Д.Дуламсүрэн: Багш нарын цалинг нэмэх боломж төрд бий
"Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос "Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-г дэмжиж байгаагаа илэрхийлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
"Өнөөдөр Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хамгийн доод хэмжээнд байгаа. Хоёр жил ажилласан багш 384,000 төгрөг гар дээрээ авч байна. 31 жил ажилласан тэргүүлэх зэрэгтэй багш өнөөдөр 581,000 төгрөгийн л цалин авч байна.
Манай холбооноос энэ талаар олон судалгаа хийснээс үзэхэд багш нарын цалинг нэмэх боломж төрд бий. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлж, боловсрол олгож байгаа багш нартаа төр тодорхой хэмжээний мөнгө зарцуулах ёстой гэж манай холбооноос шаардаж, хүсэж байна.
Монгол Улсын эдийн засаг өнөөдөр хүнд байгааг бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ, Монголын төрд зарцуулагдаж байгаа төсвийн зардлын тайлан, статистик мэдээнүүдээс үзэхэд Монголд үр ашиггүй, төр тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлууд маш их байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан зардал 25 тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 199 тэрбум, барилгын засварт 73 тэрбум төгрөг байна. Энэ бүхнээс үзэхэд, зөвхөн төсвийн тодотголоор багш нарын цалинд гаргаж өгч болох 300 тэрбум төгрөг байгаа юм. Төр тэвчээд эхний ээлжинд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх боломж байна." гэж "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооны тэргүүн эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн хэллээ.
Дашрамд дурдахад тус холбоо нь багш нарын эрх ашгийг хамгаалах, хүүхэд, гэр бүл, сургууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор өнгөрөгч есдүгээр сард байгуулагджээ.