжүүлсэн, гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх хөтөлбөр юм. Уг хөтөлбөрөөр эцэг эх, багш нарын чадавхийг дээшлүүлж мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлсний зэрэгцээ орон нутгийн олон нийтийг татан оролцуулсан. Харин хот суурин газрын хувьд хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх замаар асуудлыг шийдэх бололцоог судлах нь зүйтэй.