Дээд боловсролын доройтол ажилгүйдлийн шалтгаан болжээ
Хөдөлмөрийн зах зээл ирэх жилүүдэд хүрээгээ тэлж, илүү олон боловсон хүчин шаардаж байна. Манай улсад энэ онд 76.4 мянган шинэ ажлын байр бий болох эерэг төлөв бий. Гэвч нөгөө талд их, дээд сургууль төгссөн залуус ажил олгогчдоос татгалзсан хариу сонсож, ажилгүйчүүдийн эгнээнд шилжсээр байгаагийн шалтгаан юу вэ.
Ажлын байрны хомсдол боловсролын салбараас үүдэлтэй
Өнгөрсөн онд 10 мянган ажлын байр сул байсан бол 118.8 мянган ажилгүй иргэн бүртгэгджээ. Энэ хавар олон мянган шинэ төгсөгч ажлын талбар дээр гарна. Гэвч тэд улсын эдийн засгийг чирэх ажиллах хүч болж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь манайд боловсон хүчин бэлдэж буй сургуулиуд, хөдөлмөрийн зах зээл хоорондын уялдаа маш сул байдаг. 2013 онд их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 75.6 хувьтай байсан бол 2016 онд 68.4 хувь болж буурсан.
ЭРЭЛТГҮЙ САЛБАРТ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ БУЙ НЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН АЛДАА
Ажил хийж буй төгсөгчдийн 30.4 хувь нь эзэмшсэн мэргэжлийнхээ үр ашгийг мэдэрч чадалгүй өөр салбарт зүтгэж байна. Харин 10 орчим хувь нь боловсролынхоо түвшнээс доогуур ур чадвар шаарддаг худалдагч, зөөгч, бармен, үйлчлэгч зэрэг ажил хийж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн 4000 гаруй төгсөгчийн дунд хийсэн судалгаанаас харж болно.
Ажилгүй байгаа төгсөгчдийн 54.1 хувь нь ажил хайгаад олдохгүй, 25.5 хувь нь мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байгааг дурджээ. Мөн 5.3 хувь нь цалин бага, 4.9 хувь ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцэхгүй байгаа учраас хөдөлмөр эрхлээгүй гэсэн хариулт өгсөн байна. Үүнээс үзвэл дээд боловсролын гэрчилгээтэй боллоо ч ажилтай, орлоготой болох баталгаа Монголд алга. Их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг мэдэрч чадахгүй байгааг илтгэх нэг жишээг дурдъя. Сүүлийн үед моданд ороод буй бизнесийн удирдлагын мэргэжлийг дээд боловсрол эзэмшигчдийн гуравны нэг нь сонгож байна.
Гэвч ийм мэргэжилтэй залуус ажилгүйчүүдийн эгнээнд олноороо шилжиж, нийгмийн хамгийн сул дорой давхаргыг улам зузааруулж байгаа нь харамсалтай. 2016 онд их, дээд сургууль төгссөн ажилгүй залуусын 16 хувийг дээрх мэргэжилтнүүд эзэлжээ. “Бизнес удирдлагын мэргэжил эрэлттэй байх үед ийм чиглэлийн хувийн их, дээд сургуулиуд байгуулагдсан. Зах зээл нь ханаж, эрэлт буурсан ч сургуулиуд энэ мэргэжлээр урьдын адил элсэлт авсаар байгаа.
Эдгээр сургуулиуд сургалтын хөтөлбөрөө эргэж харах цаг болсон” гэж “Мандах бүртгэл” дээд сургуулийн захирал Г.Нанжид хэлэв. Нэг хэсэг монголчууд хуульч, эдийн засагч, олон улсын харилцаа гэсэн мэргэжлийг түлхүү сонгож байсан. Харин сүүлийн жилүүдэд бизнесийн удирдлагад хошуурч, хэтэрхий туйлшрах болсны гор нь ийнхүү хөдөлмөрийн зах зээл дээр илэрчээ. Мөнгө л олж байвал бэлтгэсэн хүний нөөц нь шаардлага хангаж байгааг, төгсөгчид нь ажилд орж амьдралаа залгуулж чадаж буй эсэхэд анхаардаг их, дээд сургууль дэндүү олон болжээ. Дөрвөн жил зарцуулж сурсан ч тогтмол орлоготой болох магадлал хамгийн бага мэргэжлүүдэд бизнес удирдлагаас гадна багш, боловсрол судлал (20.4 хувь), үйлдвэрлэлийн технологи (10.3 хувь), инженер (8.1 хувь) зэрэг багтаж байгаа юм.
- Ажилгүй байгаа төгсөгчдийн 54.1 хувь нь ажил хайгаад олдохгүй, 25.5 хувь нь мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байгааг дурджээ.
- Бизнесийн удирдлагын мэргэжлийг дээд боловсрол эзэмшигчдийн гуравны нэг нь сонгож байна.
- Өнгөрсөн онд ажилгүйдлийн түвшин 9.5 хувьтай байсан бол 2018, 2019 онд 10.1 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй.
Түүнчлэн нийгмийн халамж, биеийн тамирын чиглэлээр төгсөгчдөд боломж тун бага байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатар хэлсэн юм. Тэрбээр “Хөдөлмөрийн зах зээлийн шингээлт байхгүй болсон салбарт мэргэжилтэн бэлтгэж, нийлүүлсээр байгаа нь их, дээд сургуулиудын алдаа. 2017 оны судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн 68.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бол 22.2 хувь нь ажилгүй, 19.3 хувь нь эдийн засгийн идэвхгүй гэсэн дүн гарсан” гэлээ.
Шинэ төгсөгчдөд тулгардаг хамгийн том бэрхшээл нь ажлын туршлага. Сургуульд практик дадлага бага хийдэг, ажлынхаа ур чадварыг бүрэн эзэмшиж чадаагүйгээс ажил олгогчдод гологсдоор. Ажил хайж буй төгсөгчдийн 24.4 хувь нь ажлын туршлага дутсан, 19.4 хувь нь ажлын байрны мэдээлэл хомс, 19 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй байгааг онцолсон байна. Уг нь дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага аж үйлдвэрээс мэдлэгийн эдийн засаг руу чиглэж байна.
Мөн шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж буйгаас ажлын байранд шинэ ур чадварууд чухал шаардлагатай болсон. Ялангуяа харилцааны ур чадвар, бүтээлч байдал, гадаад хэлний мэдлэг нэн чухалд тооцогдож буй. Гэтэл их, дээд сургуулиудад оюутны эдгээр чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүд тун маруухан байдаг нь гачлантай.
Дээд боловсрол дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байдаг юм шиг үнэ цэнэ нь унаад олон жил болсон. Ядаж байхад ирэх жилүүдэд ажилгүйдлийн түвшин өсөх төлөвтэй байгаа. Өнгөрсөн онд манай улсад ажилгүйдлийн түвшин 9.5 хувьтай байсан. Харин 2018 болон 2019 онд 10.1 хувьд хүрч нэмэгдэх нь шинэ төгсөгчдийн хувьд тун таагүй мэдээ. Тиймээс дээд боловсролын хөтөлбөр, бодлогод шинэчлэлийн салхи агаар, ус шиг хэрэгтэй байна. Гэхдээ өмнөхөөс нь дордуулчихааргүй, зах зээлийн эрэлтээ мэдэрсэн, төгсөгчдийнхөө ур чадварыг нэмэхэд чиглэсэн өөрчлөлт энэ салбарт хэрэгтэй байна.