ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлалаа
“Россотрудничество” нь гадаадад амьдарч буй ОХУ-ын иргэд болон Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ази-Номхон далайн бүс, Африк, Ойрхи Дорнод, Европ, ТУХН-ийн орнууд, Хойд, Төв болон Өмнөд Америкт албан ёсны 90 төлөөлөгчийн газар бүхий Холбооны Агентлаг юм.
Тус агентлаг нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвлөмжийн дагуу тухайн жилд Монгол Улсаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах мэргэжил, элсэлтийн төлөвлөгөөг хийдэг.
Монгол дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар - “РЦНК” нь 2017/2018 хичээлийн жилд Монгол Улсад 450 квот(тэтгэлэг)-ыг олгосон байна. Үүнд:
- Бакалаврын зэрэг/ мэргэжилтэн (техникийн мэргэжил) - 88
- Бакалаврын зэрэг (хүмүүнлэгийн мэргэжил) – 106
- Бакалаврын зэрэг/ мэргэжилтэн (химийн мэргэжил) - 41
- Төмөр замын мэргэжлээр – 84
- Тусгай мэргэжлийн дунд боловсрол – 1
- Урлагийн чиглэлээр - 20
- магистрантурт - 59
- аспирантурт - 23
- ординатурт - 4
- дадлагажигч – 24 (орос хэлний зуны сургалт) нийт 450 иргэн хамрагдсан байна.
“Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар нь 2018/2019 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр Оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Уг сонгон шалгаруулалтанд Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг ОХУ-ын иргэн оролцох эрхтэй.
Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дээр 2018 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд "Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2018" зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хүүхэд, залуучууд ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулийн тухай болон сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
ОХУ-ын их, дээд сургуулиудад элсэх нөхцөл
- ОХУ-ын боловсролын стандартаар ажилладаг сургуулийн төгсөгчид;
- Орос хэлийг гүнзгийрүүлэн судалдаг сургуулийн төгсөгчид;
- Орос хэлийг энгийн, бага түвшинд эзэмшсэн, ЕБС-ийн төгсөгчид;
- РЦНК-аас зохион байгуулсан орос хэл, математикийн олимпиадын ялагчид;
- Их, дээд сургуулиудын эхний дамжааны оюутнууд;
- РЦНК-ын орос хэлний дамжааны сонсогчид;
- ОХУ-ын их дээд сургуулиудын бэлтгэл дамжааны оюутнууд;
Элсэгчдэд тавигдах үндсэн шаардлага
- Бакалавр, магистр, мэргэжлийн хөтөлбөр горилогч;
- Орос хэлний тодорхой түвшний мэдлэгтэй, ОХУ-ын боловсролын стандартаар 5 (онц ), 4 (сайн ) дүнтэй төгсөгч;
- Монгол Улсын боловсролын стандартаар “А”, “В” үнэлгээтэй төгсөгч;
- Сонгосон мэргэжилд хамааралгүй 1-2 хичээлд 3 (дунд) буюу “С” үнэлгээтэй төгсөгч хамрагдаж болно.
Элсэлтийн бүртгэл
ОХУ-д суралцах сонирхолтой горилогч нь шалгаруулалтанд орохын тулд http://russia.study/цахим мэдээллийн системд заавал бүртгүүлж систем дахь анкетыг бөглөх шаардлагатай.
Элсэлтийн бүртгэл Оросын Шинжлэх ухаан, соёлын төв дээр болон Russia.Study цахим хуудсаар 1-р сараас 2-р сарын хооронд явагдана.
Элсэлтийн бүртгэл эхлэх тухай мэдээлэл 2018 оны 1-р сард дараахь цахим хуудсанд тавигдана.
Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, http://www.mongolia.mid.ru/,
Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газар (РЦНК), http://mng.rs.gov.ru/ru,
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, http://www.meds.gov.mn/frontpage
2017 онд төгсөгчид элсэлтийн бүртгэлд орохдоо дараах баримт материалыг бүрдүүлнэ.
Russia.Study цахим мэдээллийн системд орж бүртгүүлэхдээ:
- Холбогдох анкетыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх
- Анкетанд цээж зураг заавал наасан байх
- Гадаад паспортыг сканидаж хавсаргах
- Бөглөсөн анкетыг хяналтанд илгээх
Оросын Шинжлэх ухаан, соёлын төв дээр бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж очно. Үүнд:
- Гадаад паспортын хуулбар;
- Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн горилогчдын хувьд захирлын гарын үсэг бүхий 10/11 дүгээр ангийн сурлагын дүн (12-р ангийн эхний хагас жилийн дүн)-г хавсаргах
- Захирлын гарын үсэг, тамга бүхий тодорхойлолт;
- Олимпиад, уралдаанд амжилт үзүүлсэн гэрчилгээний хуулбар, сүүлийн 2 жилийн хугацаанд гаргасан амжилтын талаарх мэдээлэл;
Мэргэжлийн шалгалт зохион байгуулах
Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс хяналтын шаардлага хангасан анкет, шалгалт өгөх огноо, байрны тухай мэпээллийг Russia.Study мэдээллийн системээр дамжуулж РЦНК http://mng.rs.gov.ru/ цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан цаг тухайд нь мэдэгдэнэ.
Инженер техникийн болон химийн мэргэжлээр элсэх, горилогчид математик, химийн шалгалтанд орох бөгөөд шалгалтаа амжилттай өгсөн горилогчид орос хэлний ярилцлаганд орно. 2 шалгалтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулна.
Хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжлээр элсэх горилогчид, орос хэлний /аман/ шалгалт, ярилцлаганд орно. Орос хэлний мэдлэг хангалтгүй элсэгчдийг ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл дамжаанд 1 жилийн хугацаатай суралцуулж тэтгэлэг олгоно.
Гадаадын иргэн суралцахаар ирэхэд зайлшгүй бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт.
Сонгон шалгаруулалтанд тэнцсэн горилогчдын нэрсийн жагсаалтыг Россотрудничество агентлаг руу илгээдэг. Үүнд:
- Өнгөт цээж зураг, өргөдөл бүхий бүрэн бөглөсөн анкет; (анкет нь иргэний намтар, иргэншлийн талаар 30 орчим санал асуулгатай)
- Мэргэжлийн нэр, шифр;
- Орос болон бусад гадаад хэлний түвшин, мэдлэг;
- Бэлтгэл дамжаанд суралцах шаардлага;
- Ололт, амжилтын жагсаалт;
- 10/11 дүгээр ангийн сурлагын амжилт, хамгийн сүүлийн магадлан итгэмжилсэн тодорхойлолт;
- Дархлалын олдмол хомсдол (ХДХВ), ДОХ-ын вирусгүйг нотолсон эмнэлгийн тодорхойлолтын хуулбар;
- ОХУ-д суралцахад эрүүл мэндийн хувьд тэнцэх тухай эмнэлгийн дүгнэлт (маягт У-086);
- Гадаад паспортын хуудасны хуулбар. Паспортын хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад орж ирснээс хойш 18 сараас доошгүй байх;
- Улсын болон олон улсын уралдаан, олимпиадад шалгарсан ялагчид олгосон гэрчилгээний хуулбар;
Горилогч нь сонгон шалгаруулалтын дүн зарлагдсаны дараа http://www.russia-edu.ru/ вэб сайтаас 6 сургуулийг урьдчилан сонгоно. (Холбооны 1 дүүрэгт болон Москва, Санкт-Петербург зэрэг хотуудад 2-оос илүүгүй сургууль сонгох)