Голч дүнгээрээ “ГОЛОГДСООР” байх уу?!
Манай улсад 97 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээр сургуульд 155 мянган оюутан суралцдаг. Харамсалтай нь, тэдний ихэнх нь төрөөс өгсөн “эрхийг” боломж болгон ашиглаж чадаагүй байна. Учир нь, Засгийн газрын шийдвэрээр хоёр жилийн өмнөөс эхлэн “Оюутны хөгжлийн зээл"-ийг олгосон ч тэрхүү зээлд цөөн тооны оюутан л хамрагджээ.
Өөрөөр хэлбэл, тэрхүү зээлийн санд өнгөрсөн оны улсын төсвөөс 90 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн санд суутгаж, тодорхой шаардлага хангасан оюутанд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн ч тэд ердөө тавхан тэрбум төгрөгийн зээлийг л авч чадсан байх юм.
Уг нь, энэ нь оюутнуудад суралцаж байх хугацаандаа эцэг, эхдээ эдийн засгийн дарамт болохгүйгээр сургалтын төлбөрөө өөрсдөө хийх боломж юм. Учир нь, тухайн оюутны голч дүн 2.6-аас дээш байхад л “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах эрхтэй болно.
Дээр нь арилжааны банкнаас тавих тодорхой шалгуурыг давснаар ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр, таван хувийн хүүтэй зээлд хамрагдах бүрэн боломжтой байв. Хамгийн гол нь, тэрхүү зээлд хамрагдсан оюутан сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөхөөр зохицуулсан ч тэдний ихэнх нь дээрх боломжоос “татгалзжээ".
Тэгвэл тэд яагаад “татгалзах” болов. Нэг талаараа банкны шаардлагыг даваагүй, зээлд хэрхэн хамрагдах мэдээлэл хомс зэрэг олон шалтгаан байх ч эсрэгээрээ ихэнх оюутны голч оноо зээлд хамрагдах босгыг даваагүй байж болох гэмтэй.
Гэтэл саяхан төр, засгийн зүгээс жилд 35-37 мянган оюутан “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах тооцоог гаргажээ. Тэр ч битгий хэл, тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авлаа гэж бодоход зургаан жилийн турш cap бүр 139 мянган төгрөгийг төлөхөөр тооцоолсон нь өрхийн эдийн засагт дарамт болохгүй гэж үзсэнтэй холбоотой аж.
Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тэднийг “Оюутны хөгжлийн зээл"-д хамруулахын тулд хамрах хүрээг тэлж, бүрдүүлэх бичиг, баримтыг нь цөөлж, бүр цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүгээр ч зогсохгүй арилжааны банкуудаар дамжуулж олгодог байсныг цуцалж, “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан олгох шийдвэрийг гаргаад байна.
Өөрөөр хэлбэл, оюутнууд энэхүү зээлд хамрагдах шалгуурыг нь багасгаж, гагцхүү өөрсдөөс нь шалтгаалах нөхцөлийг бүрдүүлсэн гэж ойлгож болно. Тухайлбал, зээлдэгч нь хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй.
Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгохоор болсон төдийгүй улсын төсвөөс дахин 75 тэрбум төгрөгийг оюутнуудад зээл хэлбэрээр олгохоор тусгаад байна.
Ямартай ч төр, засаг оюутнуудад алдаж болохгүй алтан боломжийг олгож байна. Харин оюутнууд маань “голч дүн”-гээрээ гологдсоор байх уу.