Хүүхдийг эрхэмлэх монголчуудын үзэл

2017 оны 10 сарын 10

 Arslan.mn

Монголчууд хүүхдээ эхийн хэвлийд байхаас хамгаалан, хүндэтгэж, төрөх хүүхдээ эрүүл саруул, амар тайван, зөв сайхан зан чанартай байлгахыг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Тиймээс ч жирэмсэн ээжид улай үл үзүүлэх, хайч, хутга, хөрөө, сүх зэрэг хурц мэс дээгүүр алхахыг цээрлэж, айлгаж ичээх, хэрүүл маргаан дэгдээх, цочоон уурлуулах зэргээс болгоомжилно. “Хүүхэд бол нэг эрдэнэ, хүмүүжил бол мянган эрдэнэ” гэсэн үгнээс Монголчууд хүүхэд нялхсаа ямар их хайрлан хамгаалдаг, асарч хүн болгоход ямар эрхэм нандин үүрэг гэж үнэлж үздэг илэрхий бөгөөд хүүхэд өсгөх үүргийг “Тэнгэрээс өндөр, дэлхийгээс зузаан, далайгаас гүн, уулнаас хүнд буянт үйл” хэмээн ном судартаа тэмдэглэжээ.

Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн арга нь дэг журмыг таниулах гэрийн сургаал бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хөтөч нь аав ээж, гэрийн ахмад хүмүүс байдаг байж. Түүнчлэн хүүхдийн насны онцлогийг харгалзан аливааг заах, дагуулан сургах, ухааруулж өсгөдөг

      Ардын уран зохиолч Т.Галсан гуайн “Идээ унд элбэг айлд хүү сөөм, инээд баясал цалгиастай гэрт хүү тохой, ирмүүн ажил дэлгэрсэн газарт хүү алд, итгэл хайр тэгширсэн орчинд хүү дэлэм өсдөг” гэсэн сургамжийг олон хүн сонссон биз. Тэгэхээр “Хүмүүжил” гэдэг нь хүн байна гэсэн үг төдийгүй өдөр тутмын харилцааны хэрэглүүр болох тул Монголчууд хүүхдийг мэдлэгжүүлж, боловсруулахаас өмнө “Хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх”-ийг чухалд үздэг. Өөрөөр хэлбэл хүнолж авсан хүмүүжлээрээ ухаан сууж, төлөвшин хурдан боловсорч болдог бол төлөвшсөнийхөө дараа хүмүүжих нь нэн бэрх гэж үздэг. Иймд хүүхэд хүмүүжүүлэх үйл хэрэгт онцгой анхаарч нас, хөгжлийн онцлогийг нь ойлгож, мэдэж, сургаж харилцсанаар “биеэ мэдэх” хүн болгоход дараах байдлаар  чиглүүлдэг байжээ.  

  1. Хүний хүн болж төлөвших хамгийн чухал, шийдвэрлэх нас 0-5 нас бөгөөд бие өсөх нь хурдан, махбод эдгэх нь амархан, эд эс идэвхтэй урган  төлждөг нас бөгөөд түүнийг ХАН ХӨВҮҮН  мэт асарч хүмүүжүүл.
  2. 6-10 насанд хүүхдийн хөдөлгөөн ихсэж, аливааг оролдох, хийх нас тул буруу үйлээс сэргийлж БИЕДЭЭ СҮҮДЭР МЭТ ДАГУУЛЖ ажил хөдөлмөрт сургаж хүмүүжүүл.
  3. 11-14 насанд хүүхэд бие даах чадвартай болж, ажил үйлийг бусдын дэмээр гардан хийх сонирхолтой үе тул “БИЕ ДААЛГАХ” аргаар хүмүүжүүл.
  4. 15-17 насанд хүүхэд том хүний нэгэн адил эрх мэдэл, үүрэг хариуцлагатай болгох нас гэж үзэх тул тэдэнтэй аль болох ЗӨВЛӨЛДӨХ, САНАА ОНООГ НЬ АВАХ хэлбэр давамгайлж хүмүүжүүлэхийг  зөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47977
0 эможи
keyboard_arrow_up