Л.Ганбат: Энэ жил ЭЕШ-д сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан яг одоо мэдээлэл хийлээ.
Боловсрол Үнэлгээний Төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат "Энэ жилийн шалгалтын бүртгэл цаг хугацаа орон зайнаас үл хамааран , онлайнаар өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 45,000 орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
Нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэл бичгийн шалгалтын тухайд ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулагддаг зарчмынхаа дагуу явагдана. Энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн байгаа.
Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн зарчмаар явна. Мэдээж батламж нь тусдаа хэвлэгдэж гарна.
Энэ жил бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай серверээ холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх юм. Энэ нь мэдээллийн алдаа гаргахгүйн тулд авч хэрэгжүүлж буй шийдэл.
Хэрэв хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал өөрийн сургуулийн сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандаж мэдээллээ солиулах боломжтой. Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ солиулсны дараа дахин хэвлэн авах юм.
Шалгалтын хураамж өнгөрсөн жилийнхтэй ижил 5,800 төгрөг байна. Мөн энэ жил Англи, Орос хэл гэх мэт хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварын дасгалыг нэмж, хугацааг тодорхой хэмжээнд уртасгасан. Хугацааны хувьд математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 мин, бусад хичээлүүд 80 минутын хугацаанд үргэлжилнэ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|