“5 хүртэлх насны хүүхдийн 61, жирэмсэн ээжүүдийн 75 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна“
Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтох "Засгийн газраас үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолыг төсвөөс дааж байгаа. Эдгээр хоол нь хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд сайнаар нөлөөлөх хүнс байх ёстой гэсэн ерөнхий шаардлагууд тавигддаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад сургууль, цэцэрлэгүүдийн хоолны хувьд зарим нэг эргэлзэх асуудлууд гарч байна.
Тухайлбал сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоолны хордлого улсын хэмжээнд гарч байгаа нийт хордлогын 40 орчим хувийг эзлэж байгаа юм. Хүүхдүүдэд өгч байгаа хоол тэжээлийн чанар аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Мөн хүүхдүүдэд бичил тэжээлийн дутагдал түгээмэл байна.
Манай улсын хүүхдүүд бусад орны хүүхдүүдээс харьцангуй намхан нуруутай байх, тураалын болон таргалалтын үзүүлэлтүүд өндөр байгаа нь хоолны шим тэжээлийн найрлагад анхаарах шаардлагатайг харуулж байна. Сургууль, цэцэрлэгүүд хоол тэжээлээ сонгохдоо, хадгалалт тээвэрлэлт дээр буруу сонголт хийдэг.
Ийм учраас хоол тэжээл гэж юу юм бэ? яагаад бид хүүхдийн хоол хүнсэнд анхаарч ажиллах шаардлагатай талаар сургалт орж байгаа.
Хоол тэжээлийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас 5-6 жил тутамд хийдэг. Энэ жилийн хувьд Д аминдэмийн дутагдал их байна. Жишээлбэл 5 хүртэлх насны хүүхдийн 61 хувь нь, жирэмсэн ээжүүдийн 75 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай.
Д аминдэмийн дутагдалтай байна гэдэг нь тухайн хүүхдийн сурах чадвар болон бие бялдрын өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд амархан ядардаг, ойлгох сурах сонирхол муутай байдаг. Иймээс эдгээр хүүхдүүдийг бичил тэжээлээр хангах нь нэгдүгээрт анхаарах асуудал болоод байна" гэлээ.